Америкт үхрийн махны зах зээлээ нээснээс болж үүссэн дотоодын улс төрийн хямралд хариуцлага хүлээхийн төлөө, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сеун-Соо 10-ны өдөр Ерөнхийлөгч Лее Миун Бакт хандан засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох өргөдөл дэвшүүлжээ. Энэ бол Лее Миун Бакийн өндөр тушаалын 7 нарийн бичгийн дарга тушаалаасаа огцорсны дараа БНСУ-ын засгийн газарт нүүрлэсэн бас нэг хямрал болно. Тушаалд ороод 100 гаруйхан хоног болж байгаа Лее Миун Бак засгийн газраа дахин эмхлэн байгуулах нь гарцаагүй болсон. Гэвч энэ өөрчлөлт нь иргэдийн дэмжлэгийг олж чадах эсэхийг төсөөлөхийн аргагүй байна гэж олон нийт үзэж байна.
БНСУ нь Америкийн үхрийн махыг импортоор оруулдаг гурав дахь том орон байсан юм. 2003 оны сүүлчээр Америкт үхрийн галзуу өвчний анхны тохиолдол илэрсний дараа БНСУ нь Америкийн үхрийн махыг оруулахаа нэг үе зогсоосон юм. Үхрийн махны зах зээлээ бүх талаар нээлттэй болгохыг БНСУ-д Америк олон удаа шаардсан боловч, БНСУ-ын тал нь галзуу өвчин зэрэг аюулгүйн шалтгаанаар хязгаартай оруулж байжээ. Энэ оны 4-р сард эрх баригч Хан Үри нам парламентад ялалт байгуулж, тал хувь гаруйн суудал эзэлсний дараа БНСУ-ын засгийн газрын байр суурь өөрчлөгдөж, 4-р сарын 18-ны өдөр Америкийн үхрийн махыг оруулах талаар хоёр орон хэлэлцэн тохиролцож, үхрийн махны зах зээлээ Америкт бүх талаар нээлттэй болгохыг БНСУ зөвшөөрсөн байна.
Үүний дараа БНСУ-ын хэсэг сонин хэвлэл болон иргэд, олон нийтийн байгууллага Америкийн үхрийн махыг оруулах нь аюулгүй байдлын асуудал үүсгэж мэдэх асуудлаар эргэлзээ дэвшүүлсэн байна. 5-р сарын эхээс Сеүл болон бусад хотуудад их олон хүн оролцсон эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал цуглаан болсон байна. Өнөө эсэргүүцлийн арга хэмжээ нь 40 гаруй хоног үргэлжилж байна. Зохион байгуулагчдын тооцоолсноор, 6-р сарын 10-ны орой БНСУ-ын хэмжээнд болсон эсэргүүцлийн цуглаанд сая гаруй хүн оролцсон юм байна.
Иргэдийн дургүйцэлд зориулан БНСУ-ын засгийн газар нь тайлбарлах, амлах зэрэг арга хэмжээнүүд авч, иргэдийг ойлгон дэмжихийг хүссэн боловч энэ хүчин чармайлт нь үр дүн маш бага байлаа. "Үхрийн махны дуулиан" дэгдсэний дараа, БНСУ-ын иргэдийн Ерөнхийлөгч Лее Миун Бакийг дэмжих хэмжээ эрс буурав. Иргэдийн түүнийг дэмжих хэмжээ Ерөнхийлөгчийн тушаалд орох үеийн 60 орчим хувиас буураад 20 хувь хүрэхгүй болсныг иргэдийн санал асуулгын шинжилгээний дүн харуулсан байна.
БНСУ-ын сонин хэвлэлийн мэдээлснээс үзвэл, иргэдийн дэмжлэгийг дахин олохын төлөө, Лее Миун Бак ойрын хугацаанд засгийн газар болон Ерөнхийлөгчийн ордны Нарийн бичгийн дарга нарын газраа өөрчлөн байгуулж, чадал ухаан нь хүрэхгүй юм уу, "Үхрийн махны дуулиан"-д хамрагдсан засгийн газрын 4 – 5 гишүүнийг огцруулан солих юм байна. Гэвч боловсон хүчний энэ зохицуулалт нь төсөөлсөн үр дүнд хүрч чадах эсэхийг төсөөлөхийн аргагүй байна. Лее Мун Бак засгийн газартаа тууштай өөрчлөлт хийж, талуудын хүлээн зөвшөөрсөн, чадал ухаантай бөгөөд ёс суртахууны талаар нэр хүнд бүхий албаны хүмүүсийг дэвшүүлэн гаргах ёстой. Үүнээс гадна, Лее Миун Бакийн засгийн газар нь мөн нийгмийн олон давхаргатай нэн илүү харилцаж, нийгмийн эвсэг зохицонгуй уур амьсгал бүрдүүлэн, улс орны хүчин чадлыг нягтруулж, засгийн газар болон улс оронд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтаар давах ёстой гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|