• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-29 14:51:33    
Спортын оддын түрийвчийг сөхөхүй

CRI

      Бээжингийн Олимпийн 8 алтан медалийн эзэн Майкл Фелпс-г энэ удаа дор хаяж 40 сая долларын албан ёсны шагналын мөнгө хүлээж буй. Америк улсын үндэсний баатар аргагүй. Гэхдээ энэ тоо ирэх жилүүдэд түүнийг тосон хүлээж буй орлогуудтай харьцуулбал гар цайлгах бэлэг төдий. Фелпсийн ард маркетингийн нүсэр баг ажилд дараастай ид бужигнаж буй. Америкийн 7 хоног тутмын үндэсний спортын хамгийн том сэтгүүл Sports Illustrated түүнтэй арилжааны гэрээ хэдийн байгуулж шинэ дугаарынхаа нүүр хуудсыг 8 алтан медалиа зэрэгцүүлэн зүүсэн зургаар нь чимэглэж амжлаа. "Үлэмж тооны алтан медаль хүртсэн анхны агшинд танд юу бодогдож байв" гэсэн сэтгүүлчийн асуултад усны ханхүү "юуны өмнө бургер, шарсан төмстэй идэж кола уучихмаар санагдаж байлаа" хэмээн хүүхдэрхүү инээмсэглэн хариулж байна. Америкийн түргэн хоолны сүлжээ McDonalds-тай байгуулсан гэрээнийхээ хүрээнд тэрээр ийн хариулах учиртай байж. Бүх л салбар нь арилжааны утгаар хөгжин хэдэн зууныг элээж буй Америк улсын их аваргын маркетингийн багийг оволзсон их ажил, сая сая доллар хүлээж байна.

      Харин одоо спортын салбартаа нээлттэй бодлого хэрэгжүүлж эхлээд удаагүй, өнөө хир спортын зарим төрлийн тамирчид нь "улсын өмч"-д хамаарах хууль, журам мөрдөгддөг өмнөд хөршийнхөө тамирчдын түрийвчийг сөхөж үзье.

      1984 оны Лос-Анжелосын Олимпод чөлөөт буудлагын төрлөөр оролцсон Шу Хайфен эх орондоо олимпийн анхны алтан медалийг өвөртлөн иржээ. Олимпийн анхны аваргыг нутагт нь үндэсний баатрын алдар нэр, тэрбум хүний хайр бахархал, дээр нь 9000 юаны мөнгөн шагнал угтсан гэдэг.

      Бас сарын 50 юаны цалин нь 98 юань болж өсчээ. "Тийм их мөнгө аваад би саятан болсон шиг санагдаж байсан" хэмээн Дугуйн болон туялзуур жадны спортын төвийн дэд захирал хийж буй Шу Хайфен 24 жилийн өмнөх түүхийг дурсчээ.

      Гэтэл өнөөдөр цаг даанч өөр болж!

      Шу-гаас хойш 130 гаруй тамирчин олимпийн алтан медалийг энгэртээ гялалзуулж улсынхаа төрийн дууллыг Олимпийн тэнгэрт эгшиглүүлэв. Forbes сэтгүүлийн Хятадын 2007 оны баячуудын жагсаалтын тамирчдын хэсгийг Яао Мин 380 сая юан /55,3 сая доллар/-ын орлогоороо тэргүүлсэн байна. Түүний араас 160 сая юань-ы орлогоор гүйлтийн ханхүү нисдэг хочит Лью Шан удаалжээ.

      Шу Хайфэн, Яао Мин нарын тэнгэр газар лугаа орлогын зөрүүгээс Хятадын эдийн засгийн шинэчлэл хийгээд спортын салбартаа хийсэн нээлттэй бодлогын үр дүн тодорхой харагдана. Шу олимпийн аварга болсон тэр үед Хятадын нээлттэй бодлого эхлэл төдий, улс орон нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай хэвээр байсан. Харин тэр жилүүдэд буюу 1981 онд төрсөн Яао, 83 онд төрсөн Лью нарыг өсч өндийн их спортын тавцанд төрийнхөө далбааг өргүүлэх цагт улс нь зах зээлийн эдийн засгийн үр шимийг хүртэж чадсан дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орны нэг болсон байлаа. Тэдний амжилт ч зах зээлийн жам хуулиар үнэлэгдсэн хэрэг.

      "Тэр цагийг өнөөтэй харьцуулах нь тун утгагүй зүйл" хэмээн Хятадын Олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Вэй Жизонг уцаарлангуй хэлсэн байдаг. Шу-н үед түүнийг нүүр царайгаа болгох хүсэлтэй компани, брэнд гэж байсангүй. Харин өнөөдөр шударга тэмцлийн билэг тэмдэг болон нийгэмд хүрсэн алдарт тамирчны дүр төрхөөр дамжуулан бараагаа сурталчлах хүсэлтэй компани, брэндүүд тоогоо алджээ.

      Хятадын спортын зүтгэлтэн асан Вэй "Шу алтан медаль хүртсэнээрээ хятадын энгийн олноос лав хамаагүй дээр амьдрах болсон. Цалин нь нэмэгдсэнээс гадна улсын шигшээ багийн тамирчны хувиар хоол унд нь хүртэл өөрчлөгдсөн. Гэтэл дэлхийн аваргын тэмцээнд 5 удаа хошуучилж байсан эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн багийнхан ямар ч урамшуулалгүй үлдэж байсан шүү дээ" гэсэн байдаг.

      Олимпийн наадмын урт хугацааны ивээн тэтгэгч Кока кола компани 1986 онд, Адидас пүүс 1987 онд Хятадын зах зээлд орж ирсэнээр тус улсын спортын шинэ бодлого амжилттай хэрэгжихэд томоохон хөшүүрэг болсон түүхтэй.

      Яао бол арилжааны зах зээлийн хөгжлийн үр шимийг гарцаагүй хүртэж яваа тамирчдын нэг. Түүний ерөнхий менежэрээр үеэл эгчийнх нь нөхөр, Чикаго хотод спортын бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн Занг Минжи ажиллаж маркетингийн багийг нь ахалдаг.

      Яао-г Houston Rocket болон Reebok-той худалдааны хэлэлцээр байгуулахад Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн профессор Жон Хуйзинга оролцон тусалж байсныг дэлхийн хэвлэлүүд шуугин мэдээлж байсан нь саяхан. Ийнхүү олон улсын хэмжээний өндөр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг ажиллуулсны үрээр Яао санхүүгийн асуудлаа гойд сайн зохицуулж чаддаг тамирчин гэгдэх болжээ. Forbes-н хамгийн баян тамирчны жагсаалтыг 5 жилийн турш тэргүүлж буй нь ч үүнийг гэрчилнэ. Reebok, Pepsi, Coca cola, Visa, Apple, Garmin, Mcdonalds гээд Яао Мин-тэй арилжааны гэрээтэй брэндүүдийн нэрс үргэлжилж буй. Яао Мин бас Хятад улсдаа хандсан буяны зарим хөтөлбөрүүдийг харамгүй санхүүжүүлдэг. Хамгийн сүүлд Сычуаны газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулсан буяны санд 2 сая доллар хандивлажээ.

      2007 оны турш байгуулсан арилжааны нийт гэрээ хэлэлцээний мөнгөн дүнгээрээ нисдэг хочит Лью Шан, Яао Мин-тэй бараг зэрэгцэнэ. Лью Шаны бизнесийн асуудлыг Хятадын хөнгөн атлетикийн холбоо хариуцан зохицуулдаг. Хятадын Спортын Ерөнхий хорооны мөрдөж ирсэн хууль журмын дагуу Лью Шан олсон орлогоо дасгалжуулагч Сун Хайпин, түүнийг их спортод хөтөлсөн Шанхай хотын спортын хороо болон Үндэсний хөнгөн атлетикийн холбоотой хуваалцах ёстой. Бараг ижил хэмжээний худалдааны гэрээ байгуулж чаддаг хоёр тамирчны орлого хэд дахин зөрүүтэй гардгийн учир ийм.

      Үүнийг "Хятадын онцлог"-той хөгжлийн бодлоготой холбон тайлбарлахаас аргагүй. Хятадын сагсан бөмбөгийн спорт хөгжлийн зүй тогтлоо бусад төрлүүдээ бодвол эрт олжээ. Яао Мин Америкийн NBA-н тамирчин. Тэрээр үндэсний шигшээ багт хамаардаггүй, зөвхөн томоохон арга хэмжээ, тоглолтуудын үед ирж тоглоод буцах гэрээтэй. Харин Лью бол үндэсний шигшээ багийн гишүүний хувиар үндэсний тогтолцооны тамирчин. Өөрөөр хэлбэл Лью Шан "улсын өмч тамирчин".

       Сүүлийн үеийн шинэ залуу тамирчид үндэсний спортын тогтолцооноос ангид бие даасан байр суурьтай байхыг эрмэлзэх болжээ. 2005 онд болсон World Snooker China Open-d түрүүлж нэрд гарсан 21 настай Дин Жунхуй ийм тамирчны жишээ юм. Дэлхийн Снүүкерийн Холбоо Дин Жинхуйг дэлхийн шилдэг снүүкерийн тамирчны 11-рт жагсаажээ.

      Түүний эцэг Бин Вэнжун тамхины бизнесээс олсон бүх л орлогоо хүүгийнхээ спортын амжилтад зарцуулж азаа үзэхээр шийдсэн гэдэг. Тэр бас Яао Миний санхүүгийн төлөөлөгч Лу-г хөлслөн ажиллуулахаа ч мартсангүй. Олон улсын тэмцээн наадмуудаас олсон Дин Жинхуйн өнгөрсөн жилийн орлого 4.8 сая юанд хүрсэн нь азын тэнгэр ивээснийг гэрчилнэ.

      Ийнхүү Хятадад хүүхдээ их спортод оруулан өөрсдөө ивээн тэтгэх хүсэлтэй гэр бүлүүдийн тоо улам нэмэгдсээр. Баян гэр бүлүүд спортын төрлүүдийн талаар нарийн нягт судалгаа хийж, спортын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байна. Үүнтэй зэрэгцэн Хятадын Үндэсний спортын хороо ч бодлогоо боловсронгуй болгох чиглэлд анхаарч байгаа... \С.Энхцэцэг. Бээжин хот\