• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-11 21:07:34    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 21 дэх дугаар

Хятадын Олон Улсын Радио

    Унтаж чаддаггүй. Нойр хулчихав уу? гэтэл ер үгүй. Зүүрмэглэхээс л нөгөө эхийн гар утсандаа бичсэн гэрээс уншигдаад, балгас болтлоо нурсан байшингууд харагдаад болдоггүй. "Хайртай үр минь. Хэрвээ чи амьд гарч чадах юм бол ээж нь чамд хайртай байсан шүү. Үр минь энэ үгийг үүрд мөнх санаж яваарай". Цэл залуухан ээжийн хэдхэн сартай газар дээрх ганц үрдээ гар утсандаа бичиж үлдээсэн сүүлчийн үг энэ. Гэрээслэл нь энэ. Алтан сургаалтайгаа хамт үрээ элгэн тэврээд энэ эх нурангид дарагджээ. Та бод доо... Үрээ цээжээрээ хамгаалаад эх нь нурангид даргаджээ.Энэ ижий хүүгээ үхлээрээ хамгаалсан юм. Харин хэдхэн сартай үр нь амьд олджээ. Хүний эх гэдэг ийм л... Та бас сонс доо. "Миний хоёр хөл хугарчихсан, хоёр гар бас хугарчихсан. Толгой хагарчихсан, маш их өвдөж байна. Намайг гаргаад аваач". Энэ бол нурангин доороос арай ядан дуулдах, бас нэгэн хүүгийн үг. Газар хөдөлж, сүйрэл болсон Сычуаниас хийсэн зурагтын мэдээнүүд ийм л байсан юм. Ийм их эмгэнэл, уй гашууг үзэж, сонсож суугаа хүн чинь унтаж чадах уу даа. Бид энд тэнд газар хөдөлжээ хэмээн дуулсан болохоос нүдээр үзсэн нь үгүй. Тэгээд ч эртний сурвалжит үг бий. "Нүд, чих хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай" гэж. Тиймээс үзсэн, уншсан, сонссоноо би таньтай хуваалцах гэсэн юм. Хамгийн гол нь байгалийн гамшиг, сүйрэл гэж ийм байдаг юм байна гэдгийг хэлэх, сануулах гэсэн юм. Бас энэ гамшгийн эсрэг Хятадын ард түмэн яаж сөрөн зогсож, тэмцэж байгааг, дэлхий нийт яаж тусалж байгааг дуулгах гэсэн юм. Мартахын учиргүй юм гэж бас байдгаа. Тэр бол энэ. Энэ газар хөдлөлт.

    Гэрчийн мэдүүлэг тусгай цувралын "Мартахгүй, мартахын учиргүй" хэмээх бүлгийн тэргүүн хэсэг.

    2008 оны 5-р сарын 12. Даваа гараг. Наран манддагаараа гэрэлтэн мандсан зуны тунгалаг сайхан жирийн нэгэн өглөөтэй золгосон юм. Шинэ хүсэл, шинэ мөрөөдөл, шинэ бүтээлд хөтөлсөн шинэ долоо хоногийн эхний өдөр Бээжингийнхэн ажил, сургуульдаа явдгаараа явцгааж, олимпийн галт бамбар Хятадын нутгаар аялдгаараа аялж,хүмүүс ирж одсон, ихээж хөхөрсөн, дуулж хуурдсан, хүүхдүүд тоглож наадсан, нэг үгээр хэлэхэд хорвоо ертөнц жамаараа эргэсэн жирийн л нэгэн өдөр байлаа. Гэтэл үдээс хойш 15 цагийн алдад "Газар хөдөлсөн та нар мэдэв үү? гэсэн яриа өрөөгөөр нэг тараад явчихлаа. Ажилдаа болсон уу? Эсвэл ерөөс газар хөдлөхийг үзээгүй амар амгалангийн орны хүн чинь анзаардаггүй юмсан уу? Би л лав мэдсэнгүй. Харин манай өрөөнийхний ихэнх мэджээ. Хаана хөдөлсөн юм бол. Яагаа бол. Ахиад хөдлөх болов уу? гэсэн түршүүр тэрхэн зуур тараад явчихав. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сы чуаньд мужид газар хөдөлсөн гэнэ. Би Сы чуань мужийг хаана байдгийг цахим сүлжээнээс хайлаа. Хятадын өмнөд нутгийн энэ мужийн төв Чэндү хүртэл агаараар 1600 км, харин төмөр замаар 1697 км гэж тэмдэглэсэн байна. 2000 орчим км газраас Бээжинд мэдрэгдэж байхыг бодоход газар хүчтэй хөдөлж дээ. Тэнгэр минь. Газар эх яасан ширүүн шилгээх нь энэ вэ?.. БНХАУ-ын мэдээллийн томоохон байгууллагын нэг ОУ-ын радиодод нь ажиллаж байгаагийн хэрэг юу билээ мэдээ ирэхийг хүлээе. Яасан бол гэхээс хэн бүхний сэтгэл өвдөж байлаа...

    Газар хөдлөлтийн талаархи эхний мэдээнүүд ирлээ."Бээжингийн цагаар 5-р сарын 12-ны өдрийн 14 цаг 28 минутуд Сы Чуань мужийн Вень чуан сияньд 7,8 баллын хүчтэй газар хөдөлллөө." "Энэ удаагийн газар хөдлөлт маш хүчтэй Хятадын Нинся, Ганьсу, Хэ-нань, Шаань-ши, Шаньдүн, Юнь-нань, Хунань, Хубай, Чүн-чин зэрэг муж, хотуудад газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Хятадын иргэний яамны мэдээнээс үзвэл, үдээс хойш 18 цагийн байдлаар Сы Чуань, Ганьсу, Чүн Чин, Юнь нань зэрэгт 107 хүн нас барж, 34 хүн бэртгэж гэмтжээ." Ийм л мэдээ хамгийн түрүү ирлээ. Газар хамгийн хүчтэй хөдөлсөн Вэнь чуань сиянь нь мужийн төв Чэндү хотоос баруун хойшоо 100 гаруй км зайтай бөгөөд 110 мянган хүн амтай, умард өргөргийн 31 градус, зүүн уртрагийн 103,4 градуст оршдог ажээ. Манайхаар сиянь гэдэг нь сумын төв юм. Газар хөдлөлтийн мэдээ ар араасаа ирсээр байв. "Газар хөдлөлтийн дараа Хятад улсын дарга Хү Жиньтао тэр даруйд нь чухал заавар өгч, гэмтэж бэртсэн хүмүүсийг нэн даруй авчирч, гамшигт нэрвэгдсэн районы ард түмний амь нас аяулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй гэж онцолсон байна." "Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао одоо газар хөдөлсөн мужийн аврах ажлыг газар дээр нь удирдахаар явж байна". Тэр дороо л Хятадын удирдах байгууллагууд тухайлбал тус улсын Газар Хөдлөлтийн Хэрэг Үндэсний Эрхлэх Газар, Иргэний яам, Улаан загалмайн нийгэмлэг, Ардын чөлөөлөх арми болон Зэвсэгт цаөгдаагийн газар яаралтай арга хэмжээ авч, нэн шаардлагатай хүн хүч, эм бэлдмэл, эд зүйлсийг газар хөдөлтийн бүс рүү илгээв. "Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны орой Сы Чуань мужийн газар хөдөлсөн бүсийн Дү Жян-яний майханд Төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх командлалыг яаралтай хуралдуулж, гамшгаас авран туслах ажлын байдлыг судалж, нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үүрэг даалгавар өглөө". Газар хөлдөлсөн эхний өдрийн мэдээнүүд ийм байсан юм.

    БНХАУ-ын бүх ард түмэн газар хөдөлсөн бүс нутгийн иргэдэд туслах хөдөлгөөн өрнүүллээ. БНХАУ-ын бүх хэвлэл, мэдээллийн бүх суваг газар хөдөлтөд сүйдсэн нутгаас шууд сурвалжлага, тэмдэглэл, нийтлэл цацаж байлаа. Тэгэхээс ч өөр аргагүй. Бүх Хятад орон тэр аяараа газар хөдлөлтөөс учирсан гамшгийн эсрэг тэмцэж байна. Өдрөөс өдөрт газар хөдөлтөд өртөж амь үрэгдсэн хүний тоо өссөөр байна. Яг одоо таньд хүргэх энэ нэвтрүүлгийг бэлтгээд сууж байхад Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын төлөөлөгч Гүө Мэйминь "Иргэдийн засаг захиргааны яамны бүртгэлээс үзвэл, 22-ны өдрийн 10 цагийн байдлаар Сы Чуань мужийн Вэньчуаний 8 баллын газар хөдлөлтөд 51 мянга 151 хүн амь үрэгдэж, 280 гаруй мянган хүн бэртэж шархдаж, нийт 29 мянган хүн алга болсон байна" гэж мэдээлж байна. Бас түүний мэдээлэлд 22-ны 14 цагийн байдлаар Хятадын бүх шатны засгийн газар, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх гамшгаас аврах ажилд оруулсан хөрөнгө мөнгө 13 тэрбум 975 сая юаньд хүрэв. 22-ний 12 цагийн байдлаар гадаад дотоодын хандивын мөнгө төгрөг 21 тэрбум 400 сая юанийг хүлээж авсан тухай дурьдаж байна.

    Миний бэлтгэж суугаа энэ нэвтрүүлэг танд хүрэхэд газар хөдлөлтийн сүйрлээс болж нас барсан хүний тоо лавтайяа өссөн байна. Үнэхээр аймшиг. Өнөөдөр надад энэ их уй гашуу, эмгэнлийн тухай бичихэд хүнд байна. Гэхдээ бичихгүй байхын аргагүй. Үүнд сэтгэл эмзэглээд, сэтгэл сэмрээд гэдэг үг огт тохирохгүй. Харин сэтгэл минь бүр урагдчихсан байна.Үгүй ээ, та бод доо. Хятад улсын телевизын хэдэн зуун сувгаар газар хөдөлтөд өртсөн хүмүүс, нурангид дарагсдыг аварч байгаа шууд сурвалжлага, уй гашуу, харууслын нулимс, зовж шаналсан өвгөд хөгшид, хүүхэд багачууд нүд хальтрах бичлэг, харуусал гашуудлын аялгуу. Энэ бүгдийг харсан, сонссон хэний ч сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Миний л хувьд элэг зүрх минь эмтэрч байна.

    БНХАУ-ын бүх ард түмэн, бүх яам албан байгууллага, аж ахуйн нэгж газар хөдөлсөн эхний мөчөөс л гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмэн бүх талаар тусалсан юм. 22-ны 14 цагийн байлдаар хятадын бүх шатны засгийн газар 13 тэрбум 975 сая юань, гадаад дотоодын хандивын мөнгө төгрөг 21 тэрбум 400 сая юань боллоо гэж дээр өгүүлснийг та санаж байгаа байх. Энэ бол 22 өдрийн байдлаар гаргасан нэгдсэн тоон үзүүлэлт шүү дээ. Цаашаа өсөн нэмэгдэх болно. Миний ажиллаж байгаа ХОУР гэхэд 6 сая юань, эндэхийн ажилтан албан хаагчид 570 мянган гаран юаний хандив өргөсөн юм. Түүнд миний сэтгэл оролцсондоо бага ч гэсэн буян боллоо гэж бодож байгаа. Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс гаргасан мэдээнээс харахад: Дэлхийн олон орон Хятадад учирсан гамшигт хандив туслам илгээжээ. Энд 15-ны байдлаар гэхэд л Америкийн улаан загалмайн нийгэмлэг 10 сая ам доллар, Европын холбоо 2 сая евро, Германий газрын газар 1 сая 500 мянган евро, Ирландын засгийн газар 1 сая евро, Японы засгийн 1 сая 700 мянган ам доллар, Австралийн засгийн газар 1 сая австралийн доллар гээд дурьдаад байвал их урт цуваа болно. Манай Монгол улсын засгийн газар 5-р сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаараа БНХАУ-д газар хөдөлж, олон мянган хүн нас барж их хэмжээний хохирол учирсан тухай асуудлыг хэлэлцээд 50 мянган ам долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. 5-р сарын 16-нд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Юй Хуняаотай МУ-ын ерөнхий сайд Баяр уулзаж уг тусламжийг шилжүүлсэн баримтыг гардуулсан. Тэгэхэд элчин сайд Юй Хуняао "БНХАУ-ын түүхэнд хамгийн аюултайд тооцогдох газар хөдлөлтийн дараа аль болох олон хүнийг аврахын төлөө манай засгийн газар, ард түмэн чармайн ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал зэрэг зарим хүчин зүйлүүд аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа. Гэхдээ бид анд нөхдүүдийнхээ тусламж дэмжлэгээр аврах, сэргээн босгох үйл ажиллагааг амжилттай явуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Түүнчлэн Элчин сайдын яаманд хандан монголчууд сайн дураараа тусламж дэмжлэг үзүүлсээр байна. Хэдийгээр хэмжээ нь бага ч гэсэн энэ нь 2 орны ард түмний найрсаг харилцаа, анд нөхдийн сайхан сэтгэлийг илтгэж байна гэж хэллээ гэснийг цахим мэдээллээс уншихад таатай санагдаж байсан.

    "Наран тойрог" нэвтрүүлэг "Гэрчийн мэдүүлэг" тусгай цувралын "Мартахгүй, мартахын учиргүй" хэмээх бүлгийн тэргүүн хэсгийг сонсголоо. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.