"Ногоон модонд нь хөхөө донгодсон, номин ойд нь ангир шунвасан, манай Цахар найман хошуу гэдэг яасан сайхан нутаг юм даа. Уул ус нь хөхрөн туналзсан, уудам тал нь ногоорон хөхөрсөн, манай Цахар найман хошуу гэдэг яасан сайхан нутаг юм даа."
Дэлгэрэх зуны 7-р сард элс манханы эх нутгаар зугаалж, Цахар нутгийн өвөрмөц сайхан байгаль ахуйд уусч, Хубилай хааны зусаалд зуны халуунаас зайлаж, Лигдэн хааны цахар түмэнтэй нутгийн зоог наргиж, амьдрал ахуйтай нь ойртож, баярланхан, дууланхан, догдлонхон, уяранхан явснаа нэг ёсны жаргал гэж олзуурхаж байна.
Сангийн далай суурины Ганган тал гацааны Хаг нуурын зуслан гэж Монгол нутгийн зуны хураангуй зураг, Монгол амьдралын жижиг музей шуухан бодогдлоо. Нутаг явцуу энэ нутгийн малчид зуслангийн бэлчээрээ хамтаар эзэгнэж, нүүдэл малжлын соёлоо хамгаалан өвлөж уламжилж байгаа нь үнхээр амаргүй байлаа. Дээдл хүрсэн ус нь ч дэлхийд дуссан тос юм шүү. Тэнгэр бурхан хур борооноо харамнаж, сар шахам улайлгаж шарсан гэсэн ч манхан нутаг даацтай болхоор өнгөтэй өөдтэй хэвээр. Тал хөдөө цэлгэрч, тугал ишиг майлж, саалийн өнөр ангилан, сайхан зун жаргасан миний Монгол нутаг л сайхан юм даа.
Таван хошуу малаа тэгш бүтэн авч яваа нь Ганган талынх. Төрийн хамгалалтанд орсон тэмээг усан дээр харлаа. Үзсэнгүй удлаа шүү гэсэн шиг хараагаа цоортол ширтэж, аппратынхаа цэнгийг дуустал дарсан юм. Тэнд зугаалж байсан хотын балчирууд тэмээг сониучлан анааш, ишгийг хонь гэж маргасан нь моритон үндэстэнд тулгарсан уламжлалт соёлын орхигдол, уур соёлын ондошил мэр сэр мэдэгдэж байлаа.
Зургаан хаан сууринд саатаж, тал хувийн дэлхийн зүрхээр цохилж байсан Юаний дээд нийслэл Шандү балгас билээ. Бид шатагдсан нйислэлийн үнсэн доврог, эвдэгдсэн хотын хагархай ваар түүх гэж ирээгүй, Шандын буур дээр зогсод өрлөг дээдэс маань бутарсан олон аймаг угсаагаа нэгэн жолоонд хурааж, үй түмэн шударга баатруудын суут ухаанд шүтэж, ертөнц дэлхийд энгэшгүй агуу төрийг цогцолж чадсан гайхамшигт түүхийг эргэн санхад өнгөрсөн, эдүүгээ, ирээдүйн тухай олон юм санагдуулна.
Монгол Юаний хаан дээдэсийн зусаалаас гарч, Манж чингийн язгууртнуудын зусаал Долон нуурт хүрвэл умард нутгийн жяннань (Хөхмөрнөөс өмнөших нутгийг жяннань газар гэдэг)нутагт ирлээ гэж бодоорой. Уул хөхөрч, ус туналзсан үзэсгэлэнт сайхан Долон нуур нь Хубилай цэцэн хааны абын талбай байсан гэдэг. Ер нь эртнээс аваад хаад ноёдын жрган цэнгэх газар байсан нь үнэн.
Одоо цагийн сайханд эгэл ард ч гэсэн буян даахгүй гэж бодолгүй хааны зусаалд бууж, ус голд шунваж, "дураараа доргиж, дунд чөмгөөрөө жиргэсэн"-ээ бүр сүүлд нь бодож, энэ аян замаа "Хан зугаацал" нэж нэрлэсэн нь энэ билээ
|