
Радио сонсогч эрхэм анд нөхөд өө, ХОУР болон Хятадын Сычуань мужийн аялал жуулчлалын алба хамтран радио сонсогч болон сүлжээ хэрэглэгчдийнхээ дунд "Үзэсгэлэнт Сычуань" аялал жуулчлалын асуулт хариултын уралдаан зохион явуулж эхэллээ. Сычуаньд жуулчлах хүн Жиү Жайгөү, Хуан лүнгийн үзэмжит газруудаар очихгүй юм бол сэтгэл дундуур санагддаг, гэвч энэ хоёр газарт очсоны дараа хүний сэтгэл ерөөс нэг юманд яахын аргагүй татагддаг байна. Тэгвэл Сычуань мужийн энэ хоёр үзэмжит газар нь чухам юундаа ийм гайхалтай байдаг бол? Хятадууд яагаад түүнийг хүний орчлонгийн диваажин гэж нэрлэх болсон юм бэ?
Нэгдүгээр мэдээллийг танд танилцуулахаас өмнө би хоёр асуулт тавъя.
Асуултын нэгдүгээр сэдэв: Жиү Жайгөү гэдэг нэр Түвд үндэстний есөн тосгоноос үүсэлтэй юу?
Асуултын хоёрдугаар сэдэв: Жиү Жайгөү болон Хуан Лүнгийн үзэсгэлэнт газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад орсон уу?
Бидний нэвтрүүлэх энэ цуврал мэдээллээс та энэ хоёр асуултын хариуг олж болно.
Хятадын Сычуань мужийн баруун хэсгийн Аваагийн Түвд, Чян үндэстний өөртөө засах районд оршдог Жиү Жайгөү нь салаа замын хэлбэртэй уулны хавцал болох бөгөөд урт болон гүнээрээ 40 гаруй км байна. Энд Түвд үндэстний 9 тосгон тархай бутархай байрлаж байдаг болохоор, хожим нь "Түвд үндэстний 9 тосгон" буюу Жиү Жайгөү хэмээн нэрлэгдсэн аж. Израилиас энд хүрэлцэн ирсэн ноён Нерохем Ям Хятадын олон нутгуудаар үзэн танилцаж явсан хүний нэг, өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тэрээр Бээжин, Шанхай, Жэ жян, Шаньши зэрэг газруудаар аялан жуулчилж, Хятадын хүн ардын ёс заншил, уул усных нь өнгө үзэмжийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон юм. Гэвч тэрээр Жиү Жайгөүд ирсний дараа энэ газрын бусдаас ялгарах гоо сайхныг нь тэсгэлгүй шагшин биширч байлаа. Тэрээр хэлэхдээ, энэ газар нь Хятаддаа хамгийн үзэсгэлэнтэй сайхан газарт тооцогдоно, уул усны өнгө үзэмж бүрдсэн ийм сайхан газрыг би урьд нь ерөөс олж хараагүй, эндэхийн юм бүхэн нь бусдаас өөр юм гэжээ.
Жиү Жайгөү нь нуур бүрдийн өнгө үзэмжээрээ гайхалтай байдаг бол, нуурын ус нь Жиү Жижөүгийн сүнс нь болдог аж. Өнгө өнгийн 100 гаруй нуур бүрд нь уулны оройн энд тэнд туяаран мэлтэлзэнэ. Нутгийн Түвдүүд түүнийгээ Хайзы буюу "Тэнгисийн хөвгүүн" гэж дотночлон нэрлэсэн аж. Ариун тунгалаг эдгээр нуур бүрдийн ёроол дахь өндгөн чулуу, замаг залаа, мөчир намаа зэрэг нь тов тодхон харагдана, нуур бүрдийн ус өнгө өнгөөр солонгорч, зарим нь маргад эрдэнийн өнгөтөй, зарим нь номин цэнхэр өнгөтөй, бас заримынх нь оюу ногоон өнгөний дундуур үе үе шар гялбаа татуулсан харагдана.
Японоос ирсэн ноён Моришита Сабамаса эндэхийн нуур бүрдийг хараад шагшин магтаж хэлэхдээ, би Японд байхдаа Жиү Жайгөүгийн тухай тусгай нэвтрүүлгийг телевизээс харж байсан, харин газар дээр нь ирээд үзсэн чинь илүү үзэсгэлэнтэй байна. Японд ч ийм нуур бүрдүүд зөндөө байдаг, гэвч Жиү Жайгөүгийн өнгө үзэмж үнэхээр гоё юм байна гэжээ.
Жиү Жайгөүгийн ийм өнгө үзэмжийг эх байгалиас заяасан юм. Учир нь энэ нь Жиү Жайгөүгийн Кастегийн геологийн онцлогоос нь болсон юм. Нуурын усанд кальцийн ион, магнийн ион, карболын хүчлийн ион агуулагдаж байгаа болохоор, хөх болон ногоон туяанд мэдрэмж ихтэй байдаг юм байна, Мөн эндэхийн нуурын усанд 200 гаруй төрлийн замаг байж, олон өнгөөр туяарч харагдах бөгөөд олон хувиралтай байдаг аж.
Жиү Жайгөүгийн ус нь нуур бүрдээрээ байхад намуун дөлгөөн байж, уулны оройгоос буухдаа хүрхрээ болон асгардаг байна. Жиү Жайгөүд нийт 17 хүрхрээ цутгаж байна. Эдгээр хүрхрээний өндрийн хэмжээ нь өөр хоорондоо ижил төстэй боловч, өргөний хэмжээ нь харин их зөрүүтэй байдаг юм. Уулны хяраас асгаран буух хүрхрээ нь нарны туяанд солонго татан, үнэхээр гайхамшигтай сонин харагддаг байна. Тэдгээрийн дотроос Нолинг гэдэг хүрхрээ нь Хятадын хамгийн өргөн хүрхрээнд тооцогддог байна. Хүний орчлонгийн диваажин хэмээгдсэн Жиү Жайгөү нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд орсон байна.
Нутгийн Түвдүүд эндэх уулс усаа сахиустай гэдэг. Уул толгод, ус мөрөн, ой шугуй, хад чулуу бүхнийгээ бурхан тэнгэрээс заяасан гэж үздэг. Түвд охин Инаманхүн хэлэхдээ, биднийг бага байх үеэс Жиү Жайгөгийн нэг ширхэг өвсийг ч хайрлаж хамгаалж яв гэсэн сургаалтай. Энэ нутгийн Түвдүүд ертөнцийн бүх үйл хэрэг болон түмэн бодисыг амь настай, уул ус мод ургамал бүхнийг бурхан сахиус бидэнд хайрлаж заяасан юм гэж сүсэглэн даатгаж ирсэн байна. Хүн төрөлхтөн тэднийг хамгаалахгүй байж болохгүй, түүнийг эвдэж сүйтгэх ёсгүй. Гол мөрөнд хувцас хунараа угааж болохгүй, хог новшоо хаяж орхиж болохгүй гэж ахмадууд маань хойч үеийнхэндээ байнга сануулж хэлдэг гэжээ.
Инаманхүн болон энэ нутгийн Түвдүүд үеийн үедээ Жиү Жайгөүдээ аж төрж иржээ, энд тэндгүй харагдах дарцаг далбаа, цагаан суварганууд болон маанийн овоо энэ бүхнээс бид Түвд үндэстний өнө удаан түүхтэй уламжлалыг таньж болох юм. Мөн тэд нарын найрсаг зочломтгой зан нь энэ газрын өөр нэг онцлог нь. Жуулчид Түвд айлд зочилж, амтат сайхан сүүтэй цайнаас нь ууж, хөх тариагаар нэрсэн архинаас нь амсаж, Түвд дуу бүжгээс сонирхож суух нь улам бүр сонирхолтой билээ.
Жиү Жайгөүтэй танилцаж дуусаад та унаагаар Хуан Лүнгийн үзэмжит газартай танилцаж болно. Хуан Лүн нь Жиү Жайгөүгээс 130 км л зайтай. Мөн Жиү Жайгөүтэй адилаар 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд орсон байна. Энэ газрын онцлог үзэмж нь мөн л ус байгаа юм.
Хуан Лүний усны сайхантай танилцья гэвэл уулны нуруун дээрээс гүн хавцал руу харахад л мэдрэгдэнэ. Хавцалын дунд 4 км шахам урт шаргалдуу өнгөтөй кальцижсан биет нь аврага луу мэт ой тайга цаст хайрхны дундуур сүлжилдэн харагдана. Кальцижсан биетэн дээр нь том жижиг 3000 гаруй булагтай. Жигдрэн туналзах эдгээр булаг шанд нь нарны туяанд сувд танан өнгөөр гэрэлтэж мяралзан тунарна. Хамгийн орой дээрх Ү Цайчи буюу солонгот бүрд нь 700 жижиг булгаас бүрдсэн юм. Эдгээр жижиг булгийн нүдүүд өнгө өнгөөр гэрэлтэн туналзаж, Хуан Лүнгийн содон гайхамшигт үзэмж нь болсон байна.
Ү Цайчи буюу солонгот бүрд нь далайн түвшнээс дээшээ 4000 гаруй метрт өргөгдсөн болохоор, хүн бүхэн ийм өндөр дээр алхаад гарч чадахгүй. Энэ талаар Хуан Лүн үзэмжит цэгийн хариуцлагатан ноён Көү Яхүй хэлэхдээ бид жуулчдад туслан арга хэмжээ авч байна гэжээ.
Тэр хэлэхдээ, энэ онд бид дүүжин зам байгуулсан болохоор, жуулчид дүүжин тэргэнд суугаад Ү Цайчид очих боломжтой болсон, үүнээс гадна бид ууланд гарах зам дагуу үнэ төлбөргүй үйлчлэх хүчилтөрөгчийн 5 баар ажиллуулсан, одоо бид дахиад хүчилтөрөгчийн 2 баар нэмж гаргах гэж байна. Энэ бүхнийг бид явган уул авирагчдад үнэ төлбөргүйгээр хэрэглүүлэх юм гэжээ.
Эрхэм сонсогчид оо, сая танд "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн нэг дэх хэсгээс танилцууллаа. Одоо энэ мэдээлэлтэй холбогдсон хоёр асуултыг давтаж хэлье.
Асуултын нэгдүгээр сэдэв: Жиү Жайгөү гэдэг нэр Түвд үндэстний есөн тосгоноос үүсэлтэй юу?
Асуултын хоёрдугаар сэдэв: Жиү Жайгөү болон Хуан Лүнгийн үзэсгэлэнт газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад орсон уу?
Таныг ХОУР болон Сычуань мужийн аялал жуулчлалын газрын хамтран зохион явуулж буй асуулт хариултын энэ уралдаанд оролцож өөрийн мэдлэг авьяасаа сорихыг урьж байна.
|