• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 14:49:59    
"Наран тойрог" 33 дахь дугаар

CRI

      Ред: Ийм л нэг дун шаргал намрын гэгээн өдөр Бээжинд дөрөө мулталснаас хойш дөрвөн улирлыг юүлж, хүслээ элдэн нарыг тойрлоо. Одоо "Наран тойрог" битүүлэх нэвтрүүлгээ бэлтгэж сууна.

      Ред: Хүлэг минь уяан дээр эргэцнэ.

      Ред: Сэтгэл зүрхээ бэтгэртэл санасан нутгаадаа мордохын өмнө, хүмүүний дээд ижийдээ очихын өмнө надад бас эргэж харах, бодох юм байнаа. Ганзагалаж ирсэн богцоо юугаар дүүргэв гэж. Миний богцны нэг нь сэтгүүлчийн хөдөлмөр, нөгөө нь найрагчийн сэтгэлийн эгшиглэнг багтаасан байх учиртай. Ямар ч атугай аль ч улсын сэтгүүлчийг уйдаахгүй өнгөрүүлэх, оволзсон мэдээлэлтэй жил тохиолоо, энэ оронд. Ерөөс ХОУР-д ажилласан энэ цаг дор миний хувьд төдийгүй, БНХАУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх олон үйл явдлын гэрч болох онцгой содон хувьтай байв аа.

      Ред: Газар хөдөлсөн ч халуун хайрын сэтгэл хувирахгүй.

      Ред: Ийм бүлээн дулаан үгтэй дурсгалын гэхэд ч хаашаа. Гэлээ ч насан турш хадгалж явах, насан турш харж, санаж байх учиртай бичиг надад бий. Сычуаны газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард түмэнд тусалданд талархсан сэтгэлийн илэрхийлэл байгаа юм. Миний хандив дусал төдийхөн дөө. Гэлээ ч сэтгэлээ шингээсэн юм аа. 2008 оны 5-р сарын 12-ны 14 цаг 28-н минутыг дэлхий ертөнц тэр дундаа хятадын ард түмэн мартахгүй. Мартахын учиргүй. Тэр Даваа гаригт, тэр цагт, тэр минутад Сычуанд газар хөдөлсөн. 8-н баллын хүчтэй газар хөдлөлтөд "энэ 8-р сарын 14-ний 12 цагийн байдлаар 69225 хүн амь үрэгдэж, 17924 хүн сураггүй алга болсныг нотоллоо" гэж өнгөрсөн сарын 15-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж билээ. Та миний саяын иш татсан хэдэн тоог эргээд сана даа. Би ахиад хэлье. Чадвал тогтоогоод аваарай. СЫЧУАНИЙ ГАЗАР ХӨДӨЛТӨД 69225 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 17924 ХҮН СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН гэдгийг. Энэ бол хүн төрөлхтөн мартахын учиргүй асар их уй гашуу, эмгэнэл, харуусал.ХОУР-ны 9-р сарын 4-ний мэдээ энд, миний ширээн дээр байна. Тэнд Хятадын Вэнчуаний газар хөдлөлтийн мэргэжлийн комиссын орлогч дарга Ши Пэйжюнь 4-ний өдөр хэлэхдээ "Вэньчуаний газар хөдөлтөд Сычуант, Гансү, Шаньши 3 мужид нийт 845 тэрбум 100 сая юаний эдийн засгийн шууд хохирол учирснаас Сычуань мужийн хохирол нь нийт хохирлын 91 хувийг эзэлж байна" гэжээ..Урьд нь бас нэг мэдээнд дурьдаж байсан "дээрх 3 мужийн 17923 аж үйлдвэр гамшигт өртсөн" гэж. Мөн аймаараа...

      Ред: Газар хөдөлж, гамшигт учирсан тэр цаг минутаас л Хятадын төр засаг, ард түмэн тэр аяараа тэр хар гамшгийг эсэргүүцэн тэмцсэн. Бүх хүн төрөлхтөн тэр аяраа Хятадын ард түмэнтэй хамт боссон. Энэ оны 8-р сарын 14-ний 12 цагийн байдлаар хятадын бүх шатны засгийн газар газар хөдлөлтийн гамшгаас авран туслах сэргээн босгоход 64 тэрбум 400 сая юань гаргав. Бас Хятад улс дотоод гадаадын олон улс орон, олон улсын байгууллага, ард түмний хандивласан 59 тэрбум 200 сая юанийг хүлээн авч, гамшгийн районд 23 тэрбум 800 сая юанийг нь шилжүүлсэн гэж мэдээлж байлаа. Одоо газар хөдлөлтөд өртсөн районд сэргээн босголтын ажил цаг нартай уралдан ид явагдаж байна. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жү Жишинь 8-р сарын 27-нд хэлсэн юм аа. Хятад улс Сычуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажлыг өдрөөс өдөрт улам ахиулж 3 жил хүрэхгүй хугацаанд гол зорилтоо биелүүлнэ гэж. Чаднаа, чадна. Хятадын хөдөлмөрч ард түмэн. Лавтайяа чадна. Цагаан хэрэмийг босгосон ард түмэн шүү дээ.

      Ред: Тэнгэрийн зуд.

      Ред: Газрын гамшиг хаварт ингэж нүүрлэсэн байхад, өнгөрсөн өвөл Хятад оронд сүүлийн 22 жил тохиогүйгүйгээр хүйтэрлээ. 2008 оны дараах нь, тодруулбал: 1-р сарын дунд 10 хоногоос тус орны хэсэг нутагт зуд болж зам, харилцаа, эрчим хүч,.. үгүй ээ ер нь бүх л салбарт хүндрэл учруулж, ард түмний амьралд чамгүй гарц учруулсаан. Хятадын Иргэний Засаг Захиргааны яам энэ оны 2-р сарын 23-нд "Энэ өвлийн зуд нь Хятадад 150 тэрбум сая юаний эдийн засгийн шууд хохирол учрууллаа" гэж мэдээлсэн юмдаг. Тус яамны сайдын орлогч Ли Лигүө тэр өдөр, зудад 129 хүн амь насаа алдаж, 4 хүн алга болсон. 11 сая гаруй га талбайн ургац алдлаа гэж дурьдаж байсан. Өнгөрсөн өвлийн зуднаас учирсан гарц хохирлыг хятадын ард түмэн одоо нэгэнт даван туулсаан. Тэнгэрийн зуднаас ганда усны аюул гэж бий, хүмүүн бидэнд. "Рень мин ри бао" сониноос иш татаж, "...8-р сарын 31-ны байдлаар энэ онд Хятад улсад үерийн гамшгаас 72 тэрбум 100 сая юаний эдийн засгийн шууд хохирол учирлаа. Үерийн улмаас 6 сая 600 мянган га ургац алдаж, 370 мянган гэр байшин нурж, 436 хүн амь насаа алдсан"-г ХОУР, 9-р сарын 2-нд мэдээлж байсаан. Газар, тэнгэр, усны ийм гашуун зовлонг хамт тууллаа,нарыг тойрохдоо...

      Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг өнгөрсөн 32 дугаартаа өдрөөс өдөрт улам эрчээ аван хурдалж буй Хятад орны бүх л салбарын хөгжлийг товчхон ч гэлээ багтааж, хүмүүсийн сонорт хүргэх юмсан гэж аминдаа л хичээсэнсэн. Хүмүүст дуслын төдий ч мэдээлэл өгөө болов уу? Яагаа бол... Уяан дээр эргэцэх хүлэг мориндоо дөрөөлөхийн өмнө бодож суунаа. Хоногт 3,76 сая торх нефть үйлдвэрлэж, дэлхийд айрагдаж яваа Хятад оронд, жилд 276 тонн алт олдворлож дэлхийд тэргүүлж байгаа Хятад оронд нарыг бүтэн тойрохдоо, тэр тусмаа ХОУР-д ажиллахдаа тус улсын талаар юу шинээр мэдэв гэдгээ. Би энэ орны тухай ам бардам ярих зөндөөн юмтай хөөн. Ертөнц тэр аяараа шагшиж байгаа урьд өмнөх үе үеийн наадмуудаас оролцсон орон, тамирчид, тогтоосон амжилт, бэлтгэл, зохион байгуулалт, бүх л талаараа тасархай "ЭГНЭШГҮЙ" олимпын тухай биш, одоо хүн төрөлхтөн ширтэн суугаа параолимпын ч талаар биш, бусад гэхдээ ганц нэгхээн зүйлсийнх нь талаар товч, товчхоон эрэгцүүлжээ сууна. Түүнээ таньтай хуваалцъя.

      Ред: Хятад улс ирэх жил дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн орон болж мэдэх нь.

      Ред: Рэнь Минь Ра сонин өнгөрсөн сарын 13-ны дугаартаа ингэж бичсэн байна. Тэнд үүний учрыг Америкийн эдийн засгийн өсөлт буурснаас болж 2009 ондХятад улс Америкийг гүйцэж дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болж мэдэх нь гэж тайлбарлажээ. Энэ нь урьдчилан тооцоолж байснаас 4 жилийн өмнө болох нь гэжээ. Америкийн нэр хүнд бүхий Globai lnsight-ийн төсөөлж байгаагаар ирэх жил дэлхийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 17 хувийг Хятад, 16 хувийг Америк эзэлнэ. 1990 онд Хятадын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 3 хувийг л эзэлж байсан гэдэг. Гэтэл 20 хүрэхгүй жилийн дараа аж үйлдвэрлэлээр тэргүүлэх нь гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна шүү дээ.

      Ред: 5-н жилийн дараа дэлхийн хамгийн урт хурдны төмөр замаар та зорчоорой.

      Ред: Энэ хавар, 4-р сард Бээжин-Шанхайн хурдны төмөр зам барих ажлаа эхэллээ. 1300 км-ээрээ дэлхийн хамгийн урт гэгдэж байгаа энэ хурдны төмөр замд 220 тэрбум, 900 сая юаний хөрөнгө оруулалтаар босох юм. Хамгийн гол нь үүний зураг төсөл, инженер техник, тоног төхөөрөмж бүх л зүйлийг Хятад улс бие даан хийж байгаа юм. Та 5-н жилийн дараа Бээжинд ирээд Шанхай руу хурдны галт тэргээр явах болбол ердөө 5-хан цаг л зарцуулах ажээ. Дэлхийн хамгийн урт гэснээс дэлхийн хамгийн том Хөхмөрний Гурван хавцлын цогцолбор өнгөрсөн сарын 7-ны байдлаар 248 тэрбум гаран киловатт цаг цахилгаан гаргаж, үерээс сэргийлэх, цахилгаан гаргах, усан тээврийн талаар үр ашгаа нэгэнт өгч эхэллээ гэж мэдээлж байсныг би боджээ сууна. Ерөөс хүн төрөлхтөн нар, ус, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар их ярьж, их ч зүйл хийж байна. Хятадад ч мөн ялгаагүй. Нөгөө л хамгийн том гэснээс л үүдсэн бодол юм аа даа, энэ янз нь. Хятадын баруун хойд нутгийн Ганьсү мужийн Жючуань хотын Хөгжил, өөрчлөн байгуулалтын хорооны нэгэн хариуцлагатан өнгөрсөн 5-р сарын 4-нд Жючуань хотынхон салхины эрчим хүч ашиглан цахилгаан гаргах дэлхийн хамгийн том бааз байгуулах ажлаа эхэлсэнг мэдэгдэж байсан юм. Тус нутаг салхины эрчим хүч гаргах нөөц боломж ихтэй газруудын нэг ажээ. Цаг уурын шинжилгээний байгууллагын үнэлгээнээс үзвэл, уг хотын салхины эрчим хүчний нөөц нь 150 сая киловатт бөгөөд түүнээс 40 сая киловаттыг нь ашиглах боломжтой гэнэ. Эднийхэн 1996 оноос салхины эрчим хүчийг ашиглаж, одоогоор 5-н том станц байгуулж, тэндий хүчин чадал нь 410 мянган киловаттад хүрээд байгаа гэдэг. Хятадын дэлхийд хамгийн, хамгийн гэх мэдээлэл ч эдгээрээр дуусахгүй л дээ, уул нь.

      Ред: Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд.

      Ред: Хятадын Үндэсний Өөрчлөлтийн Хорооны орлогч дарга Дү Ин: "Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд бүх салбарт, бүх давхаргад гадаадад нээлтэй байлгах тогтолцоог өргөн цар хүрээтэй бүрдүүлж, дотоод гадаадын зах зээл болон хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулж, олон улсын өрсөлдөөнд оролцох хүч чадлаа ихээхэн нэмэгдүүлсэн" гэлээ. Тэрээр өнгөрсөн 5-р сарын 5-нд Төв нутгийн Ү хань хотод болсон Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн ажлын үр дүнгийн талаарх зөвлөлгөөн дээр ингэж дүгнэж байсан юм. Тэрээр бас "1978-2007 онуудад Хятадын ашигласан гадаадын хөрөнгө нийт 760 тэрбум ам долларт хүрч, хөгжиж байгаа орнууддаа 1-д, дэлхийд 2-т орсон юм. Өнөө дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 480 нь Хятадад хөрөнгө оруулж байна гэж дурьдаж байв. Мөн 1978-2008 онуудад Хятадын гадаад худалдааны хэмжээ 20 тэрбум 640 сая ам доллар байснаа 2 тэрлион 1 тэрбум 700 сая ам долларт хүрч дэлхийд 22-т байсан бол одоо 3-рт орсон гэж Дү Ин тэмдэглэж байсан. Тийм ээ. БНХАУ бүх л салбарт үсрэнгүй амжилт олсон "Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн" 30-н жилээ энэ өвөл тэмдэглэнэ... Энэ том юм болноо.

       Ред: Бичээд байвал барагдахгүй нь. Гэвч яая гэхэв. Одоо боллоо. Цаг боллоо."Наран тойрог" битүүрч, Нутгаадаа мордох боллоо. Ганзага дүүрэн олзтой, гэрээдээ мордож байна би... Баяртай, Хятад орон. Амжилт хүсье. Баярлалаа, ХОУР-ын МХ-ний нэвтрүүлгийн хамт олон минь. Эргэн баяртай уулзахын ерөөл тавья. Эрхэм сонсогчид та бүхэн тэгш амгалангийн сэтгэлд орших болтугай.

      Ред: "Наран тойрог" нэвтрүүлэг 33 дахь дугаараараа "Хүлэг минь уяан дээр эргэцнэ" бодрол сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.