• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-12 15:02:29    
Хоу Бин-ий түүх

CRI

      Өрөөсөн хөлгүй ч идэр чийрэг залуу түрдэг тэрэгтэйгээ олс татан дээшилсээр паралимпийн галыг асаасан агшинг дэлхийн хүмүүс амьсгаа даран үзсэн. Энэ бол зуны Параолимпийн 13 дугаар наадмын нээлтийн ёслолын сэтгэл догдлуулсан хэсгүүдийн нэг. Сая сая хүн ардад итгэл зориг, ухаарал бэлэглэсэн тэр агшны баатар бол Хоу Бин нэртэй залуу.

      Хоу Бин 9 настайдаа зүүн хөлөө тайруулжээ. Гэсэн ч тэр өндрийн харайлтын төрлөөр 3 удаагийн паралимп-с дараалан алтан медаль хүртсэн хүн. Тэрээр ийм амжилт, хайр хүндэтгэлийн эзэн байхын төлөө хэнээс ч илүү бэрхшээлийг туулжээ. Хоу Бин 1975 онд Хятад улсын Хэйлонжанг мужид төрсөн. Аз жаргалтай өсч байсан хүүг гай дайрч 9 найстайдаа машины осолд орж зүүн хөлөө тайруулав. Тэсэхийн аргагүй хүнд өвчин, ээжийн нь өдөр бүр унагадаг байсан нулимстай жилүүд тэнд үлджээ. Хүү ээжийгээ тайвшруулан "миний төлөө санаа бүү зов доо, би чадна" гэдэг байв.

      Аваарт орохоосоо өмнө Хоу Бин гүйлтээр хичээллэж, сургуулийнхаа спортын наадмаар 2 дугаар байр эзэлж байсан удаатай. Харин хөлгүй болчихоод орондоо хэвтэж байхдаа үзсэн паралимпийн тухай телевизийн нэвтрүүлэг хүүг зоригжуулж сэтгэлд нь мөрөөдөл ургуулсан түүхтэй. Тэгээд өндрийн харайлтаар хичээллэх болж Харбин хотын Биеийн тамирын боловсролын Хүрээлэн түүнд боломж олгосон юм.

      Спорт бол өөрийгөө нээх хамгийн зөв зам гэдгийг Хоу Бин ухаарсан болохоор шургуу тэвчээртэй хичээлэж байв. Биеийн тамирын боловсролын хүрээлэнгийн оюутнууд баярын үеүдээр амрахаар харьцгаана. Харин Хоу Бин зааландаа цор ганцаар хичээллэсээр үлддэг байлаа. Тэр үед амссан ганцаардал, хүнд бэрх сорилууд Хоу Бин-ий сэтгэлд мартагдашгүй дурсамж болон үлджээ. Гэр хотлоороо цуглан, баярлан хөөрч угтдаг шинэ жилийн баярын нэгэн үдшийг Хоу Бин ингэж дурсчээ.

     "Шинэ жилийн баярын өмнөхөн байсан юм. Манай хойд нутагт энэ өдрүүдэд хоолны газрууд ихэнх нь ажилладаггүй. Хүмүүс баяр тэмдэглэхээр гэр гэртээ харьчихдаг эл хуль үе л дээ. Би хоёр сав бэлэн гоймон авсан байсан юм. Нэг шөнө номоо уншиж суутал хоёр хулгана гарч ирээд нөөсөн ганц хоолыг минь идэх нь ээ. Тэр агшинд би яаг юу бодсоноо үгээр илэрхийлж чадахгүй нь. Би тэр хулгануудыг хөөчихвөл хоолтойгоо үлдэнэ л дээ. Гэсэн ч тэгээгүй, тэд ч бас өлсч байсан, тэгээд ч цорын ганц хань минь болох тэр хулгануудыг би хөөгөөд явуулчихыг түвдээгүй юм."

      Хүнд хэцүү хөдөлмөрийнхөө үр шимийг Хоу Бин удалгүй амсч эхэлсэн. 1996 онд тэрээр паралимпийн өндрийн харайлтын төрлөөр анхны алтан медалиа хүртэж түүнээс хойш 2 паралимп дараалан амжилтаа бататгав. Гурван олимп дараалан амжилтаа баталж аваргын титмийг 12 жил зүүж явна гэдэг эрүүл цогц хүнд хүртэл амар ажил бишээ.

      Хоу Бин спортын тавцанд төдийгүй амьдрал дээр ч аз хийморь дүүрэн амьдарч яваа хүн. Тэрээр 1999 онд Шиамэнд нүүж ирэв. Тэгээд санаандгүй хажуугийнхаа жижигхэн дэлгүүрээр ортол дэлгүүрийн эзэн сайхан бүсгүй түүнд "Хүндэт худалдан авагч"-ийн өргөмжлөл хүртээжээ. Чи Яанзэн нэртэй тэр бүсгүй Хоу Бин-г олимпийн аварга гэж огт мэдээгүй бөгөөд үйлчлүүлэгчиддээ хандсан арга хэмжээ санаачлан зохион байгуулж байсан нь тэр аж. Дэлгүүрийн эзэн бүсгүйн өгөөмөр сайхан сэтгэл залуугийн сэтгэлд нийцэж тэрээр бяцхан дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч болжээ. Удалгүй хатагтай Чи болоод түүний гэр бүлийнхэнтэй танилцаж нөхөрлөх болов. Харин хэрэг явдал өрнөсөөр хоёр залуу гэрлэх суухдаа тулахад охины аав ээж ихэд цааргалсан боловч охиныхоо хүсэл сэтгэлийг хорьж дийлээгүй гэдэг. "Миний эхнэр аав ээждээ, би Хоу Бинийг халамжлан амьдрахыг хүсч байна. Нас өндөр болоод тэр тэргэнцэр дээр суудаг боллоо ч би түүний дэргэд бардам алхах болно гэсэн юм. Сүүлд нь аав нь бидний гэрлэлтийг аргагүй зөвшөөрсөн. Би эхнэртээ болоод аав ээжид хязгааргүй баярлаж явдаг гэж Хоу Бин ярьсан байдаг.

      Түүний өнөөдрийн амжилт бол хорин жилийн хүнд хэцүү хөдөлмөрийнх нь үр дүн юм. Энд хүрэх зам хичнээн урт байсныг, тахир дутуу хүн хичнээн бэрхшээлийг туулж амжилтад хүрдгийг тэр өөрөө л мэднэ. Тиймээс Хоу Бин одоо паралимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж яваа. Олон Улсын Паралимпийн Холбооны анхны Элчин сайдын хувьд тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг энгийн хүмүүсээс огт ялгаагүй юм шүү гэдгийг нийтэд ойлгуулахаар ажиллаж байна.

     "Спортоор дамжуулан хүмүүс бидний тухай илүү их таньж авдаг. Биднийг таньж мэдэх тусмаа бусдын адил бодол сэтгэл тээж явдаг хүмүүс болохыг таньж мэддэг. 2ОО8 оны Бээжингийн паралимп энэ үзэл санаанд түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаа" хэмээн Хоу Бин ярьж байна.