АСЕАН-ы бүс нутгийн 15-р чуулга уулзалт 24-ний өдөр Сингапурт "даргын мэдэгдэл" нийтэлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалахыг онцлов.
"Даргын мэдэгдэл"-д олон орны Гадаад хэргийн сайд нар болон төлөөлөгч нар АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалт нь бүс нутгийн олон талт улс төр, аюулгүй байдалд маш чухал гэж дахин нотлоод АСЕАН-ы уг чуулга уулзалтад гол үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтын гишүүн орнууд хамтын ажиллагаагаа ахиулж, уг чуулга уулзалтын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахыг урамшуулан дэмжив. Хуралд оролцогчид, АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтын өнгөрсөн нэг жилийн чухал их дэвшил болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, аюулгүйн салбар дахь яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар, мөн гишүүн орнууд хооронд харилцан итгэлцэл тогтоох талаар гүйцэтгэсэн чухал үүрэгт сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Өнөө Ази, Номхон далайн бүс нутагт нүүрлэж байгаа уламжлалын болон уламжлалын бус аюулгүй байдлын өрсөлдөөн сорилт нь өнгөрснийхөөс нэн ээдрээтэй, холбогдох салбар нь нэн олон болсон тул уг чуулга уулзалт нь хойшид нэн бодитойгоор, нэн өргөн дэлгэр хамтын ажиллагаа хийх ёстой гэж хуралд оролцогчид үзэв.
Хурал дээр олон орны Гадаад хэргийн сайд нар болон төлөөлөгч гамшгаас авран туслах, гамшгийг багасгах асуудлыг авч хэлэлцсэн байна. АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтын бишгүй олон орон нь байгалийн гамшгийн заналхийлэлд учирч байгаа болохоор хуралд оролцогчид, уг чуулга уулзалт нь онц байдал, гамшгийг багасгах, гамшигтай тэмцэх болон гамшгийн дараах сэргэн босголтын ажлаар холбогдох олон улсын байгууллага, НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой бөгөөд гишүүн орон хоорондоо нэгдсэн бэлтгэл сургууль өрнүүлэх, техникийн тусламж үзүүлэх зэрэг хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой гэж цохон тэмдэглэв.
Хуралд оролцогчид мөн Солонгосын хойгийн цөмийн асуудал, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг авч хэлэлцэв. Солонгосын цөмийн асуудлын тухайд, хуралд оролцогчид, 9.19-ний хамтын мэдэгдлийг хэрэгжүүлж, шалгаж болох арга хэлбэрээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, холбогдох орны харилцааг хэвийн болгохыг дэмжинэ гэж дахин нотлов . 2007 оны 10-р сарын 4-ний өдөр хоёр Солонгос Пхеньянд 8 зүйлийн агуулгыг багтаасан "Өмнөд Умардын харилцааны хөгжил болон энх тайван хөгжил цэцэглэлийн тухай тунхаг"-т гарын үсэг зурсан юм. Хуралд оролцогчид өмнөд, хойд хоёр Солонгос уг тунхгийн үндэс дээр хоёр талын яриа хэлэлцээгээ хэвээр үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өмнөд Хятадын тэнгисийн асуудлын тухайд, 2002 онд АСЕАН болон Хятад улсын гарын үсэг зурсан бэлгэ тэмдгийн чанартай баримт бичиг—"Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг" нь холбогдох талуудын уг бүс нутгийн маргааныг энх тайвнаар зохицуулах амлалтыг харуулж, уг "тунхаг "-аар талуудын хооронд маш үр ашигтай итгэлцэл, итгэл тогтоосон нь тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай боллоо гэж хуралд оролцогчид дахин нотлов. Талууд цаашид чармайж, "Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн үйл ажиллагааны хэм хэмжээ"-г түргэн тохиролцохыг хуралд ороцогчид хүсэв.
Үүнээс гадна, терроризмд хүчин төгөлдөр цохилт өгөхийн төлөө, хуралд оролцогчид "АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтын терроризмтэй тэмцэх болон үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх ажлын төлөвлөгөө" хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалт нь өнөөгийн Ази, Номхон далайн бүс нутгийн албаны талын олон талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ хамтын ажиллагааны гол зам суваг юм. АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтын 27 гишүүний Гадаад хэргийн сайд нар болон төлөөлөгч уг чуулга уулзалтад оролцов. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|