Ихэнх хүмүүсийн хувьд тахианы өндөг хүнсний бүтээгдэхүүн төдий л зүйл. Харин Ван Жяньюн-ий хувьд тахианы өндөг уран бүтээлийнх нь гол хэрэгсэл юм. Эмзэг нарийн бүтэцтэй өндөгний хальсан дээр урласан түүний бүтээлүүд гайхмаар уран үзэмжтэй байдаг онцлогтой.
Уран бүтээлийнх нь аяыг даах өндөг олно гэдэг түүний ажлын амаргүй хэсэг. Амьдардаг дүүргийнх нь ойр орчмын захуудын өндөгний наймаачид Ван Жяньюнь-ний нэрийг сонсмогцоо ихэд дургүйцэн, өндгөө үүрэн зугтаах нь энүүхэнд. Овоолсон өндгийг нь баахан ухаж нэг бүрчлэн үзэж зөндөө яршиг удчихаад ердөө ганц хоёрхон өндөг авах юмуу заримдаа бүр ганцыг ч авалгүй орхин оддог болохоор нь тэр. Ван Жяньюнь "Тохиромжтой өндөг олох л амаргүй. Хавийнхаа өндөгний худалдаачидтай бүгдтэй нь муудалцаж байсан даа" хэмээн инээж байна. Тэрээр бүр багаасаа зураг зурах дуртай байжээ. Гэрийнхээ ханаар зай үлдээлгүй зурчихсан байх энүүхэнд. Харин гурван жилийн өмнөөс харандаа бийрээ орхин, өндөгний хальсан дээр урлах сийлбэрийн хутгаар сольжээ.
Зузаан хальстай тахианы өндгийг өнгөлж үрэхэд маш нарийн бүтэцтэй үе давхаргууд тодрон ирэхийг анзаарчээ. Түүнийг сонирхон дээр нь дүрс сийлж оролдсоор нэг мэдэхэд өндөгний хальсан дээр сийлбэр хийх хоббитой болсон байв. Нарийн ур дүй, тэвчээр, авьяас шаардсан энэ урлагт хичээн зүтгэсээр нэг мэдэхэд 20 гаруй төрлийн бүтээлийн цуглуулгатай болж чаджээ. "Нэрт хүмүүсийн хөрөг" цувралд гэхэд эртний эзэн хаан, ван гүн, түшмэлүүдээс эхлээд орчин үеийн нэр алдартай хүмүүсийг хүртэлх сийлбэр бий. "Байгалийн үзэмж" цуврал нь нүдэнд үзэгдэж гарт баригдам байгалийн амьд дүр дүрслэлээр баялаг бол "Шавьж, загас, цэцэг, шувууд" цуврал нь хөдөлж, нисч, явж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. "Шүйхүгийн үлгэр" цуврал бүтээлийг туурвихдаа Ван Жяньюнь 1000 гаруй өндөгний хальсан дээр дасгал хийсэн гэдэг.
Бээжингийн олимпийн наадмуудад зориулан тэрээр "Таван фува"-ны цуврал өндгөн сийлбэр хийгээд шавар баримлыг бүтээж Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороонд бэлэг болгон дурсгасан юм. Тэрээр ардын язгуур урлагийн нэгэн төрөл болох өндөгний хальсан дээр сийлбэр хийх урлалаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллах эрмэлзэл дүүрэн байна.
|