 Хятадын Олон Улсын радио гадаадын хэсэг сэтгүүлчдээ баг
Хятадын Олон Улсын радио гадаадын хэсэг сэтгүүлчдээ баг болгон Гүйжөү мужтай танилцах аялалд томилон илгээсэн юм. Энэ багт АНУ, Герман, Лаос, Малайз, Монгол, Тамил, Чех зэрэг орны сэтгүүлчид багтжээ. Ингээд энэ өдрөөс эхлэн Танд аялалынхаа зурган тэмдэглэлийг хүргэх гэж байна. Өнөөдөр бол аялалын эхний өдөр. Өглөөний 7 цагт эхэлсэн энэ өдрийн арга хэмжээ үдшийн саран мандуулаад өндөрлөлөө. Бүтэн өдөр бүрэн завгүй өнгөрчээ.
 Шинэ ногоогоо худалдахаар өглөөний зах руу явж байсан нутгийн эмэгтэй сэтгүүлчдийн эхний олз байв
Гүйжөү мужийн удирдлагуудын мэдээллийг сонсохоос бидний аялалын маршрут эхлэх учиртай байлаа. Буудлаас гараад унаагаа хүлээх зуурт өглөөний зах руу ногоогоо үүрэн алхаж явсан нутгийн эмэгтэй бидний анхаарлыг татав. Дамнуурган дээр өглөө хураасан ногоогоо тэнцүүлэн үүрсэн тэр эмэгтэй яах аргагүй энэ нутгийн онцлог.
 Чех сэтгүүлч Иванатай
Аливаа нутаг ус бүхэн өөр өөрийн онцлог давуу талтай. Гүйжөү мужийн хувьд Хятад улсын "зуны зуслан" хэмээсэн албан ёсны өргөмжлөлтэй аж. Нов ногоон уулс, цэвэр тунгалаг уснаас гадна зундаа сэрүүн, өвөлдөө дулаан уур амьсгал нь ийнхүү өргөмжлөгдөх шалтгаан болжээ.
 Чиняний эртний хот, уламжлалт хүнсний захтай хослоно
Ногоогоо зарахаар яарсан нутгийн эмэгтэйтэй таарсанаас эхэлсэн бидний өнөөдрийн аялал мяао үндэстний түүх соёлын музей, Жиньян дүүрэгт орших хотын ерөнхий төлөвлөгөөний үзэсгэлэн, Хуаши дүүргийн нутгийн онцлогийг тусгасан цэцэрлэт хүрээлэн, Чинян дүүргийн эртний хот гэхчлэн үргэлжлэв. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн эрхэм Та өнөөдрийн авсан гэрэл зургуудыг минь сонирхон таална уу.
|