Баярлалаа Бээжин, баяртай. Лондонд уулзацгаая.
Ред: 8 оны 8-н сарын 8-ны оройн 8 цаг 8 минутад дэлхий ертөнцийн бүх мэлмий, сонорыг мялааж сүрлэг бадрангуйн туйлаар нээлтээ хийсэн хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны 29-р их наадам, өнө эртний түүхт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр орой буюу 8-н сарын 24-ны оройн 8 цагт хаалтын ёслолоо хийлээ. Нээлтийн ёслолоороо цэнхэр гаргийн бүх сэтгэлийг хөвсөлзүүлэн догдлуулсан шигээ Бээжингийн олимп, хаалтаа ч үзсэн, сонссон бүхэнд нэгэн насанд мартахааргүй гүн гүнзгий сэтгэдэл үлдээлээ. Бүтэн 16 хоног спортын 28 төрлөөр 302 багц медалийн төлөө өрсөлдсөн дэлхийн хамгийн мундагууд, хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэйгээ шалгаруулаад нутаг нутгийн зүг хүлгийн жолоо эргүүлж байна. Тэд Бээжинд "Сайн явж ирэв үү? Танайхан хэдүүлээ ирэв" гэж асууж, уулзалдаж байсан бол өнөөдөр "За хэдэн медальтай буцаж байна?" хэмээн лавлаж, бие биендээ баяр хүргэж, тэврэлдэн салцгааж байна. "Алтан" гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Бээжингийн олимпын наадамд 204 бүс нутаг, эх орноо төлөөлөн оролцсон 16000 гаран албаны хүмүүс, тамирчид бүгд "Баярлалаа Бээжин, баяртай. Эргээд Лондонд уулзацгаая" хэмээн гар даллан мордож байна.
Ред: Олимпийн хотхон, уралдаан тэмцээн болсон цэнгэлдэх хүрээлэнгүүдээр бишгүйдээ нэг явлаа. Гадна дотны үзэгдчид, жуулчид, багш дасгалжуулагчид нэгэн дуугаар Бээжингийн олимпын наадам үнэхээр сайхан боллоо гэж дуу алдан, шагшин магтацгааж байсан. Сэтгэл тэнэгэр наадна гэдэг нээрээ сайхан даа. Бүрэн төгс бэлтгэл хангагдсан, бүрэн төгс зохион байгуулагдсан наадмаас л хамгийн өндөр амжилт гардгийг Бээжингийн олимп нүдэн дээр харууллаа. Үгүй ээ.Та бод л доо. Олимпын 11 дэх өдрийн дараах буюу 19-ны байдлаар дэлхийн дээд амжилтаас 36, олимпын дээд амжилтаас 74-ийг эвдээд байсан. Мундаг байгаа биз. Энэ чихэнд чимэгтэй мэдээг Бээжингийн олимпыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгчид Ван Вей газар газрын сэтгүүлчдэд дуулгасан юмдаг. Бас тэр үед спортын гимнастик, трамплинаас үсрэлт, туяалзуур жад, байт харваа зэрэг олимпын 14 спортын 38 төрөлд аваргууд тодорч, түүнээс 41 орон алтан медаль хүртэж, 73 орны тамирчид ямар нэгэн медалийн эзэд болоод байгааг ч хэлсэн. Бээжингийн олимп эхэлсэн өдрөөс л дээд амжилтууд эвдэгдсэн юм. 29-р спортын наадам үргэлжилсэн хэд хоногт дэлхийн чихийг дэлдийлгэсэн сонин хачин алхам тутамд хөглөрч, гайхам амжилт мөч тутамд тохиож байв шүү. Үүний зах зухаас сонсогчидтойгоо хуваалцахгүй байхын аргагүй.
Ред: Олимпын анхны алт, анхны дээд амжилт.
Ред: Олимпын хамгийн гайхамшиг нь эв нэгдэл, ялалт амжилт бүлгээ. Бээжингийн олимпын наадам эхэлсэн өдрийн 10 цаг 55 минут. Яг энэ мөчид зуны 29 дэх спортын их наадмын анхны алтан медальтан, анхны рекорт амжилтын эзэн тодров. Дэлхий нийтээр уухайлан олимпын дээд амжилт, олимпын анхны алтан медальтанг тосч авав. Энэ өнө хожмоо дурсагдах амжилтыг Чехийн буудлын спортын тамирчин Катерина Эммонс эмэгтэйчүүдийн хийн урт бууны тэмцээнд 503,5 оноогоор авчирсан юм. Эхний өдөр гэхэд л нийт 19 орны тамирчид медаль хүртсэний 2 нь олимпын дээд амжилтыг эвдсэн хоёр тамирчны энгэрт алтран гялалзаж байлаа. Нөгөө нэг рекордыг олимпын наадмыг зохион явуулагч эзэн орны тамирчин Чэнь Шейшя бүсгүй байлаа. Эх орондоо энэ олимпын наадмын анхны алтан медалийг авч ирсэн Ченнь Шейшя хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр 212 кг-ийг өргөж олимпыг дээд амжилтын эзэн болсоон. БНХАУ-ын олимпын наадмаас авсан анхны алтан нь олимпын амжилт эвдсэн үнэ хүндтэй медаль байсаан.
Ред: Олимпийн "хамгийн"- "хамгийн"
РЕД: Наадмын зохион байгуулах хорооны мэдээлснээр, Бээжингийн олимпын уралдаан тэмцээнд оролцож байгаа хамгийн намхан нуруутай эрэгтэй таимрчин нь Гана улсын боксчин 22 настай Бастие Самир ажээ. Тэр 141 см өндөр гэнэ. Хамгийн өндөр нуруутай нь Хятадын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин 226 см өндөр Яо Мин байжээ. Энэ төрөлд эмэгтэйчүүдийн дунд "шагналтууд" бүр олон байв гэнэ.Тэднээс Хятадын усанд үсрэлтийн таимрчин Роулин Чен 136 см-ээр хамгийн намхан тамирчнаар шалгарсан бол харин тавын таван бүсгүй 202 см-ээр хамгийн өндөрт тооцогджээ. Тэд бол Өмнөд Солонгосын сагсан бөмбөгчин Юн Жу Ха, Оросын сагсчин Екатерина Лисина, Мария Спетанова, мөн Оросын гар бөмбөгийн тамирчин Екатерина Гамова, Юллия Меркулова нар байжээ. Эрэгтэйчүүдээс хамгийн залуу нь Сейшалийн арал улсын усанд сэлэлтийн таимрчин 13 настай Дуэйн Бенжамин, хамгийн настай нь Японы мморин спортын тамирчин 67 настай Хироси Хокутсу нар болжээ. Мөн Бээжингийн олимпад оролцсон хамгийн хөнгөн эрэгтэй тамирчин нь Өмнөд Солонгосын зүлэгний хоккейн шигшээ багийн төлөөлөгч Сен Юн Хо бөгөөд тэр 45 кг жинтэй байсан гэнэ. Хамгийн "лакс"биетэй нь Гуама арлын жүдочин 181 кг жинтэй Риккардо Блас байжээ. Эмэгтэйчүүдийн хамгийн "хөнгөн"-өөр Хятадын усанд үсрэлтийн тамирчин Ван Синь 28 кг-аар тогтоожээ. Харин Украины хүнд атлетикийн тамирчин167 кг жинтэй Ольг Коробка хамгийн хүнд нь байсан гэнэ.
Ред: Одоо биднийг дэлхий таньж, мэддэг болсон.
Ред: Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны 29-р наадмын талбайд олон орны тамирчид анх удаагаа түрүүлж, олимпын аваргатай болохсон гэсэн эх орон ард түмнийхээ хүсэл мөрөөдөл, итгэлийг биелүүлсэн юм. Тэдний заримаас дурьдахад Бахрейний тамирчин Рашид Разми олимпын наадмын хөнгөн атлетикийн 1500 метрийн гүйлтийн төрөлд 3:32:94 секунтын амжилтаар аваргын алтан медаль хүртэж, Бахрейн улсын түүхэнд олимпын анхны аварга болж, Бээжингийн тэнгэрт Төрийнхөө дууллыг анх удаа эгшиглүүллээ. Эх орондоо олимпын наадмын анхны алтан медаль авчрах тийм их хувь заяаг Панамын тамирчин Ирвинг Жахир Саладтно Арандо бас хүртсэн юм. Тэр энэ наадмын хөнгөн атлетикийн уртын харайлтын төрөлд 8 м 34 см хол харайж Төрийнхөө дууллаар олимпын тэнгэрийн сонорыг мялаасаан. МУ-ын тамирчин Найдангийн Түвшинбаяр жүдо бөхийн -100 кг-ийн жинд, мөн боксийн 54 кг-ийн жинд, Ази тивийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт Монгол улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган нар олимпын гайхамшгийг бүтээж, Монголын ард түмний 40 гаран жил хүсэн хүлээсэн олимпын алтан мядалийг эх орныхоо цээжинд бүр хосоор нь зүүж, алдрын тавцангийн хамгийн өндөрт зогсож, Монгол төрийн алтан соёмбот далбааг олимпын тэнгэрийн хамгийн өндөрт мандуулсан юм. Тэгэхэд дэлхий, өөрийнхөө нандин, эхэмсэг, сүрлэг бадрангуйн туйл аялгууг чангасан юм. Тэр бол МУ-ын төрийн дуулал байлаа.
Ред: МУ-ын Төрийн дууллыг ертөнцийн бүх хүмүүс хоёронтоо хүндэтгэн сонсож байхад МУ-ын даяар ард түмэн, дэлхийн өнцөг булан бүрээс
Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжин, үүрд мөнхөжнө. Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол улсаа мандуулъя. Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур, хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая. Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай улс мандтугай.
хэмээн түрэн төрийнхөө дууллыг мөнх хөх тэнгэртээ сонсголоо. Дээр мэлтийх мөнх хөх тэнгэр, ертөнцийн бүх хүмүүсийн хамт анхааралтай чагнаж байна лээ. Одоо олимпын алтан медаль хүртсэн орнуудыг тэр дундаа нэг дороос хос аалт хүртсэн Монгол улсыг минь дэлхийн түмэн олон таньж, мэддэг боллоо.
Ред: Дэлхийн хамгийн хурдан хүмүүс Ямайкийнх.
Ред: Ямайкийн хөнгөн атлетикийнхан дэлхийн хамгийн хурдан нь гэдгээ харин ч нэг нотолж өглөө, энэ олимпын үеэр. Олимпын наадмын хөнгөн атлетикийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд тус орны тамирчин Усайн Болт дэлхийн дээд амжилтийг эвдэн түрүүлсэн юм. Тэр эвдсэн амжилт нь 5-р сарын 31-нд өөрийнхөө тогтоосон 9,72 секунд байсан юм шүү дээ. Түүнийгээ 8-р сарын 16-нд 0,03 секунтээр богнисгож 9,69 болгочих нь тэр. 8-р сарын 20-нд мань эр 200 метрт 19,30 хурдалж дэлхийн амжилтыг эвдчихлээ. Тэр нь одоогоос 12 жилийн өмнө АНУ-ын нэрт тамирчин Майкл Жонсоны тогтоосон 19,32 секутын амжилт байсан юм. Олимпын түүхэнд өмнө нь ердөө 3-хан удаа тодруулбал 1936 онд Берлинд АНУ-ын Жесс Овенс, 1972 онд Мюнхенд тэр үеийн ЗХУ-ын Валерийн Борзов,1984 онд Лос-Анжелест Карл Левайс нарын гаргасан 100 ба 200 метрт түрүүлсэн домог болсон амжилтыг Бээжингийн олимпад давтах нь энэ. Гэхдээ дэлхийн болон олимпын дээд амжилтыг эвдэж шүү. Өнөө цагийн хамгийн хурдан хүн одоо дөнгөж 22 настай цэл залуу гэхээр, бас түний барианд орохоосоо өмнө ялалтаа тэмдэглэж байгаа зэргийг харсан мэргэжилтнүүд төдийгүй үзэгчид бүгд Ямайкийн Усайн Болтод өшөө их боломж байгааг бахархан шагшин гайхах намжаагүй байхад эмэгтэйчүүдийн 200 метрт мөн Ямайк бүсгүй Вероника Кампбелл-Броун түрүүлснээс гадна, эмэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтэд бас л Ямайкийн бүсгүйчүүд бүр алт, мөнгө, хүрэл гээд эхний 3-н байрны медалиудыг бүгдийг энгэртээ гялалзуулчихлаа. Бас эрэгтэйчүүдийн 4х100 мертийн гүйлтэд нөгөө Ямайкынхан чинь 37,10 секунт гүйж дэлхийн дээд амжилтыг эвдэж олимпын аварга боллоо. Харин энэ төрөлд тус улсын эмэгтэй багийнхан алдаа гаргаж түрүү ч үгүй болсон юм. Тэгэхээр Ямайкынхан яахын аргагүй дэлхийн хамгийн хурдан хүмүүс ажээ.
Ред: Жинхэнэ сорууд л гайхамшгийг бүтээдэг.
Ред: Тийм ээ. Жинхэнэ сорууд л өөрсдийгөө ялж, гайхамшгийг бүтээж, хүмүүст бэлгэлэдэг. Саяны бидний ярьсан Усайн Болт үүний тод жишээ байв. Бээжингийн олимпад хөнгөн атлетикийн гүйлтийн 3 төрөлд оролцохдоо гурвууланд нь дэлхий болон олимпыг рекодыг эвдсэн түүний тухай шагшиж байна. 100, 200 метрээр тогтохгүй 400 метр ч уралдаж дэлхийн дээд амжилт тогтоож, спортын түүхэнд урьд хожид байгаагүй амжилт гаргаж, нэрээ үүрд мөнхлөх боломжтой залуу гэж. Тиймээ 2163 гэсэн дугаартай, шар мактай уралдаж гайхамшгийг бүтээж, хүмүүст бэлгэлэсэн энэ Ямайк залуу Бээжингийн олимпын нэгэн бахархал болон тэмдэглэгдэв.
Ред: Бээжингийн олимпоос төрсөн дэлхийн сор болсон хүмүүсийн нэгэн бол яахын аргагүй Майкл Фелпс. Одоо энэ усанд сэлэгч Америк залууг мэдэхгүй хүн гариг ертөнцөд нэгээхэн ч үгүй. Түүний нэгэн олимпоос 8-н алтан медаль авсан, урьд өмнө бүх үеийн турш хүн төрөлхтөн гаргаж үзээгүй амжилтыг дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэл цацсан. 8-р сарын 10,11,12,13,15,16,17-н Афины олимпоос 6-н алтан медаль хамж байсан Майклын дэлхийг бишрүүлсэн өдрүүд байлаа. Одоо хорь гаранхан настай энэ залуу манай гариг дээр амьдарч байгаа бүх хүмүүсээс ганцаарахнаа олимпын наадмын 14 алтан медальтай. Домог хүн. Олимпын аваргын алтан медальтай домог болсон тамирчид олон бий л дээ. Тэгэхдээ дэлхийд 9 алттай 6 алдартан байдаг болохоос биш 14-тэй нь ер үгүй. Хорин гуравхан насандаа гайхамшгийг бүтээж, хөшөө дурсгалаа өөрийнхөө хүч хөдөлмөр, тэвчээр хатуужлаар босгосон Майкл Фелпс өөрийнхөө намтрыг бичиж хүмүүст хүргэх гэнэ.Дөрвөн жилийн дараа 2012 оны Лондоны олимпоос оролцсон бүх зайндаа алтан медаль авахыг хэн ч үгүйсгэхгүй. Амьд домог гэдэг энэ буюу.
Ред: Гайхамшгийг бүтээсэн, энэ дэлхийн жинхэнэ сор хүмүүсийн нэг нь Оросын тулгууртай харайлтын тамирчин Исинбаева байлаа. 2784 дугаартай гайхамшигт нислэг хийсэн энэ орос бүсгүйн амжилт Бээжингийн зуны 29-р олимпын наадмын нэгэн нэрийн хуудас болон мөнхөрлөө. Тэр 5 метр 5 см дээгүүр гарч өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг эвдэж, хүний боломж хязгааргүйг харууллаа. Ийм л хүмүүс өөрсдийгөө ялж, гайхамшгийг бүтээж, хүмүүст өргөн барьдаг билээ.
Ред: Нэг төрлийн бүх медалийг хамчихлаа.
Ред: Орос бүсгүй Исинбаева гэснээс ОХУ-ын эмэгтэй теннисчид "Бээжин-2008"-ийг чимсэн супер амжилт гаргалаа. Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн бүх медалийг тэд хамчихлаа. Энэ нь зуун жил тохиогоогүй амжилт байсан юм. 1908 онд их британчууд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан энэ төрлийг эзэгнэсэн гэдэг. Бусад төрлийн ийм амжилтыг тоочвол Ямайкийн 100 бүсгүйчүүд, мөн Америкийн 400 метрийн халхалттай гүйлтийн эрчүүд бүгдийг авсан. Тэгвэл энэ ч бас гайгүй байж. Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд олимпыг зохион байгуулагч орны тамирчид бүр эрэгтэй, эмэгтэй бүгдээрээ алт, мөнгө, хүрэл гээд бүх медалийг хамж Бээжингийн олимпын бас нэгэн чимэг боллоо.
Ред: "Элсний волейбол" төржээ.
Ред: Зуны 29-р олимпын элсний гар бөмбөг үзэж суусан давхар биетэй бүсгүй гэнэт тавгүйрхэж, түргэн тусламж ирж амжаагүй байхад амаржжээ.Одоо эх, хүүгийн бие сайн байгаа бөгөөд сонин тохиолдлын эзэн болсон шинэ иргэнд Элсний волейбол гэсэн нэр хайрлажээ.Бээжингийн олимпын наадмын талбай дээр шинэ иргэн мэндэлсэн бэлгэтэй сайхан тохиол байхад төрсөн өдрөөрөө уралдаж явсан тамирчин бас байх юм. Спорт алхааны 20 км-т уралданн Хятадын гүйгч Ван Хао-д "Шувууны үүр"-т цугласан 90 мянган үзэгч төрсөн өдрийн дуу дуулж өгчээ. Тэр өдөр Ван Хао 19 нас хүрчээ.Бас ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол улсын иргэн Шагдаржавын Магван Бээжингийн олимпын наадмын үеэр 81-ны нас сүүдэр зооглосон юм.
Ред: Хүн төрөлхтний спортын түүхэнд ЭГНЭШГҮЙ гэсэн тодотголтой тэмдэглэгдэн үлдэх "Бээжин-2008" гайхамшгуудын бэлгэлээд өндөрлөлөө. Зуны 29-р спортын их баяр цэнгэлд оролцсон 204 орон, бүс нутгийн хүчтэнүүүд ялалт,амжилтаар ганзгаа дүүргээд мордоцгоолоо. Манай Монгол улс 2 алт,2 мөнгөн медаль хүртэж, олимпад оролцсон бүх орнуудаас 31-д жагсаж, урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт гаргалаа. Өнөөдөр дэлхий ертөнц "Баярлалаа Бээжин, баяртай." гэж нэгэн дуугаар хэлж байна.
Ред: "Наран тойрог" 30 дахь дугаараараа "Баярлалаа Бээжин, баяртай. Лондонд уулзацгаая" тэмдэглэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.
|