Хятадын үндэстнүүдийн ард түмэн "Амны бэлгээс ашдын бэлэг" гэж ямагт бэлэг дэмбэрэлтэй үгээр хүн ардаа баярлуулж байхыг эрхэмлэдэг. Гэвч энх мэндийн таван буян гэж байнга хэлж бэлэгшээж байдаг боловч таван буяны тус бүрийн дэлгэрэнгүй агуулга нь чухам юу болохыг дийлэнх хүмүүс төдийлөн тодорхой сайн тайлбарлаж мэддэггүй аж.
Таван буяныг эртний сударт тайлбарлаж буйгаар бол, нэгдүгээр нь "Урт наслах"-ын буян, хоёрдугаар нь "Баян эрхэм"-ийн буян, гуравдугаар нь "Эрүүл мэнд"-ийн буян, дөрөвдүгээр нь "Сайн ёс"-ны буян, тавдугаар нь "Сайнаар өөд болох"-ийн буян эдгээр болно. Урт наслах гэдэг нь зуурдаар нас барахгүй урт наслаж удаан жаргахыг бэлэгшээж байгаа юм. Баян эрхэм гэдэг нь эд хөрөнгө элбэгтэй баян чинээлэг байр сурьтай сайхан амьдрахыг бэлэгшээж байгаа юм. Эрүүл мэнд гэдэг нь бие махбодь эрүүл чийрэг санаа сэтгэл тайван амгалан байхыг бэлэгшээж байгаа юм. Сайн ёс гэдэг нь сайн сайхан ёс суртахуунтай өрөвч энэрэнгүй сэтгэлтэй бусдад ууч тэнүүн хандахыг хэлж байгаа юм. Сайнаар өөд болох гэдэг нь ханан гэрээсээ салаад хадан гэртээ заларахад гай барцадгүй, бие сэтгэлийн шаналалгүйгээр диваажингийн орондоо амарлангуй нойрсохоор очихыг хэлж байгаа юм.
Жирийн ойлголтоор бол, зөвхөн энх мэндийн таван буян бүрдсэн хүнийг аз жаргалтай санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байна гэж үздэг. Аль нэг нь дутах юм бол сэтгэл дундуур болдог. Жишээлбэл, зарим хүмүүс урт насалдаг ч гэсэн аз заяа хазайх юм уу, ядуу зүдүү амьдарч байдаг. Зарим нь баян ч гэсэн богино наслаж, эрүүл мэндийн байдал нь тааруухан байдаг. Зарим хүн өөрийгөө ядуу гэж сэтгэл зовдог, зарим нь баян ч гэсэн сэгэлээр унаж явдаг. Зарим нь ядуухан боловч сэтгэл баян амьдарч сайнаар өөд болдог. Зарим нь баян эрхэм амьдарч урт насалдаг боловч насны эцэс болохоороо гэнэтийн осолд өртөж, цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг байна. Энэрэлгүй алаг хорвоо гэж ийм л тэгш бус байдаг аж. Иймээс зөвхөн энх мэндийн таван буян бүрэлдэн байж, сая бүх юм бүрэн бүтэн сайн сайхан болж чаддаг юм байна. Бүх юм санаснаар болно гэдэг даан ч хэцүү. Нүгэл буян, хясал гацал зэрэгцэж оршдог хорвоо болсон юм хойно, сайн сайхны дотор муу муухай зүйл бас хамт байж, буян заяаны дэргэд бас цаг бус зүйл дагаж явдгийг мэдрэх хэрэгтэй юм байна.
Уламжлалт соёл иргэншлийн талаас үзвэл, дөрөвдүгээрт жагсаагдаж байгаа "Сайн ёс"-ны буян нь хамгийн их нөлөө үзүүлдэг юм байна. Энэрэл журам ёс суртахуунтай, ууч тэнүүн нинжин сэтгэлтэй байх нь хамгийн их заяа буян юм байна. Эртний өршөөл журамт өтгөс буурлуудын үзэж буйгаар, ёс суртахуун бол заяа буяны эх үүсвэр, үндэс улбаа байж, заяа буян нь ёс суртахууны үр өгөөж, бодит илрэл юм байна. Өгөөмөр өглөгч сэтгэл, өршөөнгүй буянч санаа нь сая нөгөө дөрвөн буянаа өнөр элбэг хураахад нь тус дөхөм үзүүлдэг юм байна.\Л.Буянтогтох орчуулав\
|