• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-10 13:06:09    
Олимпийн одод буяны үйлсэд

CRI

      Хятадын Сычуань мужид 8 баллын хүчтэй газар хөдөлж олон мянган хүний амь сүйдсэн гамшигт хэргээс хойш даруй таван сар өнгөрчээ. Өнөөдөр тэнд сэргээн босголтын эхний шатны их ажил өрнөж буй. Харин Хятад орон даяараа гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах дэмжих ажил үргэлжилсэн хэвээр.

     Ийм төрлийн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт олимпийн 23 алтан медальтан оролцсон буяны дуудлага худалдаа боллоо. Аваргууд Бээжин хотноо болсон зуны 29 дүгээр олимпийн наадмын үеэр хэрэглэж байсан хувийн эд зүйлсээ дуудлагаар худалдсан юм. Сычуань мужид сэргээн босгож буй дунд сургуулийн барилгын санд хандив өргөх энэхүү буяны арга хэмжээг Хятадын Спортын сан, Хятад тамирчдын боловсролын сан гэсэн байгууллагууд ивээн тэтгэн зохион байгуулжээ. Сычуань муж хур бороо элбэгтэй бүсэд оршдог тул дунд сургуулийн биеийн тамирын хичээл ихэвчлэн зааланд орох шаардлагатай болдог. Иймээс буяны санд цугларсан мөнгийг сургуулийн гадна спортын талбайнууд байгуулахад зориулах аж.

     Зуны олимпийн наадмын нээлтийн галт бамбарыг агаарт гүйж асаасан, олимпийн домогт аварга Ли Нин бол Хятад тамирчдын Боловсролын Санг үндэслэгчдийн нэг билээ. "Хүүхдүүд спортоор дамжуулан эрүүл аж төрөхөд суралцдаг. Тиймээс сургуулийн спортын талбай байгуулах үйлсэд хандив цуглуулж байгаадаа баяртай байна" хэмээн тэрээр арга хэмжээний үеэр сурвалжагчид ярьжээ.

     Ширээний теннисний төрлийн аваргууд Зан Инин, Ма Лин, Ван Личин нар олимпийн тэмцээний үеэр барьсан ракетуудаа худалдсан юм. Зан Инин-ий хэрэглэж байсан ракет 400.000 юань хүрсэн нь дуудлага худалдаагаар зарагдсан ракетуудын дээд үнэ байв. Усын гүнж хэмээгддэг Гуо Жинжин-ий 3м-н синхрон харайлтын үеэр өмссөн усны хувцас ч чамгүй үнэд хүрсэн.

     Зежиан мужын нэгэн бизнесмэн Олимпийн 23 аварга гарын үсгээ зурсан олимпийн плакатыг 1 сая юаниар худалдан авчээ. "Надад буяны үйлсэд хандив өргөх санаа хэдийнээс төрөөд байлаа. Санаандаа хүрсэндээ баяртай байна" хэмээн тэрээр хэлж байлаа.

     Олимпийн 23 алтан медальтан оролцсон буяны дуудлага худалдаа нийт 19.18 сая юаныг цуглууллаа гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна. Сургууль тус бүрийн барилгад 500.000 юань хандивлахаар тооцжээ.