Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын албан ёсны бус уулзалт 23-ны өдөр Сингапурт болов. Зургаан талт хэлэлцээний дарга орон, Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи хурлыг даргалаж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак И-чунь, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс, Японы Гадаад хэргийн сайд Комура Масахико, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэрчлэн БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Юу Миун Хунь нар уг уулзалтад оролцов.
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,
Зургаан талт хэлэлцээний гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны бус энэ уулзалт маш чухал ач холбогдолтой юм. Зургаан талт хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэх талуудын эрэл хүслийг харуулсан байна. Талууд Зургаан талт хэлэлцээний үйл явц болон зарим чухал асуудлаар илэн далангүй, идэвхтэй үзэл санаагаар санал бодлоо солилцсон байна. Уулзалт нь нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэн, ойлголцлоо гүнзгийрүүлж, Зургаан талт хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хурлын түргэн хуралдахад ашигтай бэлтгэл ажил хийсэн байна гэжээ.
БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Юу Миун Хунь хэлэхдээ,
Хэдийгээр албан ёсны бус уулзалт боловч уулзалт болсон нь зургаан талт хэлэлцээний механизм боловсронгуй болж байгааг харуулав гэжээ. Энэ удаагийн уулзалт нь бас Зургаан талт хэлэлцээ 2003 онд эхэлснээс хойших БНАСАУ болон АНУ-ын Гадаад хэргийн сайдын анхны уулзалт болжээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс уулзалтын дараа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, уулзалтын бодитой нарийн ширийн зүйлийг хэлээгүй. Гэлээ ч хэлэлцээний уур амьсгал "маш сайн" гэж хэлсэн байна. Уулзалтын өөр нэг чухал хүн-БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак И- Чунь ч Райстай уулзсан байдлынхаа тухай шууд яриагүй. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлэхдээ,
Гадаад хэргийн сайд Пак И-Чунь хурал дээр Зургаан талт хэлэлцээний үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэхийн чухал чанар болон талууд 9.19-ний хамтын мэдэгдэлд хүлээх ёстой үүрэг хариуцлагын тухай онцолсон байна. Тэрээр хамтын мэдэгдлийг тал бүрээр хэрэгжүүлэх БНАСАУ-ын эрэл хүслийг цаашид тодорхойлсон бөгөөд холбогдох талууд үйл ажиллагааг үйл ажиллагаагаар хариулах зарчмыг журамлахыг ч бас хүссэн байна гэжээ.
Зургаан талт хэлэлцээний дарга орны Гадаад хэргийн сайдын хувьд Ян Жэчи зургаан талт хэлэлцээний энэ удаагийн уулзалтын амжилтыг нэгтгэн дүгнэв. Тэрээр хэлэхдээ, талууд хэлэлцээгээр нийтлэг ойлголтод хүрэв. Юуны өмнө, хамтын хүчин чармайлтаар, зургаан талт хэлэлцээ үе шатны чанартай чухал амжилт хийлээ гэж талууд санал нэгтэй үзсэн байна. Хоёрдугаарт: Талууд хамтын мэдэгдэл болон хамтын баримт бичигт хүлээсэн өөр өөрийн хариуцлагаа нухацтай хэрэгжүүлнэ гэж дахин нотлов. Гуравдугаарт: Зургаан талт хэлэлцээ нь талуудын ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэх, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах, холбогдох олон улсын харилцааг хэвийн болгох тэрчлэн Зүүн хойд Азид эвсэг зохицонгуй шинэ байдлыг бий болгоход зөвшилцөл яриа хэлцэл хийх чухал тавцан бий болгож өгсөн гэж талууд үзэж байна.
Дөрөвдүгээрт: Хоёр дахь шатны үйл ажиллагааг тал бүрээр, тэнцвэртэй, шалгаж болохуйц хэлбэрээр хэрэгжүүлэхийг талууд зөвшөөрсөн байна. Тавдугаарт: Зургаан талт хэлэлцээний үйл явцыг цаашид хөгжүүлэх нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцэх тул хэлэлцээний үйл явцаар тасралтгүй шинэ ахиц гаргахад бэлэн байна гэж талууд илэрхийллээ. Зургаадугаарт: Боломж хангасан үед зургаан талт хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хурлыг хуралдуулж, хэлхээ холбоо зөвшилцлөө хэвээр байлгахыг талууд зөвшөөрсөн байна гэжээ. Бусад таван талынхан Хятадын талын зургаан талт хэлэлцээний үйл явцад гаргасан чухал, бүтээлч үүргийг санал нэгтэй өндрөөр үнэлж, Хятадын талтай цаашид хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж илэрхийлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|