Тажикстаны Ерөнхийлөгч Емомайли Рахмон нийслэл Душанбедад Хятадын Олон Улсын Радио зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн сурвалжлагчдад ярилцлага өгч, энэ сарын сүүлчийн арав хоногт Душанбед болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын тэргүүн нарын чуулга уулзалт зэрэг асуудлаар тэдний сонирхсон асуултанд хариуллаа.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн чуулга уулзалт Душанбед болохыг хүсэн хүлээж байгаагаа Ерөнхийлөгч Емомайли Рахмон юуны өмнө илэрхийлээд, энэ нь баялаг агуулгатай, төгс амжилттай чуулга уулзалт болно гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Тажикстан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг дээд хэмжээнд чухалд үзэж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг Тажикстаны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн үзэж, эдийн засаг болон бусад салбар дахь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтын ажиллагаанд нааштай оролцоно. Душанбед болох тэргүүн нарын чуулга уулзалт дээр, олон орны тэргүүн нар өнгөрөгч чуулга уулзалтаас хойших ажлын үр дүнг хянан хэлэлцэж, олон улсын өнөөгийн гол гол асуудлаарх Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтын байр суурийг тодорхойлох бөгөөд хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх гол гол чиглэлүүдийг боловсруулан тогтоох болно. Үүнээс гадна, чуулга уулзалтаар бас гишүүн орнуудын сонирхож байгаа асуудлыг хянан хэлэлцэж, чухал ач холбогдол бүхий шинэ зорилт, шинэ санал болон хамтын ажиллагааны шинэ төсөл дэвшүүлнэ" гэжээ.
Бүс нутгийн аюулгүй байдал болон хөгжлийн явцад Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гүйцэтгэсэн үүргийн талаар Ерөнхийлөгч Емомайли Рахмон хэлэхдээ: "Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага хамтын аюулгүй байдлыг хангах, эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх, бусад улс орон болон бүс нутагт чиглээгүй аюулгүйн шинэ үзэл баримтлал хэрэгжүүлэн, терроризм, хагалан бутаргах үзэл болон хэт даврах үзэлд хүчтэй цохилт өгч байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах боловч, цэргийн эвсэл бүлэглэл байгуулахгүй, хүйтэн дайны сэтгэхүйг бүрэн орхисон улс орнуудын шинэ хэлбэрийн харилцаа бүрдүүлнэ. Аюулгүй байдлын шинэ хэлбэрийн энэ үзэл баримтлал нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын үндэс суурь нь юм. Гишүүн орнуудын хамтын хүчин чармайлт дор, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь бүс нутгийн аюулгүй байдал болон тогтвортой байдлын баталгаа болж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэж байна" гэлээ.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ирээдүйн хөгжлийн төлвийн талаар Ерөнхийлөгч Емомайли Рахмон хэлэхдээ: "Тажикстан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжлийн өргөн их хэтийн төлөвд бүрэн итгэлтэй байна. Энэхүү итгэл нь уг байгууллагын богино хугацаанд хүрсэн хамтын ажиллагааны ололт амжилтад суурилсан байгаа юм. Салбар бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн механизм болсны хувьд, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь бүх бөмбөрцгийн аюулгүй байдлын системийн салгаж болшгүй чухал бүрэлдэхүүн болж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв болох боломжтой юм" гэжээ.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын нөөц хүчнийг төсөөлөхийн аргагүй юм. Хүн ам, газар нутгийн талбай, байгалийн нөөц баялаг зэрэг талаар, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь НАТО, Европын Холбоог давсан байна. Иймээс олон улсын ирээдүйн дэг журмын үйл явц дахь уг байгууллагын үүргийг алсын хараатай улс төрчид бодолцохгүй байж болохгүй юм. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь 21-р зууны Европ, Азийн газар зүйн улс төрийн тогтоолцоонд чухал үр нөлөө үзүүлнэ гэж дэлхийн олон улсын маш олон байгууллагынхан үзэж байгаа юм гэж Ерөнхийлөгч Емомайли Рахмон тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|