• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-25 18:21:05    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 26 дахь дугаар

CRI

      Ред: "Олимпын бамбарын галыг яаж асаах бол" тэргүүн бүлэг.

      Ред: Өнөөдөр 2008 оны 07-р сарын 28-н Даваа гараг. Олимпын их наадам эхлэхэд 11 хоног үлджээ. Хятадын Олон Улсын радиогийн хаалгаар ороход хүн төрөлхтний спортын хамгийн том баяр цэнгэл эхлэхэд хэд хоног тэр ч бүү хэл хэдэн цаг минут дутуу байгааг харуулсан цахим самбар байдаг юм. Түүнд дээр өнөөдөр 11 хоног үлдлээ гэж тэмдэглэсэн байна. Цаг гэдэг хурдан юм даа. Саяхан л зуны 29-р олимп эхлэхэд 100 хоног дутуу байхад энэ самбарыг байрлуулж байсан юмсан. Гэтэл ердөө 11 хоногийн дараа асар их бүтээн босголт хийж, асар их бэлтгэл хийж хүлээсэн олимпын нээлтийн ёслол болох гэж байна. Арван нэгэн хоногийн дараа олимпын сүлд дуу цэнхэр дэлхий даяар эгшиглэх гэж байна.

Дуу олимпын сүлд дуу дэвсээд
Ред: Аяа спорт. Энх амгалан буюу чи
Улс түмний хоорондын сайн санаа
Эв эеийн сайхан харилцаа тогтооном чи
Эвсэл нийцэл буюу чи
Нэгдмэлийг хүсэгч хүн ардыг
Элгэн дотно болгоном чи
Бид бүхний ирээдүй
Бид бүхний итгэл найдвар болсон
Залуучуудыг энх амгалангийн
Туган дор зоригжуулнам чи
Аяа спорт. Энх амгалан буюу чи
Дуу энд тодроод дуусна.

      Ред: БНХАУ, тэр тусмаа Бээжин хот олимпын их наадмын бэлтгэл ажлынхаа сүүлчийн шатанд ороод байна. Гудамж талбай хаа сайгүй спортын их баяр цэнгэлийн билэгдэл, туг дарцгаар гоёжээ. Саяхан Хятадын Олон Улсын Радиод ажиллаж байгаа гадаад орны мэргэжилтэн сэтгүүлчдийг Олимпын хэвлэл мэдээллийн төвтэй танилцуулсан юм. Их хотын замын хөдөлгөөн сийрэгхэн болчихож. Бидний сууж яваа автобус ер саатсангүй замын бөглөрөл болсонгүй. Өө тийм, өнөөдөр чинь Мягмар гараг л даа. Долоо хоногийн тэгш өдрүүдэд мөн тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох учиртай. Харин сондгой тоогоор төгссөн дугаартай тэргүүд 1 дэх, 3 дахь, 5 дахь өдрүүдэд хотын хөдөлгөөнд оролцох ийм журам гарсан юм. Энэ журам 7-р сарын 20-ноос 9-р сарын 20 хүртэл мөрдөгдөнө. 3 сая 290 мянган авто машинтай Бээжин хотын агаарын бохирдлыг олимпын наадмын үеэр 45 хувь багасгах, замын бөглөрлийг арилгах зорилготой ажээ. Гэхдээ уг журамд нийтийн автобус, такси, гадаадын элчин сайдын яамдын тэрэгт хамаарахгүй гэж заасан бий. Тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоосон нь зөв бодлого болж, үр дүнгээ өгч байгаа нь өнөөдөр алхам тутамд илт мэдэгдэж байна. Ер нь Бээжин, хотынхоо агаарын бохирдлыг бууруулах талаар сүүлийн хэдэн жилийн турш 200 гаруй төрлийн арга хэмжээ авч, түүндээ олон зуун тэрбум юань зарцуулсан юм. Олон Улсын Олимпын Хорооны Олимпын наадмын гүйцэтгэгч дарга Фелли 7-р сарын 23-нд "Автомашины замд гарахыг хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлсэн нь Бээжингийн агаарын чанарыг сайжруулахад тодорхой үр дүн үзүүлсэнд би их гайхаж байна. Олимпын наадмын хугацаанд агаарын чанар стандарт хангана гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэж мэдэгдсэн юм. ОУОХ-ны Олимпын гүйцэтгэгч дарга зуны 29-р олимпын наадмын "Олимпын их гэр бүл" зочид буудлыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцсон юм.. Бээжин олимпын наадмын хүндэт зочид, тамирчид, төлөөлөгчид, сэтгүүлчид, үзэгчид, хөгжөөн дэмжигчид, жуулчдыг хүлээн авахад бэлэн болжээ. Нов ногоон модод, алаг цэцэгсийн хүрээлэн - Бээжин таныг угтана. "Синьхуа" хороо саяхан мэдээлж байсан. Олимпын чимэглэлд зориулж 40 сая ваартай цэцэг бэлдлээ гэж. Түүнийг Тянь Ань Мений талбай, олимпын цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоцны буудал, тойрог зам, олимпын тосгон, зочид буудлыг чимэгдэхэд зориулсан гэнэ. Ер нь Бээжин хотод 2000 оноос хойш 8800 га газарт 30 сая гаруй сарнайн бут бас нийт 10 мянган га газарт 22,7 сая мод тарьж, 46,5 сая кв метр талбайг бүрэн зүлэгжүүлсэн гэж тэмдэглэсэн байсан. Тийм байх аа тэр. Хаа сайгүй цэцэг мод.

      Ред: Та, түрүүнд анзаарсан уу? ОУОХ-ны Олимпын наадмын гүйцэтгэгч захирал Фелли "Олимпын гэр бүл" зочид буудлын нээлтийн ёслолд оролцоод гэхийг. Ер нь 2001 оны 7-р сарын 13-нд олимпын зуны 29-р их наадмыг Бээжинд зохион явуулах шийдвэр гарснаас хойш БНХАУ асар их барилга байгууламж барьж, асар их бүтээн босголт хийсэн юм. Энэ оны эхээр тодруулбал 2008 оны 01-р сарын 30-ны өдөр МОНЦАМЭ агентлаг "Синьхуа" хорооны мэдээнээс иш татаж "2008 оны зуны олимпын цогцолборуудын барилгын ажилд 13 тэрбум юань зарцуулсан гэж Бээжин хотын орлогч дарга Чен Ганг мэдэгджээ. "Шувууны үүр" гэдэг олимпын нээлт, хаалт бас гол гол уралдаан тэмцээн болон цэнгэлдэх хүрээлэнд 3,5 тэрбум юань зарцуулсан байна." гэж тэмдэглэж байсныг та ч бас уншсан байхаа.. Өнгөрсөн оны дэлхийн шилдэг 10 барилга байгууламжийн нэгээр нэрлэгдсэн "Шувууны үүр"-ийг барих ажил 2003 оны 12-р сарын 24-ны эхэлж билээ. Францын иргэн Херцог де Мёроны төслөөр баригдсан 91 мянган хүний суудалтай энэ лут том барилга энэ хавар ашиглалтад орж 5-р сарын 22-нд анхныхаа тэмцээнийг зохиож, Монголын тамирчин Сэр-Од марафонд түрүүлж билээ. БНХАУ зөвхөн олимпад зориулж спортын цогцолбор л гэхэд 37-г байгуулсны сүүлчийнх нь энэ байсан юм. Шувууны үүрийн хажуугаар өнгөрөх болгонд энд олимпын нээлт наалтын ёслол болж, таван тивийн билэгдсэн таван өнгөт сүүн цагаан туг 88 дахь жилдээ мөнх хөх тэнгэрт намирна гэж бодогддог юм. Энэ цэнхэр гаргийн хамаг шилдгүүд "Түргэнээс түргэн, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй" гэсэн уриан дор сүр хүчээ бадруулж нэгдэнэ бодогддог юм. Тэр дотор Монголын минь 29 тамирчин спортын 7 төрлөөр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, Бээжингийн олимпын тэнгэр дор эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот балбаагаа мандуулна гэж бодогддог юм. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын Төрийн балбааг жүдо бөхийн төрлөөр олимпийн наадамд оролцох ОУХМ, улсын заан Махгалын Баяржавхлан залах юм. Монгол улсын баг тамирчид 11 дэх удаагаа олимпийн наадамд улсынхаа төрийн далбааг зална. Өмнө нь чөлөөт бөхийнхөн 5 удаа, хөнгөн атлетикийнхэн 1 удаа олимпийг тугийг залж байсан бол зуны 29-р олимпын наадмыг оролцуулаад жүдогийнхан 5 дахь удаагаа энэ хүндтэй, нэр төртэй ачааг үүрнэ. Энд бас нэг зүйлийг та бүхэнд сонирхуулахад МУ-ын хөдөлмөрийн баатар, дархан аварга Бат-Эрдэнэ 1988 оны Сөүл, 1992 оны Барселона, 2000 оны Сиднейн олимпуудад Монгол улсын Төрийн балбааг залах эрхэм тэгээд бас тун ховор завшааныг 3-н ч удаа хүртсэн жүдо бөхийн тамирчин. Тэрээр одоо бол МУ-ын ИХ-ын эрхэм гишүүн, төрийн түшээ хүн. Мөн 1976 оны Монреалийн олимпад МУ-ын тугийг залсан чөлөөт бөхийн Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар Зэвгийн Ойдов, 1980 оны Москвагийн олимпад эх орныхоо Төрийн далбааг залсан МУ-ын гавьяат тамирчин Зэвгийн Дүвчин нар төрсөн ах дүү тамирчид. Олимпын тухай ийм л зүйлсийг бодсоор Бээжингийн олимпын Олон Улсын Хэвлэл Мэдээллийн хотхонд ирлээ. Би урьд нь уншиж байсан юм. Хуаюань зочид буудалд байрлах ОУХМ төв 7-р сарын 8-нд ашиглалтад орно гэж. Олимпын наадмын гол ордон "Шувууны үүр"-ийн ойролцоо орших хэвлэл мэдээллийн энэ хотхон ёстой нэг сайхан эд юм аа. Энд дутуу юм гэж ер алга.

      Бүх юм байнаа. Газар газрын сэтгүүлчид өөр өөрсдийн эх орон руугаа олимпын наадмыг шууд дамжуулахад зориулагдсан орчин үеийн бүх л тоног төхөөрөмж бүхий том том танхимууд, 1000 сэтгүүлч сууж мэдээ дамжуулах тусгай тоноглол бүхий ширээнүүд, 1000 сэтгүүлчийг зэрэг хүлээн авах цайны газар, чийрэгжүүлэлт болоод бас массажны танхим, спортын хийгээд хятадын соёл түүхийн ном товхимол, гарын авлагаар хангах номын сан, хэвлэлийн хурал хийх 1000 хүний суудалтай гол танхимаас гадна 4-н бага хурлын танхим, билэг дурсгал болоод бусад хэрэгцээтэй зүйлсийг худалдан авахад зориулсан супер маркетууд бүгд байна. Дэлхийн гол 9 хэлээр зөвлөлгөө, тайлбар өгч таньд туслах орчуулагч нар ч ажлынхаа байранд хүн бүхэнд үйлчлэхэд бэлэн байлаа. Тэд таныг Бээжинд тавтай морилохыг хүсэн ерөөж байна.

      Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг 26 дахь дугааараараа "Олимпын бамбарын галыг яаж асаах бол" тэмдэглэлийн тэргүүн бүлгийг сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.