• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-23 16:14:05    
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх тухай

CRI

      Нэг. Гар, хөл, амны өвчин гэж юу бэ? Уг өвчинд нэрвэгдвэл ямар шинж байдал илэрдэг бэ?

      Гар, хөл, амны өвчин бол голдуу нялх хүүхдүүдэд их тусдаг бөгөөд байнга дэлгэрч байдаг халдварт өвчин юм. Гэдэсний төрөл бүрийн өвчний вирусээс улбаатай байдгаар нь гэдэсний өвчнөөс үүсэлтэй халдварт өвчин гэж ч болох юм. Жирийн байдалд 5—7 сард их дэлгэрдэг.

      Гар, хөл, амны өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дийлэнх нь эхлээд халуурч, гарын алга, хөлийн ул эсэргэнэ гарч амны хөндий нь цэврүүтдэг. Зарим өвчтөнүүдэд бас ханиалгах, шингэн нус гоожих, хоолны дуршил муудах, бөөлжих, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цөөнх хүмүүст хүнд тусч тархины бүрхэвч, зүрхний булчин, уушигны үрэвсэл зэрэгт нэрвэгдэж болзошгүй тул цаг даруйд нь эмчлүүлэхгүй юм бол амь насанд аюултай.

      Хоёр. Гар, хөл, амны өвчин яаж халдварладаг бэ? Вакцин байдаг уу?

      Гар, хөл, амны өвчин янз бүрийн замаар халдварлана. Голдуу өвчтөний өтгөн шингэн, цэврүүний шингэн, амьсгалын замын шүүрэл болон гар нүүр, гал тогооны эдлэл хэрэгсэл, орны цагаан хэрэгсэл зэргээс халдварладаг байна. Уг өвчинд вакцин байдаггүй ч нэн даруй эмчлүүлбэл сайн.

      Гурав. Энэ өвчинд ямар хүн амархан нэрвэгддэг бэ?

      Ийм өвчинд 3 хүртлэх насны нялх хүүхдүүд тун амархан нэрвэгддэг. Насанд хүрэгсдийн дархлааны систем бүрэн гүйцэд байлаа ч гэсэн өвчний вируст автах тохиолдол бий. Иймээс насанд хүрэгсэд ч сэргийлэх ажлаа сайтар хийж, хүүхдүүдэд халдварлуулахаас зайлсхийх хэрэгтэй.

      Дөрөв. Гар, хөл, амны өвчин нь шинэ гарч байгаа халдварт өвчин юм уу?

      Гар, хөл, амны өвчин нь шинэ гарч байгаа халдварт өвчин биш. Харин дэлхийн хэмжээний халдварт өвчин юм. 1957 онд энэ өвчнийг таньж ингэж нэрлэсэн бөгөөд бүх дэлхийн олон оронд жил бүр ийм өвчинд нэрвэгдэж байгаа хүн гарч байна. Манай улсад 1981 оноос ийм өвчинд нэрвэгдэх хүн жил бүр гарч байна.

      Тав. Гар, хөл, амны өвчнийг эмчилж болох уу?

       Энэ өвчин 7—10 хоног болбол өөрөө аяндаа илааршдаг. Үүний улмаас өвчин үлддэггүй. Арьсан дээр нь ч сорви үлддэггүй юм. Зөвхөн хүнд өвчилсөн хүмүүс идэвхтэй эмчлүүлэх хэрэгтэй.

      Зургаа. Хүүхдэд сэжигтэй шинж байдал илэрвэл яах бэ?

      Хэрэв хүүхдэд халуурах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл нэн даруй зохих эмнэлэгт хандаж, нягт ажиглалт хийх хэрэгтэй. Ийм хүүхдийг хүүхдийн цэцэрлэг юм уу, олон нийтийн газар очуулахгүй байж бусад хүүхдүүдтэй наадаж тоглуулахгүй байх хэрэгтэй.

      Долоо. Гэр зуураа хэрхэн сэргийлэх арга хэмжээ авах бэ?

      Гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлэх зангилаа нь гэр ахуй болон орчин тойрноо ариун цэвэр байлгаж, хувь хүний ариун цэврийг эрхэмлэх хэрэгтэй. Хоол идэхээсээ өмнө болон хоолны дараа гараа сайтар савандан угааж, хүйтэн ус уухгүй, хүйтэн хоол идэхгүй байж, гэртээ цэвэр агаар оруулж байх хэрэгтэй.

      Найм. Хэрэв гэрт чинь ийм өвчин туссан хүүхэд байвал юуг онцгой анхаарах хэрэгтэй бэ?

      Өвчинтэй хүүхдийг эрүүл хүүхдүүдтэй ойртуулахгүй байх, өвчинтэй хүүхдийн нус цэр, өтгөн шингэн бүхнийг ариутгаж байж хаях хэрэгтэй. Хүүхдийн бүх эдлэл хэрэгслийг ариун цэвэр байлгах шаадлагатай. Хүүхдийн байдал хөнгөн байвал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэггүй, гэртээ сувилаад, сайхан амруулаад байхад өвчин нь аяндаа илаарших болно.

      Ес. Гэр ахуйн өдөр тутмын хэрэглэдэг эдлэл хэрэгслийг хэрхэн ариутгах бэ?

      Гэрт чинь гар, хөл, амны өвчинтэй хүүхэд байвал эрхбиш ариутгах арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдийн бүх эдлэл хэрэгслийг 50 градусаас дээш халуун усанд 30 минут дэвтээнэ. Хир буртаг болсон тоглоомын зүйл, ширээ сандал, хувцас хунарыг нь хлорт ариутгагч шингэнээр зааврынх нь дагуу өдөр бүр угааж бай. Өтгөн шингэнийг нь хүртэл сайтар ариутгаж байгаад жорлонд хийх хэрэгтэй.

       Арав. Ойрын хугацаанд гар, хөл, амны өвчинд нэрвэгдсэн хүн яагаад ийм олон болов?

       Энэ оны 5-р сарын 2-ны өдрөөс Эрүүл Мэндийн Яам нь гар, хөл, амны өвчнийг В төрлийн халдварт өвчинд хамруулан хяналтдаа байлган, ийм өвчинтэй хүн илэрвэл сүлжээний системд оруулан шууд дээд шатны байгууллагадаа мэдүүлж байхыг бүх шатны эм эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад шаардсан байна. Урьд өмнө мэдүүлэхийг шаарддаггүй бөгөөд өвчний байдал хөнгөн болохоор эмчлүүлдэггүй байлаа. Иймээс хэсэг өвчтөнийг илрүүлж мэдсэнгүй юм уу, мэдүүлэхгүй өнгөрөөд байжээ. Хуулийн дагуу мэдүүлэхийг шаардсанаас хойш, мэдүүлсэн тоо хэмжээ зохих хэмжээгээр нэмэгдсэн нь ч зүй ёсны үзэгдэл юм.\Л.Буянтогтох орчуулав\