• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-29 21:03:55    
Оньсого мэт Сань Шиндүй
"Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн хоёр дахь хэсэг

Хятадын Олон Улсын Радио

    Эрхэм анд нөхөд та бүхэн "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн хоёр дахь хэсэгтэй танилцана уу?

    Энэ мэдээллийг танилцуулахаас өмнө хоёр асуулт тавъж, хариуг нь та энэ мэдээллээс олж болно.

    Асуултын гуравдугаар сэдэв: Сань Шиндүйгийн дурсгалт газар хэчнээн жилийн түүхтэй вэ?

    Асуултын дөрөвдүгээр сэдэв: Сань Шиндүйгээс олдсон хаш эдлэл болон хүрэл зэмсэг хоёрын чухам аль нь тухайн үеийн технологийн төвшинг хамгийн сайн харуулж чадсан вэ?

    Сань Шиндүйг тосгон байсан үед нь, Янь овогтой нэг тариачин хаврын тариа тарьж байгаад жирийн биш, томоохон зүйл илрүүлнэ гэдэг хэний санаанд орох билээ дээ? Энэ санамсаргүй илрүүлэлт болон тэр үеэс хойших хэдэн авран жилийн турших олборлолт судалгааны үр дүнгээс үзэхэд, 5000-аас 3000 жилийн тэртээ энэ газар нь эртний Шү улсын нийслэл байж, гэрэл цацрангуй соёл иргэншлийн түүхээ 2000 жил үргэлжлүүлснийг үүгээр батлан нотолсон байна. Сань Шиндүйгийн буурийг илрүүлсэн явдал нь эртний Шү улсын түүхийн эхлэлийг урагш 2000 жил ахиулсан байна. Энэ илрүүлэлт нь Хятадын соёл иргэншлийн түүхийг улам бүрэн бүтэн болгосон төдийгүй, Сань Шиндүйгийн соёл иргэншлээр төлөөлүүлсэн Хөхмөрний соёл иргэншил нь Хатанголын соёл иргэншилтэй адилаар Хятадын соёл иргэншлийн эх үүсвэр болохыг яахын аргагүй харуулсан байна.

    Сань Шин тосгон нь Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид оршиж, мужийн төвөөс 1 цаг хэртэй явбал энд хүрч ирдэг байна. Энэ жижигхэн тосгоноор Яа Зыхэ гол урсан өнгөрдөг байсан тэрхүү хөдөөгийн нам жим өдрүүд нэгэнт өнгөрч 75 жилийн тэртээх энэ илрүүлэлтээс хойш бараг 10 жилийн өмнөхөн энд Сань Шиндүй музей байгуулагджээ. Сань Шиндүй музейн тайлбарлагч эмэгтэй Чиү Шүейчин танилцуулан хэлэхдээ, умард өргөрөгийн 30 градус дээр оршдог энэ соёл иргэншлийн буурийг илрүүлсэн нь маш ач холбогдолтой явдал юм гэжээ.

    Тэрээр танилцуулан хэлэхдээ, энэ өргөрөг дээр Эверест, Маяагийн соёл иргэншил, Пирамид байдаг. Нууц таагдашгүй байдаг нь тэд бүгдийн онцлог юм. Өнөөдрийг хүртэл Сань Шиндүй нь Хятадын баруун өмнөд нутагт илрүүлсэн бичиг дурсгалын зүйлийн тархалтын хэмжээгээр хамгийн өргөн, хамгийн урт удаан жилээр үргэлжилсэн, соёлын агуулгаар хамгийн баялаг эртний хот, эртний гүрэн болно гэжээ.

    Архелогийн шинжилгээний дүнгээс үзэхэд 3000 шахам жилийн тэртээ, тухайн үед хотын хүрээ нь бүрэн бүтэн байсан эртний энэ хот гэнэт хоосорч, дээд хэмжээнд хөгжөөд байсан Сань Шиндүйгийн соёл иргэншил чимээгүй устаж алга болжээ. Харин 5 жилийн өмнө тус мужийн Чэндү хотын дүүргээс илрүүлсэн Жиньша буурь нь хүмүүст нэг зүйлийг эрхгүй сануулсан байна. Тухайлбал, Сань Шиндүй болон Жиньшагаас илрүүлсэн бичиг дурсгалын зүйл нь хэв загварын хувьд даанч адилхан байсан нь сонирхолтой байлаа. Сань Шиндүйгээс 500-аас 1000 жилийн дараа байсан Жиньша буурийг маш олон эрдэмтэн мэргэжилтэн Сань Шиндүйгийн соёл иргэншлийн үргэлжлэл мөн гэж үзэж байна. Сань Шиндүй нь нийслэлээ Жиньшад нүүлгэн шилжүүлсэн байж болзошгүй гэсэн таамаглал гарч байгаа юм.

    2000 жил мандан хөгжиж явснаа, гэнэт яагаад хотоо орхиж нүүсний шалтгааныг янз бүрээр таамаглаж байна. Тухайлбал, үер уснаас болсон гэж хэлж байгаа хүмүүс байна. Мөн дайн дажнаас болсон гэж хэлэх нь ч байна. Бас тахал өвчнөөс болсон гэж үзэж байгаа хүн ч бий.....Гэвч түүхийн тэмдэглэл үгүй тул энэ бүхэн нь таамаглал төдий байж, оньсого таавар болоод л хоцорчээ. Энэ буурийг илүү олон эрдэмтэн мэргэжилтэн Сань Шиндүйгийн соёл иргэншлийн үргэлжлэл гэж үзэж байна.

    Сань Шиндүйгээс илрүүлсэн бичиг дурсгалын зүйлээс авч үзэхэд, таагдашгүй оньсого мэт олон зүйл байна. Музейн тайлбарлагч Чиү Шүейчин бидний сонирхсон асуултанд хариулж хэлэхдээ, хүрэл зэмсэг нь Сань Шиндүйгийн хамгийн сонирхолтой содон зүйл нь юм, зарим нэг хүрэл зэмсэг нь бидний санаанаас хол гадуур байна. Тэд том нүдтэй, гонзгор хамартай, Азийн хүний царайнаас их л ялгаатай юм гэжээ. Музей дэх Сань Шиндүйгийн бэлэг тэмдэг болсон хамгийн сонирхолтой содон зүйл—хүрэл багийг тэрээр танилцуулж хэлэхдээ, энэ нь Шү улсын хамгийн анхны Улсын Вангийн дүр төрх нь юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, энэ бол дэлхий дээрх хүрэл төмрөөр хийсэн хамгийн том баг болно. Одоо тэр нь улсын хэмжээний ховор эрдэнэд тооцогдож байна, түүний нүд нь баганын хэлбэртэй мөртөө гадагшаа бүлтийсэн, нүдний цөцгийг нь тоонолжин хэлбэртэй сийлбэрлэн цутгасан байна, чих нь том мөртөө шөвгөр үзүүртэй, хүмүүс түүнийг алсыг харагч нүдтэй, холыг чагнагч чихтэй гэж ч хэлдэг байна гэжээ.

    Музейд дэлгэн үзүүлж байгаа тэнгэрийг баганадсан мод нь Францын жуулчин Хүнберт Дрозын сонирхлыг их татаж, холоос хүрч ирсэн энэ жуулчин маань өөрийн магадлах чадвартаа ч эргэлзэж байлаа. Тэр хэлэхдээ, хэдэн жилийн өмнө Францад эдгээр үзмэрийн зүйлийг дэлгэн үзүүлж байхад нь би үзэж өнгөрсөн, Хятад улс өнө эртний түүхтэй гэдгийг би гадарладаг хэдий ч, эдгээр үзмэрийн зүйлтэй дахин танилцахад үнэхээр гайхан бишрэхгүй байхын аргагүй байна гэжээ. Хүнберт Дроз тэнгэр баганадсан энэ модны дэргэд удаан харж зогсож байлаа, энэ модыг дэлхийн гайхамшиг гэж хэлэхэд илүүдэхгүй, мөчир навчгүй үлдсэн энэ мод нь 3.6 метр өндөр байна. Дээр үед Хятадууд модыг замбуулингийн бүрэлбаа, нар сар одон мичдийг түүний үр жимс нь гэж үздэг байжээ. Тайлбарлагчийн танилцуулахыг сонссоны дараа энэ мод үнэхээр онцгой байгаа нь мэдэрдэх юм.

    Тайлбарлагч бүсгүй залгаад танилцуулан хэлэхдээ, энэ модыг зохиоход их хөдөлмөр зарцуулсан бөгөөд, хамгийн уран хийцтэй хүрэл төмрийн зэмсэг болох юм. Яагаад гэвэл ийм хийцтэй уран бүтээл дэлхийд ганцхан байдаг юм. Үүнээс гадна, сийлбэрлэж цутгасан технологийн хувьд ч урьд өмнө байгаагүй гайхамшигтай юм гэжээ. Ийм асар том биетийг цутган сийлэхэд заавал хэдэн үе шат хувааж, нэг дор бүтээж чаддаггүй байна. Газар дороос олдсон ийм 8 хүрэл зэмсгээс 2-ийг нь засаж сэлбэж дуусгаад байна. Нэг ширхэг модыг нь сэлбэж бүрэн бүтэн болгоход л бид 3 жилийн хугацаа зарцуулсан юм гэжээ.

    Үнэнийг хэлэхэд, технологийн талд гайхамшигтай байдгаас гадна, эдгээр хүрэл зэмсгийн модонд эрт дээр үеийн Хятадуудын эцэг тэнгэр эх дэлхий, орчлон замбуу тивийн тухай өөр нэг ухагдахууныг хадгалж байгаа юм. Бид уг музейн зөвлөх ноён Ао Тяньжаотай уулзаж энэ тухай яриулсан юм. Нас сүүдэр 70-ыг зооглож байгаа эрдэм шинжилгээний энэ ахмад ажилтан Сань Шиндүйгийн соёлыг хагас зууны турш судалж ирсэн байна. Сахиулсны эрх болон эзэнт төрийн эрхийг нэг цогц болгосон нь тухайн үеийн ноёрхлын онцлог нь байж, тэр мөртөө энэ газар нь тухайн үеийн эзэнт төрийн нийслэл байсныг Сань Шиндүйгээс илрүүлсэн хүрэл зэмсгээс мэдэж болно гэжээ. Тэр хэлэхдээ, Сань Шиндүйгээс илрүүлсэн хүрэл зэмсгийн хөрөг зураг болон оршуулгын зүйлээс авч үзэхэд, Сань Шиндүйгийн балар эртний үеийн хамгийн анхны шүтлэг нь эх байгаль, өвөг дээдэс нь байж, үзэл ухамсар болон зохион байгуулалтын хувьд бол нэгтгэн удирдаж байсан юм байна. Эртний Шү улсын үед энд байнга өргөн их тахилгын ажиллагаа болж, ойр хавийн адил бус шашин шүтлэгтэй аймаг бүлгийнхэн хүрэлцэн ирж тахилга мөргөл үйлддэг байна гэжээ. Хүрэл зэмсэг нь Сань Шиндүйгээс илрүүлсэн бичиг дурсгалын доторх хамгийн төлөөлөх чанартай зүйл байж, тухайн үеийн технологийн маш нарийн ур чадварыг бүрэн гүйцэд харуулсан байна. Сань Шиндүйгийн бууриас бас үлэмжхэн хэмжээний зааны соёо, хясаа олдсон нь бас нэг оньсого болсон байна. Учир юун вэ гэвэл, Сычуань мужийн газар зүйн байршлаас авч үзэхэд энд заан байх ёсгүй, энэ газар нь далай тэнгисээс ч маш хол байдаг. Бид музейн тайлбарлагч эмэгтэйн танилцуулгаас баг ч гэсэн хариулт олсон юм. Тайлбарлагч бүсгүй хэлэхдээ, зааны соёо нь өмнөд торгон замаар дамжин орж ирсэн гэж зарим эрдэмтэн мэрэгжилтэн үзэж байна. Энэ замаар зааны соёогоос гадна, хясаа орж ирсэн байна. Газар дороос бид бараг 5000 ширхэг хясаа олсон. Дотор газрын Чэндүд хясаа байх боломжгүй, энэ бүхэн нь эртний Шү гүрний худалдааны урт зам нь баруун Ази, өмнөд Азийн нутагтай холбогдож, тухайн үед худалдаа аж ахуй нь маш хөгжсөнийг нэг талаас харуулсан байна гэжээ.

    Сань Шиндүйгийн соёл нь хүмүүст хэмжээлшгүй их таамаглал таавар авчирч өгсөн юм, тийм болохоор энэ музейг ажиллуулаад аравхан жил болж байгаа хугацаанд маш олон жуулчдын сонирхлыг татсан байна. Сань Шиндүйгийн бууриас олдсон бичиг дурсгалын зүйлийг Африкаас гадна дэлхийн дөрвөн их тивд дэлгэн үзүүлж өнгөрсөн юм. Уг музейн орлогч дарга ноён Жан Жижүн танилцуулан хэлэхдээ, Сань Шиндүйгийн буурийн гайхамшигтай содон бичиг дурсгалын зүйл болон, эчнээ нууц өнө эртний соёл иргэншил нь гадаадын жуулчдын сонирхлыг ихэл татдаг байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, гадаадын жуулчдын маш их сонирхдог нь Сань Шиндүйгийн өнө эртний нууц далд соёл нь байж, гадаадынхан түүнийг Хөхмөрний соёл иргэншлийн доторх гэрэлт сувд нь гэж хэлдэг юм. Сань Шиндүйгийн уран нарийн бичиг дурсгалын зүйл нь дэлхийд ч ховор цөөн бөгөөд, дорно дахины болон Сычуаны эртний Шү улсын соёлын онцлогийг гүн шингээсэн байдаг юм. Тийм болохоор гадаадын жуулчдын сохирхлыг маш хүчтэй татдаг байна гэжээ.

    Финландын жуулчин Сирка Коррела нь гадаадын олон түмэн жуулчдын нэг нь, тэрээр Сань Шиндүйг хараад гайхахын ихээр гайхаж байсан. Тэр хэлэхдээ, музейн зохион байгуулалт байршил нь их онцлогтой. Гэвч миний анхаарлыг хамгийн их татсан нь тэдгээр үзмэрийн зүйлүүд болно. Онцгойлон хэлэхэд тэр баг нь маш нууц далд хүчтэй. Тэр хүрэл мод, шидэт шувуу зэрэг нь үнэхээр сонирхолтой мөртөө сонин гайхалтай юм гэжээ.

    Хүмүүс тусгайлан ирэх юм уу, аль эсвэл аз тохиол таараад 20 га талбайтай, уран нарийн үзмэрийн зүйлтэй энэ музейд ирж үзэн танилцсаны дараа, таамаглагдашгүй энэ буурийн талаар өөрийн гэсэн ойлголттой болох нь гарцаагүй юм.

    Эрхэм анд нөхөд өө, сая "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн хоёр дахь хэсгээс танилцууллаа.

    Одоо энэ мэдээлэлтэй холбогдсон асуултын хоёр сэдвийг давтаж хэлье.

    Асуултын гуравдугаар сэдэв: Сань Шиндүйгийн дурсгалт газар хэчнээн жилийн түүхтэй вэ?

    Асуултын дөрөвдүгээр сэдэв: Сань Шиндүйгээс олдсон хаш эдлэл болон хүрэл зэмсэг хоёрын чухам аль нь тухайн үеийн технологийн төвшинг хамгийн сайн харуулж чадсан вэ?

    Эрхэм анд нөхөд өө. ХОУР болон Сычуань мужийн Аялал жуулчлалын газрын хамтран зохион явуулж буй асуулт хариултын энэ уралдаанд идэвхтэй оролцохыг та бүхнээс Монгол хэлний редакцийн хамт олон хүндэтгэн урьж байна.