• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-10 14:52:44    
"Наран тойрог" 32 дахь дугаар

CRI

     "Хятадын эртний сонгодог яруу найраг"-аас...

     Ред: Бичиг соёлын хэдэн мянган жилийн түүхтэй Хятад орон урлаг, утга зохиолын асар их сан хөмрөгийг хүн төрөлхтөнд өвлүүсэн буянтны өлгий. Нангиадын сонгодог утга зохиолоос, түүний дотор яруу найргаас нь эрт цагаас олон орны номын садан мэргэд дуун хөврүүлж, ард түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьж ирсээн. Хөгжим, сонсох яруу найраг. Уран зураг, үзэх яруу найраг гэж түмэн газрын мэргэд цэцэлсэн бий. Яруу найраг тэгэхээр агуу юм. "Яруу найраг бол хүмүүний дотоод сансарын од эрхис юм. Түүнд орон зай, орчил хөдөлгөөн, нууц дохиолол, үл тайлагдах олон чанар буй. Гэсэн хэдий боловч хүн төрөлхтөн бие биесийн оюун сэтгэлгээний тэрхүү гайхамшигт сансарт нэвтэрч үзэхийн хүсэл эрмэлзлэл нь яруу найргийн орчуулгын эрдмийн бий болгосон байна. Бичгийн мэргэд, тэрчлэн яруу найрагчид өөрсдөө ч яруу найргийн орчуулгыг бараг боломжгүй зүйл гэж үзэж, бичиж ирсээр асан боловч, яруу сайхны цаглашгүй хэрэгцээ нь өөрөө тэр хэрмийг гэтлэн давж, яруу нарйгийн үнэт сан хөмрөгийн буй болгосоор авай" гэж МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ядмаагийн Ганбаатарын "Нангиадын сонгодог яруу найраг" түүврийн оршилд бичсэн. Ерөөс яруу найргийн орчуулга бол зүйрлэбээс алт, мөнгөний дархан хүний үйлтэй төстэй юм. Байгалиас заяасан шижир алт, цалин мөнгийг дархан хүн "бурхан ухаанаараа" давтан урлаж, ур ухаанаа шингээж, ахин давдагдашгүй нандин сайхныг урлан бүтээдэг. Тэгвэл яруу найрагчаас дутуугүй авьяас чадвар эзэмшсэн орчуулагч л сая тансаг, шүлэг найргийг нүүр дардам орчуулж, нэг үндэстний хүрээнд байсан бүтээлийг нөгөө үндэстний дунд дэлгэрүүлж дахин төрүүлж чаддаг байна. Тийм л учраас яруу найргийн орчуулгыг тухайн орны хэлийг сайн эзэмшсэн яруу найрагч л хийж чаддаг гэж хэлээд байдаг хэрэг. Манай монголын үе үеийн бичгийн их мэргэд гадаад орнуудын тэр тусмаа хятадын сонгодог зохиол, яруу найргийн бүтээлүүдийг хэдэн зууны тэртээгээс эх хэлнээ хөврүүлсээр ирсээн. Тэдний бухиаг өнөө цагийн бичгийн хүмүүс ч үргэлжүүлсээр байна. Тэдгээрийн нэг дорно дахины судлаач, доктор, профессор Ядмаагийн Ганбаатар. Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийг олон жил судалж "Их нүүдлийн түүх", "Нангиадын сонгодог утга зохиолын товчоон", "Юань улсын монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол", "Нангиадын сонгодог яруу найраг", "Ляожайн өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллэгүүд" зэрэг судалгаа, орчуулгын бүтээл, "Моодон шаньюй" түүхэн роман бичиж олны хүртээл болгосон, Монгол утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог "Алтан өд"-ийн шагналт энэ эрхэм хүнтэй Бээжин хотод ярилцсан юм.

     Ред: Хятадын уран зохиолын түүхэнд Тан улсын үеийг "Яруу найргийн алтан үе" хэмээн тэмдэглэсэн бий. Тэгэхээс ч өөр аргагүй. Учир нь тэр үед Ли Бай, Дү Фү, Бай Зюй И, Ван Вей зэрэг хятадын сонгодог яруу найрагчид зуун зуун дамжин мөнхөрсөн бүтээлүүдээ туурвисаан. Тан улсын яруу найраг нь хэлбэр, урлахуй, агуулга хийгээд сэтгэлгээний хувьд цоо шинэ дэвшилтэд үзэгдэл байлаа. Дү Фү, Ван Вей, Мэн Хаорань, Ли Бай зэрэг эрхэм сонгодгууд эх орон, ариун тансаг байгаль, ертөнцийг үзэх ухаарал, эрмэлзлэл, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, хүлэг баатар, бас шүлэгч, найрагч, мэргэдийн үерхэл нөхөрлөлийг дээдлэн шүлэглэсэн, найргийн онгодын эзэд, утга уянгын суутнууд байлаа. Тэдний нэг тэнгэрлэг найрагч Ли Байн яруу шүлгээс Ядмаагийн Ганбаатарын орчуулгаар та бүхэнд хүргэе.

     Ред: Тэнгэрийн харьяат Ли Бай.

     Ред: Ли Бай өнөөгийн Сычуань мужийн унаган иргэн агаад 701 оны үед мэндэлсэн гэдэг. Баруун Ляо улсын эзэн хаан Ли Хаогийн 9 дэх үеийн ач тэрбээр 60 гаранхан наслахдаа жинхэнэ тэнгэрийн харьяат яруу найрагчийн амьдралаар амьдарч, дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт 60 гаруй үргэлжилсэн үг, 900 гаруй шүлэг найргийг мөнхлөн үлдээсэн номын садан хүмүүн байсан гэдэг. Ли Бай их баян намтартай хүн ажээ. Тэр бүгдийн энд өгүүлэхийг хүссэнгүй. Яагаад гэвэл нэн баян намтрыг хэдхэн минутад яаж багтаах билээ. Харин түүний анд Нангиад найргийн гэрэлт од, эрхэм найрагч Дү Фү:

Ганц гүц дарс л Ли Байд өгчих
Гарцаагүй тэгвэл зуун шүлэг бичнэ.
Чан Ань хотын зээл дээр харав уу
Цаадах чинь архины мухлагт зүүрмэглэн сууна.
Эзэн хаан хойноос нь зарц илгээвч
Эргэж оронд нь тэр очихгүй
Гон бие таны зарц билээ эзэнтэн минь
Гэвч би согтуудаа тэнгэрийн иргэн. хэмээн шүлэглэсэн ажаам.

      Ред: Ли Бай.

     Ред: Гомдол, уярал.

Үзэсгэлэнт авхай, сувдан унжлага сөхөн
Үймэрч гуниглан суухуй, эрвээхэй хөмсгөөр наадвай.
Үзэхүл зовхи мэлмий хүйтэн нойтон,
Үзэн ядахын учир хэнийг билээ?

      Ред: "Ван Луньд бэлэглэсэн" шүлэг

Хөлөг онгоцноо гарч суугаад Ли Бай мордох хэмээтэл
Хөл товшин дуулах дуун эргийн зүгээс сонсдовой.
Тоорийн цэцэгт цөөрмийн усан мянган тохой гүн ч
Тусч нөхөр Ван Луний найртай сэтгэлд яахан хүрмүй.

      Ред: Үүрээр Байди хотоос мордсон шүлэг.

Мяралзсан үүлс нүүх Байди хотоос үүрээр эртлэн мордож
Мянганы газарт орших Зянлин хотноо үдэш хүрэлцэн ирэвэй.
Хоёр эргийн зүгээс бичний дуун ханганах нь эцэс үгүй,
Хөнгөн завь, түмэн уулсыг нэгэнт туулан өнгөрчүхүэй.

     Ред: Сэлүүн шөнийн бодол.

Орны өмнө туссан сарны туяан үзээд
Огторгуйгаас буусан хяруу хэмээн эндүүрэвэй.
Тэнгэрийн зүг өлийн гэгээн сарыг ширтээд
Толгой гудайн төрсөн нутгаан мөрөөсвэй

      Ред: Саран дор ганцаар хөлчүүрмүй.

Цэцгийн думд нэгэн гүц сархад
Цэмцийн сууж ганцаар би хөлчүүрмүй.
Гэгээн сарыг хундага өргөн урихул
Гэрэл, сүүдэр, гурван хүмүүн боловой.
Архи гээчийн мэдэхгүй саран авхай
Ар өврийн сүүдэрт л ханьсамуй.
Хэсэгхэн зуур боловч ханьссан тэрбээр
Хавар болтол цугтаан баярлан цэнгээсэй.
Би дуулахул саран эргэцэн сатаарч
Би бүжиглэхүл сүүдэр торолзуулан бүртэлзмүй.
Сэрүүн байваас саран найрсан цэнгэлдэж
Согтон ойчвоос бутран салж одмуй.
Өөрийг умартан өнөд хань бололцож
Өндөр хөх огторгуйд өдөр үл алгасан найрласугай.

      Ред: Мэн Хаораньд зориулму.

Мэн овогт их багшийг би ашид хүндэлмүй.
Мэдээж, гэгээн алдар нь зуун зуунд мөнх дуурьсмуй.
Насан идэр залуугаасаан түшмэл сууринд тэмүүлсэнгүй ээ.
Нарс мод, үүлсийн думд нойрсон цэнгэж өнгөрөвэй.
Сартай нөхөрлөн тэрбээр сатааран хөлчиж,
Сайдын сэнтийд эс дурлан цэцэгсийн хүрээлэнд эчивэй.
Тэрбээр сүрдэн бишрэн бараалмаар их уул мөн,
Түүний тунгалаг харцан дор бид хайлан урсах буй заа.

      Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг 32 дахь "Хятадын эртний сонгодог яруу найраг"-аас дуулгалаа. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.