Маргааш Бээжин хотноо параолимпийн зуны 13 дугаар наадам эхэлнэ. Хотын аюулгүй байдлын шалгалтууд, нийтийн зам тээврийн асуудал, үйлчилгээний газрууд 29 дүгээр наадмын үеийн дэг журмаа үргэлжүүлэн мөрдөж Параолимпийн бэлтгэл бүрэн хангагджээ.
Параолимпийн зохион байгуулах хорооноос саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тус хорооны газрын дарга Жан Чюпин Параолимпийн наадмыг 29 дүгээр наадамтай нэгэн адил гайхалтай сайхан болгохын төлөө хичээн ажиллаж байна хэмээн мэдэгдэв.
Зуны 29 дүгээр наадам өндөрлөсөнөөс хойш Параолимпийн бэлтгэл ажлын гол хэсэг нь тэмцээн болох ордон талбайнуудыг параолимпийн наадмын онцлог байдалд нийцүүлэн шинэчлэн зохицуулах ажил байлаа. Параолимпийн уралдаан тэмцээнүүд нийт 20 спорт заал, 6 цэнгэлдэх хүрээлэн талбайд өрнөх болно. Эдгээр ордон талбайнуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмжүүдээр сэлбэн тоноглож өөрчилжээ. Тоног төхөөрөмжүүд нь орчин үеийн техник технологийн дэвшилт хэлбэрүүдийг ашиглан бүтээгдсэн бөгөөд олон улсын стандартад бүрэн нийцүүлсэнээрээ онцлог.
Ордон талбайнуудын тоног төхөөрөмжүүдийг угсрах ажил дууссаны дараа тусгай комисс томилж энэ ажлын гүйцэтгэлийг шалган урьдчилсан туршилт хийснээр бэлтгэл ажлын үе шат үндсэндээ өндөрлөсөн.
Мөн параолимп-д зориулсан 22 эмнэлэг, 16 зочид буудлуудыг ч тусгай тоног төхөөрөмжүүдээр тоноглон бэлтгэл ажлыг хангасан байна.
Параолимп үзэхээр цугларч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн унаа, зам тээвэр, холбогдох үзвэр үйлчилгээний газруудын аюулгүй байдал, тав тухын асуудлыг ч мартсангүй. Параолимпийн хугацаанд Бээжин хотод тусгай зориулалтын 16 шугамаар тусгай тоноглосон 400 автобус үйлчлэх юм. Метроны буудлууд ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцрийн зам гаргажээ. Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан такси үйлчилгээний багийг зохион байгуулсан байна.
Есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх параолимпийн наадамд мэргэжлийн 600 ажилтан, 40 мянга гаруй сайн дурынхан ажиллана. Параолимпийн 13 дугаар их наадамд 148 улс орны 4200 тамирчин оролцохоор Бээжин хотноо хуран цуглараад байна.
|