Бээжингийн Олимпийн билэг тэмдэг 5 хүүхэлдэйг мэндэлсэнээс хойш дэлхий нийт хятадын уламжлалт хэв соёлын шинжийг хадгалсан фува нарыг сайн таних болсон. Харин Фу ва нарын дүрийг хятадын уламжлалт соёлын нэгэн билгэдэл Да Афу нэртэй шавар хүүхэлдэйнээс сэдэвлэн бүтээснийг тэр бүр мэдэхгүй болов уу.
Гартаа ногоон арслан барьсан, инээмсэглэсэн гэнэн төрхтэй, малигар дугуй царайтай, хятад үндэсний хувцастай Да Афу хүүхэлдэй хятад түмний дунд амжилт, аз жаргалыг билгэдэхээс гадна хүч чадал, цэвэр цэмцгэр байдлыг илэрхийлж иржээ.
Да Афу анх МЭ 420-589 оны үед Өмнөд Сүн гүрний үед үүсчээ. Жянсу мужийн Хуайшань сууринг Да Афу хүүхэлдэйн өлгий нутаг гэдэг. Тиймээс Да Афу хуайшэний шавар хүүхэлдэй гэдгээрээ дэлхийд алдаршжээ. Мин гүрний үед Да Афу хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрч түүнийг улс даяараа өргөн хэрэглэх болсон. Хуайшаны Да Афу хүүхэлдэй хийцийн хувьд олон янз. Яг л амьд юм шиг урладагаас гадна нийтэд хүртээмжтэй, чамин үзэмжтэй байдлаараа бусад нутгийн хийцүүдээс ялгардаг. Хамгийн анхны Да Афунууд маш хүндэтгэлтэйгээр суугаа байдалтай, царайд нь бурханы шашны өгөөмөр буянтай дүр тодорч, аз жаргал, амжилт гэрэлтсэн төрхтэй байдаг. Үсээ цэмцгэр самнан улаан лянхуа цэцгээр чимэглэн зангидаж, хүзүүндээ урт удаан насыг билгэдсэн түлхүүр зүүн, хөлдөө эд баялаг, эрдэм ухаан, ялалт, амжилтыг билгэдсэн эртний язгууртны хэрэглэж асан түрийтэй гутал угласан байдалтай дүрсэлдэг байжээ.
Хуайшань нутгийнхны дунд эртнээс уламжилж ирсэн нэгэн домог бий. Эртээ цагт энэ нутаг шигүү ургасан ой модтой байжээ. Ой модонд нь зэрлэг махчингууд амьдарч үе үе тосгон руу дайран тэжээвэр амьтад хийгээд хүмүүсийг ч олноор нь барьж иддэг байв. Гэтэл нэг өдөр тэдэн дээр аварга биетэй, сайхан сэтгэлтэй, элсэн хүүхэд хүрч иржээ. Тэр хүүхэд тарган биетэй, дугариг инээмсэглэсэн гэнэн царайтай. Тэгээд нөгөө махчингуудыг шууд л барьж аваад базаж байгаад залгиж орхиж гэнэ. Тэр цагаас хойш Хуайшань тосгоныхон айх аюулаас салж амар тайван жаргажээ. Харин тэднийг амар тайван болгосон Элсэн хүүхдийн дурсгалд зориулан гартаа аймшигт араатныг атгасан инээмсэглэсэн төрхтэй элсэн хүүхдийг шавраар урлан шинэ жилийн баяраар гэртээ залж жилийнхээ амар тайван, аз жаргалтай, элбэг дүүрэн амьдралыг даатгадаг болсон байна. Сүүлдээ Да Афу хүүхэлдэй орон даяар дэлгэрч Хуайшаны барималчдын хүүхэлдэй хамгийн эрэлттэй болж ирсэн түүхтэй. Нэг ширхэг Да Афу урлахад 3 хоногийн уйгагүй хөдөлмөр орно. Гэвч барималчид нь нэг сарын хөлсөнд ердөө 200 юань авдаг байж, тиймээс залуу урлаачид халшран өвлөсөн мэргэжлээ орхисоор сүүлийн жилүүдэд Хуайшаны барималчид маш ихээр цөөрөх болсон байна. Азаар Хятадын Засгийн газраас уламжлалт өв соёлоо хадгалах, хамгаалах хүрээнд дорвитой арга хэмжээнүүд авч эхэлсний үрээр Да Афу хүүхэлдэйн урлал эргэн сэргэх өнгөндөө ороод байна. Үүний нэг жишээ бол Бээжингийн Олимп-н бэлгэдэл инээмсэглэсэн төрхтэй Фува нар билээ.
|