Ван Жиньлянь бол Жянши мужийн Ганьжөү хотын Гань шяний Ша Дижэнь суурины Төв бага сургуулийн тэтгэвэртээ гарсан багш юм. 10 гаруй жилийн турш тэрээр аав ээж нь гадна газар ажил хийхээр яваад харж харгалзах хүнгүй хоцорсон 200 гаруй хүүхдийг гэртээ суулган асарч хүмүүжүүлж иржээ. Түүний гэр нь аажимдаа Гань шяний Ша Дижэнь суурины "хүүхдийн асрамжийн төв" болсон байна.
Хөдөөгийн энгийн оршин суугчдын том хашаа хүрээнд байрлах энэ төвд хүүхдүүд баяр хөөртөй тоглож, багш Ван Жиньлянь нэг талд нь өвсэн эм дэлгэж хатаана. Дотор халууныг хөөх энэ өвсөн эм хүүхдийн олон зүйлийн өвчнөөс сэргийлж чаддаг гэж тэр хэлж байлаа. Асрамжийн энэ төвд өнөө 50 хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдийн амьдрал, сурлагыг нь хариуцан авч яваагийн хувьд Ван Жиньлянь өдөр бүр 5 цагт босч, өглөөний хоолыг нь бэлтгэж, хүүхдүүд сургуульд явсны дараа хувцсыг нь угаан, ногоо төмс арилгаж үдийн хоолыг нь бэлтгэж, орой бас хүүхдүүдийн гэрийн даалгаварыг нь шалгаж, зааж давтуулна. Түүний үгээр хэлбэл өдөрт ажил ихтэй завгүй байдаг.
Асрамжийн төвийн тухай хэлбэл бүр эхэндээ багш хүний үүрэг хариуцлагаас үүссэн юм. Сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны улам олон хүн хот орж ажил хийх болсноор нэн олон хүүхэд гэртээ хоцрон харж харгалзах хүнгүйгээс сурах дургүй болж, сургууль завсардах, зарим нь цаашлаад этгээд зожиг зантай болж, хэрүүл зодоонд хамрагдах болжээ. 1995 онд Ван багшийн зааж байсан ангийн нэг хүүгийн аав, ээж нь гадна газар ажил хийхээр явснаас түүнийг харж хамаарах хүнгүй болж сурлагын дүн нь өдрөөс өдөр доошлон доройтжээ. Ван Жиньлянь түүнийг эрж хичээлий нь нөхөн, амьдралын талаар халамжилж ирснээр түүний сурлага маш түргэн дээшлэв. Хүүгийн аав ээж нь мэдээд Ван багшид баярлан талархаж, хүүгээ Ван багшийнд урт хугацаа тавьж харгалзуулахаар найджээ. Ингээд Ван багшийнх илүү нэг "хүүхэд"-тэй болсон байна. Үүнээс хойш нэн олон хүн мэдэж, гадна газар ажил хийхээр явагч нэн олон хүн Ван багшийг эрж ирэн хүүхдээ тэднийд суулгахыг хүсэх болов. 1995 оноос эхлэн Ван багшийнд 1--2--3 гээд арван хэдэн хүүхэд суух болж, аажимдаа Гань шяний Ша Дижэнь суурины хүүхдийн асрамжийн төв болж өргөжсөн байна.
Асрамжийн төвд 8 настайдаа дүүтэйгээ ирсэн Чэньлигийн аав ээж нь гадна газар гуанз эрхэлж байдгаас эгч, дүү хоёулыг харгалзах хүнгүй болж, Чэньли сургууль завсардан сурах сонирхолгүй болжээ. Ван багш эгч, дүү хоёулыг гэртээ авч суужээ.
Ван багшийнд би дүүтэйгээ 10 жил суусан. Ван багш ээж шиг бидний амьдрал, хичээл сурлагыг анхааран халамжилж ирсэн. Ван багш харж харгалзаагүй юм бол би их сургуульд орж чадахгүй шүү гэж Чэньли хэлж билээ.
Арван хэдэн жилийн турш, Ван Жиньлянь харж харгалзах хүнгүй эдгээр хүүхдийг амьдрал, хичээл сурлагын талаар анхааран халамжилж ирэхдээ ерөөс ямар нэгэн ач хариулт гэж хүсдэггүй юм. Тэр хүүхдүүдээс зөвхөн зохих хэмжээний амьдралын зардлыг авдаг. Цаашилбал амьдралын талаар хүндрэл бэрхшээлтэй зарим хүүхдээс ямар ч зардал авахгүй мөртөө өөрийн цалингаас тэд нарт тэтгэлэг үзүүлдэг байна.
Ван багшийн ингэж зүтгэж чармайхыг зарим хүн ойлгохгүй байдаг. Тэтгэврийн цалин нь 1700 гаруй юань, өвгөн нь бас 3000 гаруй юаний орлоготой байгаад ашиг орлогогүй энэ төвийг ажиллуулдаг нь юуны төлөө бэ ? гэж зарим хүн хэлдэг.
Би нэр, ашгийн төлөө биш, эдгээр хүүхдийг хичээл сурлагдаа чармайлттай, бие сэтгэл эрүүл өсөн хүмүүжихийг л хүсдэг. Хүүхдийг хүмүүжүүлэх явдал бол багш болсон хүн бүрийн хариуцлага мөн гэж тэр үздэг.
Ван багшийн нөлөөгөөр, түүний гэр бүлийнхэн ч харж харгалзах хүнгүй эдгээр хүүхдэд туслах ажилд оролцож, Гань шяний дунд бага сургуулиуд ч төрөл бүрийн арга хэмжээ зохиож , харж харгалзах хүнгүй хүүхдэд туслах ажиллагаа өрнүүлэх болов. \Урангоо орчуулж бэлтгэв\
|