Хятад бол маш эртнээс тоологдох түүхтэй орон. Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн үеэс авч үзвэл 3600 жилийн түүхийг нотолсон байдаг. МЭӨ 16 дугаар зууны үед эртний Шан Улс байгуулагджээ. Шан улсын үеийн ул мөр яст мэлхийн хуяг болон ан амьтны ясан дээрх бичгүүдэд үлдсэн байдаг. Тэр үед холбогдох олон мянган олдворуудыг 1899 оноос эхлэн илрүүлж эхэлсэн бөгөөд Шан улсын үеийн бичигтэй хүрэл сав суулга цөөнгүй олджээ.
Гэхдээ Хятадын уламжлалт түүх судлалд анхны улсыг Шан улс гэж үздэггүй, бүр МЭӨ 21-16 дугаар зууны үед оршиж байсан Ся улсыг гэж үзэж ирсэн билээ. Ся улсын үетэй холбогдох археологийн болон эд мөрийн баримт өнөө хир олдоогүй ч ихэнх түүхчид Ся гэж улс байсан гэдэг. Үүнд 2 гол шалтгаан бий. 1-рт, эртний хятад зохиол бичлэгт Ся улсын үед болж байсан үйл явдлуудыг тэмдэглэн үлдээжээ. 2-рт, Шан улсын төр, нийгмийн зохион байгуулалт мөн харьцангуй өндөр хөгжсөн эдийн засаг, соёлын түвшин урьд нь ямар нэг улс байсныг гэрчилдэг. МЭӨ 841 он хүртэл үйл явдлын ойллогыг тогтмол хөтөлж байгаагүй юм. Харин Баруун Жоу улсын төр баригчид үйл явдлуудыг жил бүр тэмдэглэдэг болсон тэр цагаас эхлэн үйл явдлын он цагийг тэмдэглэдэг уламжлалтай болжээ.
Эртний Хятадын анхны бүрэн түүх "Түүхэн тэмдэглэл" /Шизи/-г МЭӨ 104-91 онуудад Сыма Цян бичсэн бөгөөд түүнийг хятадын түүх бичлэгийн эцэг гэдэг юм. Тэр үеэс эхлэн "Мин улсын түүх" /1368-1644 он/ хүртэл 24 албан ёсны түүхийг бичжээ.
"Төрд туслах нэвтэрхий толь бичиг" /"Зыжи тунзянь"/ хэмээх бүтээлийг 1084 онд өөрөөр хэлбэл Хойд Сун улсын үед Сыма Гуан зохиожээ. Уг бүтээлд түүхэн үйл явдлуудыг хаадуудын сургамж хэлбэрээр өгүүлэн бичсэн байдаг. Үүнээс хойш иймэрхүү түүхийн эх сурвалж болох түүхэн үйл явлуудыг тайлбарлаж бичсэн томоохон 9 бүтээл гарчээ. Ер нь Хятадын түүхийн эх сурвалж болох тухайн үеийн түүхэн үйл явдлуудын тэмдэглэл, найруулал зэрэг арвин бүтээлүүд байдаг байна.
|