Хүлээхийн сайхан хүсэлдээ
Халхын сайхан нутгийн дуунаас нь, Халхын яруу сайхан хэллэгийг ном шүлгээс нь таньж, халгиж, цалгилсан хайр ундруулдаг тэр нутгийн ард түмэнтэй танилцахын хүсэл хөврүүлэх юутай сайхан.
Шар хулгана жилийн эхэнд Монгол улсынн Улаанбаатар хотноо зохиогдсон Хятадын ӨМӨЗО-ы соёлын өдрүүдийн арга хэмжээг мэдээлэх үүрэг хүлээсэн бид Улаанбаатар зочид буудалд замаараа харгасан "Монголын мэдээ" сонины сурвалжлагч Уянгатай санаанаас гадуур уулзан алсхийн баярласан юм. Нэгэн нэгнээсээ ойлгохыг хүссэн зүйл даанч олон байснаараа ар араас нь асуулт лавшруулжээ. Дараа өдрийн дайллагын завсраар Уянга хажууд ирж намхан дуугаар "эгч ээ, сурвалжлагаас гадуур юм асууя, гадаадад айлчлах азтай боломж зохих түвшинтэй байр суурьтай хүнд олдоход амар, харин жирийн сурвалжлагч болсны хувьд би залуу бага насандаа таны тэнд хүрч хэвлэл мэдээллийн байдлыг ойлгоё, суралцъя гэвэл ямар арга зам байдаг вэ?" гэлээ. Энэ нь надад ч гэсэн тулгамддаг асуулт, асууя гэхэд асуух хүн олдохгүй байсан болохоор түүнд ханамжтай хариулт өгч чадсангүй билээ. Улаанбаатарт хэдхэн хоногийг морин довтлогоор өнгөрөөж соёлын өдрүүдээс өөр хоногшсон зүйл гэж даанч хомсдоод сэтгэл гонсгор буцсан билээ.
Монголынх ийм гэнэ, халхчуул тийм гэнэ гэх дамын яриа, явуул зоог махайхны дунд яригдаж л байдаг. Зуу сонсохоос нэг үзэх гэдэг. 5-р сарын 26-30-ны өдөр болтол Монгол улсын Орхон аймгийн "Шинэ мэдээ" сонины сэтгүүлчид Өвөр монголд айлчилсан дашрамд ажил нэгтэнтэйгээ найзархах, үзэг нэгтэнтэйгээ сурвалжлагыг сонирхон миний хүсэл зохих хэмжээнд биеллээ олов.
Ойлголцохын сайхан сэтгэлдээ
Харьцуулан сонирхох явцад бидний ойлголцол гүнзгийрч байлаа. Хятад Монгол хоёр орны сонин, эрхлэх зорилтоос үзэхэд бид намынхаа дуу хоолой мөн гэдэг бол тэд сониноо төр, ард түмний хоорондын гүүр гэх, ард түмний дуу хоолой болж байна гэдэг. Иргэдээс эрхэлсэн сонины удирдах тогтолцоо, зар сурталчилгааны орлого, малжих нутаг дахь тархаалт зэрэг нь манай анхаарлыг татаж байсан бол тэд нар анхаарлаа Хятадад ирж яваа Монгол улсын иргэдэд хандууж, Хөх хотод суугаа Монгол улсын ерөнхий консулын газарт, Хөх хотын Хянганн замын үндэстний бага сугуульд, Өвөр монголын хятад монгол эмнэлэгт сурвалжлага хийхдээ монголчууддаа өгөх сануулга юу байна гэж зөндөө асууж байлаа. Өвөр монголын одон телевиз Монголд цацагддаг болохоор тэр нь тэд нарт Өвөр монголыг ойлгодог цонх болж байгаа юм. Тэд нар телевизийн монгол редакци, орчуулга, авиалгын газартай танилцаж, мэдээллийн хэрэгслийн асар түргэн хөгжил, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг биширч байсан.
Өвөр монгол дахь сурвалжлагын аяны тэмдэглэл хэлбэрээр чөлөөтэй бичих бодолтой яваа Д.Цэнд-Аюуш: "Хөрш монгол туургатныхандаа айлчилж, туршлага солилцох болсондоо азтай санагдаж байна. Өвөр монгол маань хөгжлийн эрч хүчээрээ улам сайн хөгжөөсэй гэж хүсэж байна, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, ажилдаа эзэн болдог Өвөр монголын сэтгүүлчидээс сурах юм олон байна гэсэн юм.
Монгол улсын орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч, "Шинэ мэдээ" сонины ерөнхий редактор С.Шаравдорж Монгол улсад Их хурлын ээлжит сонгууль болох гэж байгаа дашрамд сониноороо дамжуулан нэр дэвшигчдийг сурталчлах, хойшлуулж үл болох ажилтай байснаар хойно ирнэ гэж тохирсон байлаа. Ажлаа түр түвэхнүүлж Эрдэнэт-Улаанбаатар-Эрээн-Хөх хот хүрэн олон зуун км замыг хоёр хоногт товчилж ирж байгаа сургаар бид Хөх хот-бугат чиглэлийн хурдны замын уулзварт түүнийг тосон угтлаа.
Зочид бүрдэж Чингис хааны онгон орох аялал сайхан ерөөлтэй эхэлсэн байлаа. Замын тоосыг нь гөвцгөөсөн "сайн дурын уран сайханч нар" Халх олон сайхан дуунуудаар аяны замыг эвхэж билээ. Аялал дунд манайх танайхаар эхлүүлсэн зоог мөн хөггжилтэй. Хэвлэлийн эрх чөлөө, удирдлагын ажлын алдааг сонинд нийтэлж залруулах учрын тухай бүр ч өөр өөрийнхөө үзэл бодлоо дэлгэж найрсаг мэтгэлцээн болов. Чингис хааны онгон орох зам зуур ойжуулалтын эрчим, хүн ардын ажилсгийг тэд гайхан шагшиж явсан, холоос хуйлран тоосрох шороон шуургын тухай яриа ч өрнүүн. Танилцуулга харилцан солилцоход хятадыг монголоор, монголыг кирилээр, кирилийг монголоор хөрвүүлэх ажлууд машин давхианы дагуу зам турш түргэн явагдаж байлаа.
Чингис хааны онгоны жуулчлалын бүсэд олон овог аймгийн нэгтгэсэн газрын зургийн өмнө Шаравдорж гуай ийнхүү ярилаа, Чингис хааны ариун сүнсний тахил нь энд байдаг, төрсөн газар нь Монгол улсад байдаг, Монголын жуулчлалын хувьд хөгжүүлж судлах зүйл зөндөө байгаа, суут хүн Чингис хааны онгоноо дэлхийн хэмжээнд алдаршуулж болох гэж үзэж байна гэсэн гсэн билээ.
Ирээдүйн сайхан итгэлдээ
С.Шаравдорж гуай сонины 10-аад сэтгүүлчээ гадаадад гарч нүд нээлгэхийг амласан байжээ. Тэгэхдээ юуны өмнө Монголын онгон байгаль, хүн ардтай танилцаж, дараа нь өөр улсад тархан оршин суудаг монгол ястнаа ойлгож мэдээрэй гэж алсын бодолтой төсөвлөж, 4 жилд монгол улсын газар нутагтайгаа танилцаж, сонины анхны дугаар хэвлэж эхэлсэн 10 жилийн ойдоо энд ирж байгаа. Дараагаар ОХУ-ын Буриад улсад очих юм байна. Энд хамтын ажиллагааны эх үүсвэрийг тавилаа гэдэгт итгэлтэй, Монгол улс зогсонгүй байдлаас ангижирч, хөгжил зүг тэмүүлж байна гэж бид хамтдаа итгэлтэй байлаа. Хотжилт, орчин үечлэх эринд монголын уугуул үгэнд байгаагүй зүйлсийг даруйханн нэрлэж амжихаас өмнө их хэлний орчинд дөт дөхмийг бодож, шинэ зүйлийг хятадаар, тэд нар оросоор нэрлэж дадсан буйгаа нуултгүй мэдэрцгээлээ. Тэгэх тусам монголчууд өөрийн бодолтой оршин тогтнох юунаас чухал гэдгийг зүрх голоосоо зөвшөөрч, үүнийхээ төлөө ажиллах амьдрах сэтгүүлчдийн жаргал зовлонгоо хуваалцаж явсансан.
Хоёр хоногийн аялалд "Сүүдэр үргээсэн хайр" –ыг сүлд дуу болгоё гэж хамтдаа хангинуулж, дуулж наргихдаа "Намайг түрээрэй" гэдэг үнэнч сэтгэлийн ойлгыг нь сурчихаж, дагаагүй тохиолдол боломжид "Утгаа алдана" гэдэг аман уншлагыг нь ч сурчихсан байлаа. Өдөр тутмын амьдрал, цалин хөлсөөс бүсгүйчүүлийн анхаарал хандуулдаг гоёл заслын зүйлийн тухай зоог дэлгэж бүр ч дотно үерхжээ. Тэгэхдээ ажил нэгтний үүднээс л биш, сэтгэлээрээ найзархаж, хожимдоо ч ийм гэж итгэн байлаа.
6-р сарын 4-нөөс 24 болтол Монгол улсад УИХ-ын сонгууль болох болохоор, сэтгүүлчид маань буцмагц толгой өндийлгүй ажиллах захиа авч буцах болсон юм. Дээдсээс өвлөсөн монгол үг нь нэг гэхэд бичиг нь өөр өөр болохоор бид имайлдаа захиагаа монгол үгийг латинаар авиалж харилцахаар шийдэж, уйгаржин монголыг урсам уншдаг Т. Цэцэгмаа, англиар цагаарсан Н.Нарангэрэл, цангинам хоолойтой Б.Туул, алиархан дэгжин К.Мөнхжаргал, арван гурав сүлжсэн урт гэзэгтэй Г.Цолмон, компьютероос салдаггүй Б.Дуламсүрэн, шог жүжигчний авьяастай Б.Дуламрагчаа, нэрт сэтгүүлч, яруу найрагч Д.Цэнд-Аюуш нартай Даланхар уулын элгэнээс дахин уулзах ерөөл тавьж аярлаж билээ.
|