Гэрлэх нь хүний амьдралын нэгэн томоохон үйл явдал тул эрт дээр үеэс хятадчууд гэрлэх ёслолоо өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс, заншлын дагуу мартагдахгүй сэтгэлд мөнхөд хоногшин үлдэхээр хийхийг хүсдэг юм. Сүүлийн үед Өвөр Монголын Бугат хотын залуу хосууд гэрлэх ёслолоо өвөрмөц онцлогтой хийдэг боллоо. Ер нь гэрлэх ёслол нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой боловч эгэл боргил, соёлч боловсоныг эрхэмлэх нь тэдний нийтлэг онцлог болжээ.
Өнгөрөгч 6-р сарын 21-ний үдээс өмнө, Бугат хотын Болд гудамж болон Хатан гол гудамжны оршин суугчид унадаг дугуйгаар бэр буулгах гэрлэх ёслолын гэрчлэгч болжээ. 100 гаруй хүнтэй бэр буулгах унадаг дугуйн эгнээний өмнө өнгийн цэцэгээр янзалсан шар өнгийн хос хүний унадаг дугуйг шинэ хүргэн, бэрхоёр унаж явна. Энэ бол Бугат хотод болсон унадаг дугуйгаар бэр буулгасан анхны гэрлэх ёслол байлаа. Унадаг дугуйгаар бэр буулгах эгнээ гудамжаар өнгөрөхөд хүмүүс бахархсан сэтгэлээр сонирхон харцгааж, зарим суудлын машин бүрээгээ дуугаргаж шинэ бэр, шинэ хүргэнд баяр хүргэж байлаа. Унадаг дугуйгаар гэрлэх ёслолоо хийж байгаа залуу хосыг бол Жанзэнь, Сүнь Жи-шинь гэдэг .
Бид маш баяртай байна. Бид хоёул баяр жаргалтай амьдрахыг хүсч байна. Энэ баяр жаргалаа нэн олон хүнтэй хуваалцахыг хүсч байна гэж шинэ хүргэн, шинэ бэр хэлж байлаа.
Унадаг дугуйн гэрлэх ёслолын баяр баясгалантай байдал нь оролцсон бүхний сэтгэлийг баясгаж байлаа. Оюутан Лү Гуанюй хэлэхдээ, тэдний гэрлэх ёслол нээрээ өвөрмөц онцлогтой, маш ач холбогдолтой, бүх хүмүүст насан турш мартагдашгүй хоногшсон гэрлэх ёслол болсон гэжээ.
Тансаг машин тэрэг байхгүй, бэр буулгах машин тэрэгний эгнээ ч байхгүй. Гэлээ ч ийм гэрлэх ёслолыг амжилттай, онцлогтой гэрлэх ёслол биш гэж хэн хэлж чадах бэ? Унадаг дугуйгаар бэр буулгах эгнээний хүмүүсийн хэлсэнчлэн, орчин ахуйг хамгаалах, үрж тархагүй байх ийм ач холбогдолтой бэр буулгах ёслол нь хүмүүсийн сэтгэлд мартагдашгүй хоногших болно.
Өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн Хятадын залуус аялал жуулчлалын гэрлэх ёслол, элсэн тангийн гэрлэх ёслол, усан доорх гэрлэх ёслол, унадаг дугуйн гэрлэх ёслол зэрэг олон хэлбэрийн өвөрмөц онцлогтой орчин үеийн гэрлэх ёслолыг эрхэмлэх болсон байна. Үүний зэрэгцээ Хятадын уламжлалт онцлогтой гэрлэх ёслол нь ч залуус хосуудын сонирхлыг татах болжээ. Уламжлалт гэрлэх заншлын тухай Бугат хотын ардын зан үйлийн судалгааны мэргэжилтэн Лиү-лү танилцуулж хэлэхдээ, найман хүн дамнасан сүйх тэргэнд сууна. Улаан сүйхэд шинэ бэр сууж, хөх сүйхэд шинэ хүргэн сууж, бүрээ бишгүүр хөгжимдөж, улаан эсгий тавьж шинэ бэрийг сүйхнээс буулгаж, их үдийн 12 цагт тэнгэр газарт мөргөх бол уламжлалт гэрлэх заншил мөн гэжээ.
2005 онд Бугат хотод ардын заншлаар гэрлэх ёслол зохион байгуулах анхны компани байгуулагдсанаар нэн олон залуу хос уламжлалт заншлаар гэрлэх болсон байна. Уламжлалт гэрлэх ёслолын компанийн захирал хатагтай Жао Рүймэй бэр буулгах явцын тухай танилцуулж хэлэхдээ, шинэ бэр шинэ хүргэнийг сүйхэд суулгаж, хэнгэрэг дэлдэн бүрээ бишгүүрээр хөгжимдөж, бэр буулгах эгнээ гудамжаар хөгжөөн няргаантай өнгөрөхөд оршин суугчид сонирхон үздэг гэжээ.
Саяхан Чиншань дүүргийн Лю Хүн-зэ гэдэг бүсгүй уламжлалт заншлаар хуримаа хийсэн байна. Орчин үеийн залуу бүсгүйн хувьд юуны учир хуримаа уламжлалт ёсоор хийсэн тухай сонирхоход тэрээр, өөрөө гадаадад амьдарч байсан. Охин дүү надад энд цэцэгт сүйхэд сууж уламжлалт ёсоор гэрлэж байгаа байдлыг танилцуулснаас би өөрийн гэрлэх ёслолоо уламжлалт заншлаар хийхээр шийдсэн юм гэжээ.
Орчин ахуйгаа хамгаалахыг сурталчлан ухуулсан унадаг дугуйгаар гэрлэх орчин үеийн гэрлэх ёс, эртний соёл, зан заншлаа өвлөн залгамжлахыг санаачилсан уламжлалт гэрлэх заншил нь одоогийн хүмүүсийн дээд зэрэглэлийн суудлын машины гудамжны энэ үзүүрээс тэртээ үзүүрт хүртэл жагсаан, олон ширээ засаж үрж тархаас зайласхийж, соёлч боловсон гэрлэхийн ёс учрыг хүмүүст санаачлан ухуулж байгаа юм. \Урангоо орчуулж бэлтгэв\
|