Ред: Өнөөдөр 9-р сарын 1. Ер бусын өдөр. Газар газрын хүүхдүүд эрдэм номын танхимдаа хичээлийн шинэ жилтэйгээ золгож байгаа. Тэр тусмаа сударт нивчсэн багш нараараа хөтлүүлж,сургуулийн босго алхсан багачуудын баярласан өдөр. Тиймээс багш дор мөргөсөн, ном дор мөргөсөн ерөөлтэй энэ цаг дор эртний Хятадын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Күнзийн тухай товч өгүүлсү.
Ред: Мэргэн багш Күн.
Ред: Хүн төрөлхтний буурал түүхэнд үе үеийн эрдэм төгс мэргэд, суут сэтгэгчид ухаан, оюун билгийнхээ дээжээр ямагт оройлон манлайлж, сэтгэлгээний дэвшлийг түүчээлж, олон зууныг дамнан мөнхөрсөн сургаал номоо айлдаж ирсэн. Ийм нэгэн номын гэрлийг цацраагч, эрдмийн охь бол их сэтгэгч, соён гэгээрүүлэгч эртний Хятадын гүн ухаантан Күнз бүлгээ. Нийтийн он тооллоос өмнө 551-479 онд амьдарч байсан энэ их хүний туурвин бүтээж байсан бийр бэхэс нь хатаагүй, сургаал номлол нь бидний үед цоо шинээрээ өчигдөрхөн айлдсан мэт сонсогдсоор авай. Дэлхийн 10 их сэтгэгчийн нэг хэмээн үнэлэгдсэн суу билэгт түүний сургаал нь "Баатар хүн нэгэн тулаанд, бичгийн мэргэд түмэн үед" хэмээх мэргэн үгийн тод жишээ буюу. Багадаа эцэг эхээсээ өнчирч хоцорсон Күнз:
- Би хар багаасаа л ядуу дорд явж хатуу зовлон бүхнийг туулсан нь ард түмнийхээ ачлалын өлгийд бойжсон аз завшаан билээ гэж өгүүлсэн гэдэг. Тийнхүү зовж зүдэрч тэмцэж явсан нь хожмоо хорвоо ертөнц хийгээд хүмүүний амьдралын жам ёсны түмэн хэлхээ, мянган зангилгааны учир начрыг олон талаас нь шүүн тунгааж, эш сургаалаа айлдан номлох эх үндэс болсон биз ээ. Күнзийн сургаал үгс нь яруу найргийн тогтолцоог агуулснаараа сэтгэлд амархан буудаг хэмээн судлаачид хэлдэг. Күнзийн хэлсэн яруу аяст 8 мөрт сургаалд: Үзэхдээ гэгээнийг санама
Сонсохдоо цэцнийг санама Царайндаа намжууныг санама Байдалдаа бишрэлтэйг санаш Үгэндээ шударгыг санана Хэрэгт хичээнгүйг санана Сэжиглэхүйд асуухыг санана Олзыг үзвээс журмыг санана хэмээн бичсэн ажаам.
Дээрх мэргэн ухааны түлхүүр үгийг ухаж, уншсан хэн боловч өөртөө шингээж гэмээнэ алдахын зовлонгоос ангижрах буйзаа. Тэрээр тухайн цагийн жаяг журмыг баримтлан ёслол, хөгжим, харваа, тэрэг хөтлөх, хэл бичиг, тоо бодлого зэргийг багтаасан "Зургаан эрдэм"-д хичээнгүйлэн суралцаж "Улс эс зарахуйд, өөрөө эрдэм мэдлэгт шамдан боловсорсоор" гучин настайдаа өөрийн номын сургуулиа байгуулан, олон жил хичээн зүтгэсний үрд шавь нарынх нь тоо 3000-д хүрсэн гэдэг.Харин тэр олон шавь нараас нь ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь нь өөрийнх нь хүсэл зорилгыг үргэлжлүүлсэн тухай эртний түүх шашдирт тэмдэглэгдэн үлджээ. Мэргэн багш Күнз уламжлалт соёлыг сэргээн үлдээх, эерэг ёс суртлыг номлох, түгээн дэлгэрүүлэх, хүн зоноо соён гэгээрүүлэх, бичиг үсэгт сургах дээдийн буянтай үйлд насан туршийнхаа бүхий л амьдралыг зориулсан ачтан. Күнз өтөл насандаа Нангиадын соёл, утга зохиолын сор сүлд зургаан бүтээл болох яруу найргийн "Шүлэглэлт ном", төрийн тухай "Засаглалт ном", гүн ухаан,мэргэ төлгийн "Зурхайт ном", ёс заншлийн "Ёслолт ном", "Хөгжимт ном", түүх шашдирын "Хавар намар" зэрэг номуудаа туурвин өөрөө ариутган шүүж үлдээжээ. Тэрээр хамгийн итгэлт шавь нараа дагуулан долоон Ханлиг улсаар14 жилийн турш хэсүүлчлэн насан дээр гарахын цагт төрсөн нутагтаа эргэн ирж хожмын их мэргэдийн ширээний ном болсон "Рүшүэ" хэмээх сургаалаа цогц бүтээл болгон үлдээсэн ажаам. Мэргэн багш Күнз өөрийнхөө ухаарлын түүхийг нас насны заагаар дүгнэсэн бий:
- Би арван таван насандаа эрдэмд шимтэж эхэлсэн.Гучин насандаа эрийн цээнд хүрсэн. Дөч хүрээд төөрөлдөж гуйвхааргүй болсон. Тавин насандаа тэнгэрийн бошгыг танилаа.Жар хүрээд сонсож дуулсан бүхнээ салгаж ялгаж чаддаг болсон. Далан нас зооглоод хүсэл зоргоороо явавч хэв ёсны хүрээнээс хэтэрч эс чадав хэмээн нэгэн насныхаа амьдралыг хураангүйлэн өгүүлжээ. Багаасаа зовж зүдэрч өссөн болохоор надад хүмүүст туслах сэтгэл л бий. Түүнээс эд хөрөнгө алга хэмээн эрдэнэт хүмүүнийг дээдлэх сургаалаа айлдаж ирсэн бүлгээ. Манай эриний өмнөх он тоолол, Күнзийн амьдарч туулсан цагт боол, мал хоёр адил байсан үе. Аливаа хүнийг дээд яязгууртан, дорд зарц гэж ялгавларгүй бүгдийг тэгш заяанд үзэж байсан нь түүний сургаалд мөнхөрсөн бий. "Цэргийн жанжны хэргэм зэргийг хурааж болмуй. Харин энгийн хүмүүний хүсэл зоригийг булааж үл чадмуй" хэмээсэн нь үүний тод жишээ буюу. 2500 гаруй жилийн тэртээх Күнзийн номлолд өнөөгийн бидний хүний эрхийг дээдлэх үзэл санааны үр хөврөл боловсорч байсан үзэл санаа нь бүтээл туурвилд нь нивчсэн байдаг. Күнзийн сэтгэлийн гол цөм "өршөөх энэрхүй эрх тэгш ёсны" үзэл сургаалд нь нэвт шингэсэн байдгийг дэлхийн үе үеийн мэргэд баталж, хүлээн зөвшөөрч ирсэн юм. "Хөл хөсөрдөж, самгардахын цагт ч, эд барагдаж тэнүүчлэхийн цагт, хүмүүний биесээ дээдлэх өршөөл энэрэл л гагцхүү биесээ авармуй" гэсэн үзлийг номлосон нь Күнзийн хүмүүнлэг энэрэнгүй үзлийг анх түрүүн номлогчдын нэгэн гэж зүй ёсоор нэрлүүдлэг. Күнзийн сургаалийн бас нэгэн гол зарчим нь сайн засаглалыг бэхжүүлэхэд шударга түшмэдийн оролцоо маш их тустайг айлдсан бий. Засаг төрийг бэхжүүлэхийн тулд заавал хүн хороон устгахын хэрэг юу билээ. Өөрсдөө сайн болбоос өргөн олон бас сайн болъюу. Эрдэмт сайдын зан үйлдэл салхи мэт, эгэл ардын зан үйлдэл өвс мэт билээ. Тиймийн учир салхи хаашаа үлээнэ, өвс тийшээ налах бус уу хэмээсэн. Күнз насан туршийнхаа мэргэн ухаан, цэцэлсэн сургаалаа хүн ард, эх нутгийнхаа энх амгалангийн төлөө зориулж ирсэн их хүн. Түүний нэгэн сургаалд "Нэр зөв бус аваас үг хэл цэгцгүй. Үг хэл цэгцгүй бол үйлс хэрэг бүтэхгүй. Үйлс хэрэг бүтэхгүй бол ёс жаяг алдагдах. Ёс жаяг алдагдваас хууль цааз хөсөрдөж ах захаа алдана. Иймд хаан хүн хааны ёсоор, сайд хүн сайдын ёсоор, эцэг эцгийн ёсоор, хүү нь хүүгийн ёсоор байвал зохилтойг сануулсан нь өнөөгийн бидэнд ч хамаатай бүлгээ. Аливаа мэргэдийн цэцэлсэн судар ном, сургаал айлдвар элэгдэж хуучрахгүй, баларч мартагдахгүй үеийн үед өвлөн суралцваас зам мөрийг гийгүүлэн, ухааны нүдийг нээдгийн тод жишээ яахын аргагүй их сэтгэгч Күнзийн сургаал билээ. Тиймээс танд түүний айлдсан зарим нэг сургаалыг дуулгая.
Ред: Күнзийн сургаалаас:
Ред: "Хүн ёсыг бадруулахаас,ёс хүнийг үл бадруулмуй", "Загас барьж өгснөөс, загас барихыг заавал насны хоол", "Амьдралыг таниагүй байж, үхлийг бид танина гэж үү", "Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал", Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай, Тэгж байж л чи хүмүүний зүгээс учрах хороос сэргийлж чадна", Сайхан сэтгэлтэн ганцаардахгүй. Түүнд ямагт хөршүүд олдоно", "Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй", "Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг", "Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгих л тун муу хэрэг", "Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг", "Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахуун хийгээд хөгжлийн тухай юугаа ярих вэ дээ" гүн ухаантан, их сэтгэгч Күнз ингэж айлджээ.
Ред: Күнз гэсэн нэрийг сонсоход утгын өвгөн, үгийн таяг тулдаг хэмээх мэргэн үг санагдмуй. 25оо гаруй жилийн тэртээх оюун ухааны үр хөврөл өнөөгийн бидний ухаарлын мэлмийг нээж, орчлонг таниулмуй.
Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг 31 дэх дугаараараа "Мэргэн багш Күн" тэмдэглэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.
|