• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 17:41:39    
"Наран тойрог" 29 дэх дугаар

CRI

      Ред: Хүсэн хүлээсэн гэрэлт мөч тулаад ирэхэд, тэгээд тэр нь ийм л байгаасай гэсэн олон жилийн итгэлийг аваад ирэх ямар байдаг билээ дээ. Аая яа яа. Сэтгэлийн цэнгэл эдлүүлж, оюуны хаалгаар баяр хөөрийн урсгал сад тавиад ороод ирдэгдэг. 8-н оны 8-н сарын 8-ны өдрийн оройн 8-н цаг 8-н минутыг ганц нэг хүн биш, ганц нэг улс орон биш, ганц нэг тив биш, гариг ертөнц тэр аяараа хүлээж байв шүү. Цэнхэр дэлхий тэр аяараа хүлээсэн тэр мөч тулаад ирлээ. 2008 фөү хөгжимчин нэг зэрэг нижигнүүлэн зуны спортын их баяр, 29 дэх цэнгэл наадам БНХАУ-ын нийслэл Бээжинд эхлэх дөхсөнийг зарлан тунхаглав.

      Ред: "Шувууны үүр"-ээс гэрэл цацруулан сүүлчийн мөчүүдийг тоолж байна. Түүнийг бүх хүн төрөлхтөн амьсгаа даран, сэтгэлдээ тоолж суув. 50, 40, 30, 20, 10, сүүлийн 10 хором. 9,8,7,6,5,4,3,2,1.

      Ред: Манай гаргийнхан тэр аяараа догдлон хүлээсэн Олимпын наадам эхлэх нь энээ. Дэлхий Шувууны үүрийг ширтэж байв. Энэ нээлтийн сүрлэг ёслолыг хүн төрөлхтөн 7 жил гаран хүлээсэн. Хүлээсэн гэснээс МУ-ын "МОЦАМЭ" агентлагийн дөнгөж он гарсны дараах нь нийтэлсэн мэдээ санаанд тодхон байна. 2008 оны 01-р сарын 29-ний өдрийн гадаад үйл явдлын мэдээ байсан юм. Тэнд "Шинээр гарсан 2008 он Хятадад олимпын наадам жил төдийгүй, 8-р сард хурим их болдог үе тохиох юм гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Наймдугаар сард гэрлэгсэд их аз жаргалтай амьдардаг хэмээн хятадууд үздэгийг тус агентлаг тэмдэглэжээ. "Наймын" тоо эд баялаг, амжилт бүтээл, аз жаргал авчирна гэдэг. Иймээс хятадууд гэрлэх хийгээд маш чухал бусад ажил үйлс бүтээхэд 8 оны 8-р сарын 8-ны өдрийг хамгийн азтай өдөр гэж үздэг" гэж уг мэдээнд онцолсон байсан. Мөн цааш нь "Олимпын наадмыг ч энэ өдөр нээхээр товлосон, бас нээлтийн ёслолыг ч 8-н цагт эхлэхээр зохион байгуулагчид нь төлөвлөсөн юм.Тийнхүү "гурван наймын" өдөр гэрлэж чадсан хос амьдралаа бас БНХАУ-ын хувьд аугаа үйл явдал-Олимпын наадам наадамтай холбох юм.Тийм бололцоо насанд ганцхан удаа тохиолдоно гэж нийтээр үзэж байна" гэж бичсэн байсан нь хүсэн хүлээсэн мөч ирсэн энэ агшинд санаанд бууж байлаа. Тийм ээ, хүн төрөлхтний хүсэн хүлээсэн энэ гэрэлт мөч, эрт дээрээс бэлгэшээж ирсэн сайны ерөөлтэй алтан хором ажээ.

      Олон наймуудыг өдрийн сайнаар сонгож, сар нартай уралдан бүтээж хүлээсэн нь ийм учиртай байж. Тэгээд ч хятадууд нэгэн өвөрмөц дээд амжилт тогоолоо. Тэр нь Олимпын наадмын нээлт болсон 8-р сарын 8-ний өдөр хятад улсад 314 мянган хос гэрлэж, насан үрдийн аз жаргалтай амьдрах голомтынхоо галыг бадраажээ. Энэ талаар "Синьхуа" агентлаг албан ёсны статистакт түшиглэн мэдээлсэн юм. Тухайлбал Бээжин хотод 15,6 мянган хос гэрлэсэн нь дундаж үзүүлэлтээс 23 дахин их ажээ. Ийм бэлэг дэмбэрэлтэй үйл явдал хожим давтагдах боломж тун хомс биз ээ. Давтагдлаа ч ийм олон зуун мянган хосууд гал голомтоо асаах нь юу л бол.

      Ред: Бээжин хотод нэгэн өдөр хамгийн олон хос гэрлэсэн өмнөх дээд амжилт нь 2006 оны 12-р сарын сарын 18-нд гэж тэмдэглэсэн байдаг гэнэ. Тэр өдөр нийслэлд 4500 орчим хос гэрлэжээ. Бахархмаар юм аа. Ер нь Бээжингийн 29-р олимпийн нээлт урьд өмнөх олимпуудаас илүү олон дээд амжилт тогтоосноороо гайхамшигтай байлаа. Тэр өдөр түүхэнд хамгийн олон хос гэрлэлээ. Нээлтэд хамгийн олон орны төр, засгийн тэргүүнүүд мориллоо. Хамгийн олон орон, бүс нутгийн тамирчид уг олимпад оролцохоор нээлтийн ёслолд жагссан нь бас нэг дээд амжилт байлаа. Бас хамгийн сүүлийн үеийн техник технилогийг ашигласан байлаа. Урьд өмнөхөөс хавьгүй олон үзэгч дэлхийн өнцөг булан бүрээс зурагт болон интернетээр үзлээ гээд бичээд байвал нилээдийг дурьдах болно.

      Ред: Бээжин олимпын бэлтгэл бүрэн төгс хангасан гэж наадам эхлэхээс олон хоногийн өмнө тайлагнаж байсан. Сэтгүүлчид ч бас тэгж мэдээлж байсан. Мэдээлэх нэг хэрэг. Олимпын бэлтгэл хэрхэн хангагдсанг уралдаан тэмцээнд оролцож байгаа тамирчин, багш дасгалжуулагч, мэргэжилтнүүд, эх орноо төлөөлж ирсэн албаны хүмүүс л үнэнийг хэлнэ. Яагаад гэвэл тэд олимпад, тэдэнд зориулан барьсан ордон, цэнгэлдэхэд нь уралдаж, зориулан барьсан тосгонд амьдарч, зориулан зохицуулсан замаар явж, зориулан бэлтгэсэн хоол хүнсийг нь хэрэглэж, зориулан тоноглосон мэдээллийн танхимаас нь эх орон ругаа мэдээ дамжуулж, зориулан бэлтгэсэн дэлгүүр хоршоо,эмнэлэг, холбоо, үсчин, угаагын газраар нь үйлчлүүлж байгаа улс. Тиймээс МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпад оролцож байгаа баг тамирчдын ахлагч Баясгалантай утсаар ярилцахдаа энэ сэдвийг хөндсөн юм.

      Ред: Олон жил хүлээсэн олимпын наадам, олон шинэ дээд амжилтыг тэмдэглүүлж эхэлсэн шигээ спортын олон төрлүүд олон шинэ амжилтын эздийг алдрын тавцанд гарган үргэлжилж байна. Спортын дэлхийн дээд амжилтыг эвдэх нь ОЛИМП өөрийнх нь хүсэн хүлээсэн мөч байдаг. Иймд Бээжингийн зуны олимпад тогтоосон гэж олимпын түүхэнд мөнхрөн үлдэх дээд амжилтууд хүндийг өргөлт, ус гээд олон төрлүүд алтан үсгээр бичиглэж байна. Цаашид ч зогсолтгүй үргэлжлэх болно. Бас тамирчин хүн олимпын медаль авах, тэр тусмаа алтан медаль хүртэнэ гэдэг улс орных нь бахархал. Энэ цэнхэр гаргийн 204 орон бүс нутгийн 10500 гаран тамирчид спортын 28 төрлөөр 302 багц медалийн төлөө өрсөлдөөд 10 хонолоо.

      Ихэнх медалиуд эзэддээ очлоо. Дэлхийн хамгийн хүчтэй, хурдтай, бяртай тамирчдын энгэрт, тэндий нэгэн насны бахархал болон гялалзаж байна. Улс орон болгон эрхэм дээд олимпын медаль авах тэр агшинг хүлээж суусан. Олимпийн тэнгэрт улс орных нь төрийн далбаа асаж, төрийн дууллыг нь дэлхийн хүмүүс босож чагнах мөчийг хүлээж суусан. Манай Монгол улс ч ялгаагүй. Спортын 7 төрлөөр оролцож байгаа 29 тамирчдаа сайны ерөөлөөр дөрөөг нь мялааж, итгэл найдвараа өвөрлүүлж үдсэн. Тэр итгэлийг маань МУ-ын гавьяат тамирчин Отрядийн Гүндэгмаа анхалж биелүүллээ. Монгол улсын төрийн далбаа 2008 оны 8-р сарын 13-ны үдээс хойш Бээжингийн олимпын тэнгэрт заларсан юм. Энэ бол Монголын ард түмний хүсэн хүлээсэн мөч байлаа. Олимп эхлэхийн өмнө Гүндэгмаа гавьяатын медаль хүртэх боломжийн талаар МҮОХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, сэтгүүлч Отгонцагаан ингэж ярьж байсансан.

      Ред: Хэд хэдэн олимпад МУ-ынхаа баг тамирчдыг удирдаж оролцсон, хаа явсан газраа үзэг цаас нийлүүлж, аливаа уралдаан тэмцээнийг газар дээрээс нь сурвалжилж уншигчиддаа хүргэдэг, спортын сэтгүүлч Отгонцагааны дүгнэлт үнэн байв шүү. Отгонцагаан тэгэхэд манай жүдочдоос медаль авна. Яагаад гэвэл тэд олуулаа, 11-үүлээ ирсэн. Бас манай бүх жүдочид дэлхийн цом болоод дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэцгээсэн. Тиймээс хэн нь ямар ч медаль авч болно. Бидний найдвар, итгэл гэж байсан юм. 2008 оны 7-р сарын 13-нд олимпын 6 дахь өдөр. Жүдо бөхийн эрэгтэй -100 кг эмэгтэй -78 кг бокс 64 кг-ийн жинд мөн урт бууны төрөлд хийгээд усанд сэлэлтийн 100 метрийн зайд манайхан өрсөлдсөн юм. -100 кг-гийн жинд барилдсан ОУХМ Найдангийн Түвшинбаяр олимпын аварга боллоо. Олон жил хүлээсэн дээ, олимпын аваргыг монголчууд. Тэр хүсэл биеллээ. МУ-ын түүхэнд анхны олимпийн аварга төрлөө. Энэ бол үнэхээр гайхамшиг. Түвшинбаяр ард түмнийхээ олон жилийн хүсэл мөрөөдөл, итгэлийг биелүүллээ. Энэ мөчийг бид 44 жил хүлээсэн. Олимпын тэнгэрт МУ-ын төрийн дуулал эгшиглэж, газар газрын үзэгчид суудлаасаа босч сонслоо. МУ олимпын аваргатай боллоо. Бээжингийн зуны олимп ид дундаа. Монгол улсын төрийн дуулал Бээжингийн олимпын дэвжээнээс олон удаа эгшиглэж, МУ-ын алтан соёмбот төрийн далбаа Бээжингийн олимпын тэнгэрт олон удаа мандах болтугай. Тэр л агшин Монголчууд бидний хүсэн хүлээсэн мөч.

       Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг 29 дэх дугаараа "Хүсэн хүлээсэн мөч" тэмдэглэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.