ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн наймдахь хурал 28-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед боллоо. Хятад улсын Дарга Хү Жиньтао хурал дээр "Өнө үүрдийн энх тайван, хамтаар хөгжин цэцэглэсэн эв зохицонгуй бүс нутгийг хамтаар байгуулъя" гэсэн сэдвээр чухал үг хэлсэн байна. ШХАБ-ын 6 гишүүн орны тэргүүн нар ШХАБ-ын Душанбен тунхаг зэрэг барим бичигт гарын үсэг зурж, хамтын албан мэдээ нийтэлжээ.
Хү Жиньтао хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, ШХАБ нь байгуулагдсанаас хойших 7 жилд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахаар чармайж, уг бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тус төхөм үзүүлснээр, бүс нутгийн улс төрийн байдал, аюулгүйн орчин ахуй, хөгжлийн байдал тодорхой хэмжээгээр сайжирлаа. Олон улсын одоогийн байдлаас үзвэл, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь уг бүс нутгийн улс орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэх юм гэжээ. Эв нэгдлээ бататгаж, сайн хөршийн урт хугацааны найрамдал, хамтын ажиллагааны гэрээг тал бүрээр хэрэгжүүлж, өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эв зохицонгуй бүс нутгийг байгуулахыг гишүүн орнуудад хандан Хү Жиньтао уриаллаа. Үүнтэй холбогдуулан Хү Жиньтао 5 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал: Стратегийн зөвшилцлийг эрчимжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх. Аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг нягт болгож, бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалах. Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтаар хөгжих. Нийгэм, соёлын хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлж, найрамдлын гүүр байгуулах. Нээлттэй зарчим хэрэгжүүлж, бүс нутгийн эв найрамдлыг хамтаар байгуулах зэрэг болно.
Терроризмын эсрэг нэгдсэн сургуулилт хийх, зэр зэвсэг, сум дарь, тэсрэх бодисыг хууль бусаар наймаалахад хамтаар цохилт өгөх тухай хэлэлцээрт уг уулзалтын үеэр гишүүн орнууд гарын үсэг зурсан бөгөөд ШХАБ-ын банкны нэгдсэн цогц болон Европ, Азийн хөгжлийн банкны түншлэлийн харилцааны үндэс суурийн тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ дээд уулзалт дээр хэлэхдээ, терроризмд цохилт өгөх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлэх, нийгэм, соёлын солилцоог эрчимжүүлэх нь ШХАБ-ын гол зорилт болно. ОХУ удахгүй ШХАБ-ын даргалагч орон болох гэж байгаа. Орос талуудын хамтаар энэ дээд уулзалтаар тогтоосон зорилтуудыг чармайн биелүүлнэ гэжээ. Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов хэлэхдээ, ШХАБ Афганистаны байдалд нэн түлхүү анхаарч, терроризм болон мансууруулах бодисыг нууцаар хил даван наймаалах ажиллагааг эх үүсвэрээс нь таслан зогсоож, Афганистаны эдийн засгийг хөгжүүлэн, аюулгүй байдлыг хамгаалахад дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, 2003 оны 9-р сард гишүүн орнууд нь олон талын эдийн засаг, худалдааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Өнөө, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж эхлээд байна. 2003 оноос 2007 онуудад Хятад улс болон ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын худалдааны хэмжээ нь 4,4 дахин нэмэгджээ.
21-р зуунд улс орнуудын харилцаа улам нягт болж, аюулгүй байдал болон хөгжил салшгүй холбоотой болсон. Хамтын сорил заналхийллийг аргацаах үр ашигтай арга хэмжээг гишүүн орнууд судалж хайх болно гэж уг дээд уулзалтын Душанбен тунхагт онцолжээ.
ШХАБ-ын 4 ажиглагч орон Монгол, Иран, Пакистан, Энэтхэгийн удирдагчид буюу тэдний төлөөлөгчид, ШХАБ-ын энэ оны даргалагч орон Тажикстаны зочин Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нарын зэрэг хүмүүс энэ дээд уулзалтад оролцлоо. ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 9-р хурал 2009 онд ОХУ-ын Екатеринбург-т болно. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|