• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-06 17:11:03    
"Наран тойрог" 27 дахь дугаар

CRI

      Ред: "Бээжингийн өглөөний сонин"-ны 2008 оны 4-р сарын 28-ны дугаарт "Бээжингийн олимпын наадмын бүх л үйл ажиллагааг хамгийн сүүлийн үеийн техник технилоги бүхий 700 гаруй камераар газар дээрээс нь шууд дамжуулна. Шинэ технилогоор нэвтрүүлэг дамжуулах 70 шахам нүүдлийн станц Олимпын наадмыг 3800 цаг мэдээлнэ. Энэ бол Олимпын наадмыг телевизээр дамжуулсан түүхэнд урьд өмнө байгаагүй амжилт гэж" бичиж байсансан. Тэгвэл өнөөдөр Олимпын ОУХМТ-д уг наадмыг шууд дамжуулах орон орны нэр хүнд бүхий том том агентлаг,хэвлэл мэдээллийнхэн аль хэдийн заал танхимаа авчихаж. Бидэнд тайлбарлаж явсан тус Мэдээллийн төвийн ажилтан, Япон улсын иргэн Фуживарагаас Монголын телевизийн сэтгүүлчид ажиллах тусгай танхим бий юу? гэж асуухад. МУ-аас Бээжингийн олимпыг дамжуулах хэд хэдэн телевизийн сэтгүүлчид ирнэ. Тэдний ажиллах өрөө танхим бэлэн болсон гэж хариулсан юм.

      Эндээс л Монгол орны өнцөг булан, айл өрх бүрт олимпын наадам шууд цацагдан хүрч манайхан өөрийн орны бүх тамирчдынхаа захыг нь мушгин догдлон өндөлзөнө. Эндээс л Цагаанбаатар, Наранбаатар, Бадар-Ууган, Мөнхзул, Гүндэгмаа гээд Бээжингийн олимпоос медаль хүртэж эх орныхоо төрийн дууллыг олимпын тэнгэрт эгшиглүүлнэ гэж итгэж найдсан тамирчдынхаа уралдаан тэмцээнийг харах болно. Манайхан анх 1964 онд Токиогийн зуны 18-р их наадамд оролцож байсан бол 1968 оны Мехикогийн 19-р олимпоос анхныхаа медалийг авснаас хойш 40 жилд чөлөөт, бокс, буудлага, жүдо бөхийн төрлөөр 15 медаль хүртсэний 5 нь мөнгө, 10 нь хүрэл юм. Манайхан өмнөд хөрш Бээжингийн спортын их баяр цэнгэл наадмаас спортын хэд хэдэн төрөлд медаль хүртэх зорилготой ард түмэн. Аль ч улс орон тийм байх. Үнэнээ хэлэхэд манай ард түмэн Олимпын анхны аваргатай болохыг хүсэж, ерөөлөө хэлж, тэнгэр хангайдаа идээнийхээ дээжийг өргөж суугаа. Энэ ОУХМ-ийн төвөөс Бээжингийн зуны олимпын 29-р их наадамд Монгол улсын тамирчин түрүүлж, олимпын аварга болсныг дэлхий нийтэд зарлах болтугай. МУ-ын тамирчдыг "Бээжингийн олимпын тэнгэр ивээх болтугай". Ийм л хүсэл бодолтойгоор олимпын ОУХМ-ийн хотхоноос мордлоо.

      Ред: ОУОХ-ны 112 –р чуулганаар Торонто, Парис, Истанбул, Осака хотдуудаас шалгаруулж, хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны 29-р олимпын их наадмыг Бээжинд зохион явуулах шийдвэр анх зарлагдсан 2001 оны 7-р сарын 13 өдрөөс хойш Хятадын бүх ард түмний эх орныхоо хөгжлийн бүх л салбарт шинэ шинэ амжилт гарган хүсэн хүлээсэн олимп эхлэхэд ердөө 4-хөн хоног үлдлээ. 2580 гаран хоног бэлдсэн Олимпын нээлтийн ёслол 4-хөн хоногийн дараа ертөнцийн бүх хүний мэлмий, сонорыг мялааж эхэлнэ. Одоо бол Бээжингийн олимпын бүх бэлтгэл бүрэн төгч дуусчээ.. Тэмцээн уралдаан болох ордон талбай, байрлах хотхон, мэдээллийн төв, зам харилцаа, эмнэлэг, хүнс, банк юу л хэрэгтэйв, тэр бүх зүйлс аюулгүй баталгааг бүрэн хангаж жин тан болжээ. Газар газрын тамирчид энд, гайхамшигт олимп болох Бээжинд ирцгээж байна.Манай МУ-ын баг тамирчид ч түрүүчээсээ олимпын хотхонд байрлалаа. Энэ сарын 1-нд хөнгөн атлетик, 3-нд хүндийн өргөлтийн тамирчид Бээжинд ирлээ. Өнөөдөр боксын тамирчид маань эх орноосоо өндөр амжилт гаргахын ерөөлөөр үдүүлэн мордсон. Мөн 6,7,13-нд буудлага, усанд сэлэлт, чөлөөтийнхөн Бээжинд бууна. Аливаа олимпын нээлтийн ёслол хамгийн сэтгэлд хоногшсон гайхамшигтай мөчүүдээр дүүрэн байдаг. Тийм л ГАЙХАМШИГТАЙ МӨЧҮҮДИЙН ЧУУЛГАН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН босгон дээр бид ирлээ. Тэр цагт. Олимпын тэнгэрт хорвоогийн энхийн бэлгэдэл 2008 цэгээн тагтаа далавчаа дэвэх тоолондоо аз жаргал, инээд цацан ниснэ. Тэнд бас:

"Түмэн агтны төвөргөөн" дэвсээд
Дуутай хууртай Монголчуудаас ирсэн 80 морин хуурч
Дэлхий багтсан цэнгэлдэхийн баяр дэвссэн хоймор заларна.
Галынхаа дэргэд өвгөдөөрөө заалгасан хуурынх нь
Ганцхан татлагаар ая эгшиг найрсаж
Тив тивийнхний сонорыг гайхуулж "Шувууны үүр"-ээс
Түмэн агтны төвөргөөн ертөнцийн чихнээ сонсдоно.
Энд тодроод дуусна

      Ред: Урьд өмнөх олимпын нээлтийн ёслолуудад тухайлбал, Сиднейд улаан, Афинд ногоон хувцсаар ижилсэн гангарч байсан МУ-ын баг тамирчид энэ зуны 29-р их наадамд шар, цагааны хослолоор гоёж жагсана. Тодруулбал энгэрийнхээ халаасан дээр олимпын эмблемийг шагласан шар пиджак, цагаан цамц, цагаан өмд болон юбка, цагаан сийрсэн малгай, хар ширэн бүс, хар бодинк, туфлийн хослолтойгоор алтан соёмбот төрийн далбааныхаа дор жигдэрнэ. Алтан соёмбот төрийн далбааныхаа дор гэснээс ӨНӨӨДӨР МУ-ын нийслэл Улаанбаатарт их жанжин Сүхбаатарын талбайд морин цагт олимпын баг тамирчдаа үдэх ёслол болж МУ-ын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр манай баг тамирчдыг ахлан Бээжингийн олимпад оролцох Баясгаланд төрийнхөө далбааг гардуулжээ. ӨНӨӨДӨР БНХАУ-ын нийслэл Бээжинд Олимпын хотхонд арван таван цагт Монгол улсын төрийн далбааг залах ёслол боллоо. Олимпийн тэнгэрт МУ-ын төрийн далбаа мандлаа. Зуны 29 спортын их баяр цэнгэл наадамд 205 улс орон, бүс нутгийн нийт 16000 тамирчин албаны хүмүүс оролцоно. Тэндий 10500 нь 8-24 ний хооронд спортын 28 төрлөөр 302 багц медалийн төлөө эх орноо төлөөлөн өрсөлдөх дэлхийн шилдэг тамирчид. Саяхан даа. Америкийн спортын нэр хүнд бүхий "Спорт иллюстрэйтед" сэтгүүлийн өнгөрсөн сарын 28 дугаарт "Бээжин-2008" олимпын наадамд хаанахын хэн гэдэг тамирчин алт, мөнгө, хүрэл медаль хүртэхийг спортын төрөл, зай тус бүрд нь гаргасан таамаглал нийтэлсэн байсан. Тэнд Монголын тамирчид 1 алт, 1 хүрэл медаль хүртэнэ гэжээ. Тухайлбал боксийн 54 кг-ийн жинд МУ-ын тамимрчин Энхбатын Бадар-Ууган Олимпын аварга болж, ОХУ-ын тамирчин дэлхийн аварга Сергей Водопьянов мөнгө, АНУ-ын Рассель, БНХАУ-ын Гу Юү нар хүрэл медаль авна гэж таамаглажээ.

      Нөгөө хүрэл медалийн эзнээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд барилдах манай гавьяат тамирчин олимпын хүрэл медальт Цагаанбаатарыг нэрлэжээ. Тэр жинд Холландын Рубен Хоукес алтан медаль авч, Японы Хираоки мөнгө, Гүржийн Кержиани хүрэл медаль зүүх гэнэ. Монголчууд бид цагаан хэл амнаас ихээхэн цээрлэдэг ч Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар өндөр, уралдаан тэмцээний эргэн тойронд дүн шинжилгээ гайхалтай хийдгээрээ алдартай "Спорт иллюстрэйтед" сэтгүүл ийм прогноз хийж "Монгол улс олимпын 15 медальтай ч, алтан медальгүй" хэмээн тодотгон бичиж Монголын тамирчид "Бээжин-2008" олимпын наадмаас алт, хүрэл медаль хүртэнэ хэмээн таамагласныг "амны бэлгээс ашдын бэлгэ" гэж үзэхээс аргагүй ээ. Тус сэтгүүлийн үзэж байгаагаар зуны 29 их наадмаас АНУ-ын тамирчид нийт121 медаль авна. Түүний 45 нь алт, 44 нь мөнгө, 32 нь хүрэл байх ажээ. Мөн БНХАУ-ын баг тамирчид 102 медалиар энгэрээ мялаана. Тэдний 49 нь алт, 28 нь мөнгө 25 нь хүрэл байх гэнэ. Мөн тус сэтгүүл таамаглажээ. ОХУ-ын баг тамирчид 25 алт, 28 мөнгө, 22 хүрэл медаль нийт 75 медаль зүүнэ гэж. Хэдхэн хоногийн дараа аль орны хэн гэдэг тамирчин спортын ямар төрөлд ямар медаль хүртсэн нь тов тодорхой болно. Ерөөс хүн төрөлхтний хүсэн хүлүүсэн олимп ч юу юугүй эхэллээ л дээ.

      Ред: Олимпын түүхэнд мөнхрөн үлдэх гайхамшигтай наадам зохион байгуулна гэж Хятадын ард түмэн хүссэн. Одоо тэд хүслээ биелүүлжээ. Дэлхийн орон орны төрийн тэргүүнүүд, олимпизмийн зүтгэлтнүүд, үе үеийн алдартай тамирчид Бээжингийн олимпын наадам гайхамшигтай болно гэдэгт итгэл төгс байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун энэ сарын 21-нд Нью-Иорк дахь төвдөө "Бээжингийн олимпын наадмын ордон байгууламж, талбайнууд миний үзсэн барилгуудын дортоос хамгийн сүр жавхаатай нь байна" тэмдэглэлээ. ОУОХ-ны тэргүүн асан Самаранч "Бээжингийн зуны наадам олимпын түүхэнд хамгийн сайхан нь болно гэж бодож байна" хэмээн аль 2007 онд мэдэгдэж байсныг би уншиж байснаа санаж байна. Бээжингийн олимпын наадмын бүх зүйл тов тодорхой. Зам харилцаа, унаа тээвэр, зочид буудал, тэмцээн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэн түүний цагийн хуваар, хэвлэл мэдээллийн төв, үзвэр үйлчилгээ, ирэх зочид төлөөлөгчид, тэр ч бүү хэл олимпийн үеийн цаг агаар хүртэл. Гайхамшигтай гэгдэх наадам хийхэд юу хэрэгтэйв бүгд бэлэн, бүгд шалгагдсан, бүгд шаардлага хангасан. Хэнд ч нэн тааламжтай гүн сэтгэгдэл төрүүлнэ. Харин ганцхан юмыг л урьдчилан мэдэх боломж алга. Энэ бол аливаа олимпын их наадмын хамгийн сүрлэг, хамгийн сэтгэлд хоногшин үлдэх торгон агшин- олимпын наадмын бамбар асах мөч. Олимпын наадмыг зохиосон улс орон бүр өөр өөрийн онцлогтойгоор олимпын наадмын бамбарын галыг асааж ирсэн. Харин Бээжин, олимпын наадмынхаа галыг яаж асаах бол оо. Энэ талаар тэгнэ ингэнэ гэж элдвээр таамаглаж болно л доо. Гэвч тэгмээргүй байна. Ямар ч байсан гаймшигтай болох олимпын наадмын бамбарын галыг яаж асаах нь энэ спортын их баяр цэнгэлийг хүсэн хүлээсэн хүн төрөлхтөнд барих гэнэтийн бэлгэ байх болно. Гайхамшигтай наадмын гэнэтийн бэлгэ нь гайхамшигтай байх нь лавтай.

     Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг 27 дахь дугаараараа "Олимпын бамбарын галыг яаж асаах бол" тэмдэглэл сонсголоо. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.