Луун завины баяр буюу Чу Юаны дурсгалыг хүндэтгэх өдрийг хятадын ард түмэн 2000 гаруй жилийн турш тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин энэ жилийн хувьд анх удаагаа албан ёсны амралтын өдөр болж өнгөрлөө. Билгийн тооллын 5 дугаар сарын шинийн 5-нд тохиодог энэ баяр аргын тооллоор бол өнгөрсөн ням гаригт тохиов. Харин 2008 оны 1 дүгээр сараас мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн шинэ хуулийн дагуу даваа гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгох тогтоол баталжээ.
Луун толгойт завины баярын үүсэл гарал нь далайн эрэг дагуух Хятадын өмнөд нутгийхантай холбоотой. Энэ баярын тухай олон домог бий. Хамгийн өргөн тархсан нь Хятадын Чу гүрний үеийн төрийн их сайд, хятадын анхны яруу найрагчдын нэг Чу Юан-тай холбоотой домог болов уу. Тэгээд ч хятад хүмүүс энэ баяраа Чу Юаны дурсгалыг хүндэтгэн зонзи иддэг өдөр ч гэж нэрлэх нь бий.
Чу Юан бол МЭӨ 370-278 онд амьдарч байсан Чу гүрний Төрийн их сайд, хятадын анхны найрагчдын нэг юм. Түүний цаг үед Чу гүрэн Чин гүрний байнгын уулгалсан дайралт довтолгоон дунд оршин тогтнож байж. Чу Юан төрийн их сайдын хувиар улс гүрнээ батжуулах, тэр дундаа цэргийн хүчээ нэмэгдүүлэн хүчирхэгжүүлэхэд оройлон зүтгэж явжээ. Харин МЭӨ 278 онд Чин гүрний цэргүүд Чу гүрний нийслэлийг уулгалан дайрч эзлэх үед тэр мэдээг сонссон Чу Юан "Элсний тэвэрт" нэртэй сүүлчийн шүлгээ бичиж дуусгаад Милуо голд үйж үхжээ. Улс эх орноо хайрлан ард түмнээ зоригжуулсан агуулгатай олон шүлгээрээ ардын хайр, хүндэтгэлийг хүлээсэн их найрагчийнхаа үхэлд гашуудсан олон түмэн билгийг улирлын 5 дугаар сарын 5-ний тэр үдэш голын эргээр цуглан хүндэтгэл гашуудлаа илэрхийлж байв. Загасчид найрагчийн цогцсыг хайн модон завиараа голыг өөд уруугаа шүүрдэцгээн, эхнэр хүүхдүүд нь хулсны навчинд ороосон амтат будаа, чимэглэж будсан өндөгнүүд голд хаяж усны амьтдаас Чу Юаны биеийг бүрэн бүтнээр нь байлгахыг гуйцгааж байсан гэнэ. Бас нутгийн хөгшин оточ найруулсан дарсаа голд цутган усны амьтдын ухааныг төөрүүлэхээр оролдож байсан гэнэ. Энэхүү домгоос улбаалан Билгийн улирлын 5 дугаар сарын 5-ний өдөр ард түмэн пирамид хэлбэр гарган хулсны навчинд ороож болгосон амтат будаа буюу зонзи зооглон гэрийн дарс сөгнөн луун толгойт завины уралдаан сонирхон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Луун толгойт завины уралдаан сүүлдээ өргөжин Япон, Вьетнам, Их Британи улсуудад ч зохиогддог болж усан спортын нэгэн төрөл болтлоо хөгжиж иржээ. 1980 оноос луун толгойт завины уралдааныг үндэсний спортын төрөлд багтаан жил бүр тусгай тэмцээн зохиож "Чу Юаны цом" гардуулдаг болсон байна.
Зонзи ч Өмнөд Солонгос, Япон болон Зүүн өмнөд азийн орнуудын ард түмний дунд тархаж төрөл бүрийн амт, орцоор хачирлан өргөнөөр хэрэглэж иржээ.
|