
Радио сонсогч эрхэм анд нөхөд өө, та сайн байна уу? ХОУР болон Сычуань мужийн Аялал жуулчлалын газраас хамтран зохион явуулж байгаа "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны "Э Мэйшань уул, Лэ шань уулаар аялсан тэмдэглэл" гэсэн цуврал мэдээллийн гурав дахь хэсэгтэй танилцана уу?
Энэ мэдээллийг танилцуулахаас өмнө хоёр асуулт тавъя, хариултыг нь та дараах мэдээллээс олж болно.
Асуултын тавдугаар сэдэв: Э Мэйшан нь Хятадын буддын шашны ариун дагшин газрын нэг мөн үү?
Асуултын зургадугаар сэдэв: Лэ шань уулны бурхны хөрөг нь дэлхийн хамгийн том бурхны хөрөг юм. Түүний өндөр нь хэдэн метр вэ?
Эрхэм анд нөхөд өө, Э Мэйшань уул нь эрт дээр үеэс Хятаддаа хамгийн өндөр уул хэмээгдэж, аль эрт манай тооллын дөрөвдүгээр зууны үед, Энэтхэг лам Бао Жань Э Мэйшань ууланд ирээд "Энэ үнэхээр дорно дахины нар мандсан уул байна" гэж бишрэн хэлсэн үг бүхий домог бий.. Тэр цагаас хойш Э Мэйшань уул нь Хятадын хамгийн том уул хэмээн нэрлэгдсээр өдгөөг хүрчээ.
Хятадын нэрт уулнуудын дундаас Э Мэйшань уул нь далайн түвшнээс 3000 гаруй метр өндөрт өргөгдөж, уулны орой болон уулны бэлийн цаг агаар эрс тэс өөр бөгөөд , төрөл бүрийн цэцэг өвс ургахад нь аятай сайхан нөхцөл хангаж өгсөн байна. Тоо баримтаас үзэхэд, энд 5000 гаруй төрлийн ургамал байдаг, энэ нь нийт Европын ургамлын нийлбэртэй тэнцэж, зарим нэг нь дэлхийд устах шахсан ховор ургамлын төрөл юм байна.
Уулны замаар алхахад сүглэрэн ургасан өндөр наст моддын навчис нь гүн ногоон, хөх ногоон, шар ногоон өнгөөр ялгарч, улирлын хувирал, газрын байрлал, нарны тусалтаас болоод, улам бүр гоо хээнцэр харагдана. Түүний үзэсгэлэнтэй гоо байдгийг бид энэ уулын нэрээс нь ч мэдэрч болох юм. Холбогдох ном бичигт тэмдэглэснээр, Э Мэй гэдэг үг нь эмэгтэй хүний хөмсөг гэсэн үг юм байна. Энэ зүйрлэл яахын аргагүй домоглог өнгө аястай аж.
Э Мэйшань уулны давтагдашгүй онцлог байдал нь буддын шашны соёлтой нягт уялдаа холбоотой байдаг нь үнэн. Аль эрт манай тооллын нэгдүгээр зууны үед Энэтхэг гаралтай буддын шашин Э Мэйд нэвтрэн орж ирсэн бөгөөд, Хятадын хамгийн анхны буддын шашны сүм хийд энэ ууланд байгуулагдсан аж. Энэ сүм хийдийн эргэн тойронд бусад олон сүм дуган байгуулагдахын хэрээр, Э Мэйшань нь улмаар Хятадын буддын шашны чухал газрын нэг нь болж хөгжөөд, мөргөлчин сүсэгтэн улам олон болж байгаа билээ.
Э Мэйшаньд Пү шянь бурхныг тахиж байдаг. Пү Шянь бурхныг замбуулингийн түмэн бурхдын ууган хөвгүүн гэдэг, бурхантай сүм л болгонд Пү Шянь бурхан байдаг. Одоогийн байдлаар Э Мэйшань ууланд 300-аад лам хуврага байж, сүм хийд нь нийтдээ 30 орчим байна. Эрхэм анд нөхөд өө, Э Мэйшань ууланд аялж байхад нэг мэдэхэд нэг сүм хийдэд хүрээд ирчихсэн л байна, энэ сүм хийдийн нас жил нь уултайгаа адил урт юм гэнээ. Тэр мөртөө өнө эртний бөгөөд нууц далд хүчинтэй мэт санагдуулах нь улам бүр сонирхолтой байдаг аж. Сүмийн хурал хурах үеэр хүжийн утаа тунаран, дарцаг далбаа намиран лаа зул асан гэрэлтэж, энэ бүхэн нь хүний сэтгэлийг өөрийн эрхгүй тайвшруулдаг билээ.
Уулны оройд байгаа Алтан дээвэр буюу Жинь динг Э Мэйшань уулын охь содон зүйл гэж хэлэхэд ерөөс илүүдэхгүй. Алтан ганжиртай гурван том хийдээс гадна, дөрвөн талдаа Пү Шяний хөргийг сийлсэн 48 метр өндөр, арван талтай, алтаар угаасан бурхны хөрөг хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг байна. Замчлагч эмэгтэй Ян Тао сурвалжлагчид танилцуулан хэлэхдээ, энэ Пү Шянь бурхан гартаа чандмань эрхи атгаж, толгойдоо алтан титэм зүүж, төв эрхэмсэг байдалтайгаар зургаан заан хөлөглөн саатжээ. Дөрвөн хөрөг нь дөрвөн төрхтөй байж, хүний орчлонгийн баяр баясал, уур хилэн, гуниг зовлон, жаргал цэнгэлийг төлөөлж, арван тал нь буддын шашны арван зовхисыг төлөөлсөн юм гэнээ. Энэ нь Хятадад байдаг цорын ганц Пү Шянь бурхны хөрөг. Аль талаас нь харсан ч Пү Шянь бурхны зүсийг бүхэл бүтнээр нь олж хардаг нь хамгийн гол онцлог болсон юм байна. Пү шянь бурхан өндөр дээрээс доошоо харж, түмэн олондоо ерөөл буян хайрладаг юм гэжээ.
Ли Гэньюань нь буддын шашны сүсэгтний нэг. Тэрээр Пү Шянь бурханд мөргөхөөр өмнөд Солонгосоос Э Мэйшань ууланд зориуд хүрэлцэн ирсэн аж. Тэрээр сурвалжлагчид хандан хэлэхдээ, би Э Мэйшаньд ирээд л ийм том бурхны хөргийг анх удаагаа харлаа, Хятад улс үнэхээр мундаг улс орон гэдгийг би сэтгэлээрээ мэдэрсэн юм. Арван талтай бурханд би 10 мөргөсөн, гурван том хийдэд нь 3 мөргөлөө, бас хандив өргөсөн, их биш ч гэсэн миний сэтгэлийг төлөөлж байна шүү дээ гэжээ.
Алтан дээвэрт мөргөл үйлдэхээс гадна, өглөө эрт нар мандахыг харахад маш гоё байдаг. Алтан дээвэр дээрээс харахад, нар тэнгэрийн хаяанаас мандах тэрхэн хоромд, уул хайрхан бүхнээрээ шаргал өнгөөр гэрэлтэж, үзэсгэлэнтэй сайхан харагдана. Нар мандахын хэрээр манан будан татарч, бөөн бөөн цагаан үүл уулны хормойд эвхрэлдэн нүүдэллэж, тэнгэрийн хаяатай нийлээд хөвөө хязгааргүй уудам их далай тэнгис шиг сүртэй харагдана.
Аз тохиовол та энэ сайхан өнгө үзэмжээс сонирхож болох юм, энэ үзэмжийг хүмүүс бас номын гэрэл гэдэг. Үнэндээ тэр нь физикийн үзэгдэл юм л даа. Нар, газрын байрлал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан энэ долоон өнгийн цагариг нь хүний биен дээр тусвал хөдөлгөөнийг нь даган явдаг нь маш хачирхалтай сонин юм билээ. Та хэрэв сонирхолтой бол Э Мэйшань ууланд ирвэл энэ бүхнээс үзэн танилцаарай.
Буддын шашин нь Э Мэйшаньд хөгжих явцдаа энэ газрын соёлыг хөгжүүлж ирсэн байна. Түүний дотроос олон сүм хийд, бурхны хөрөг, энэ бүхэн нь Э Мэйшань уулын гоо хээнцэр өнгө үзэмжтэй хослон зэрэгцээд соёлын сонгодог зүйл болон бүрэлдсэн байна гэж хэлэхэд илүүдэхгүй байх. ЮНЕСКО нь Э Мэйшань уулыг дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд оруулсны учир шалтгаан нь ч эндээ байгаа биз дээ.
Өнөөдрийн Э Мэйшань уул нь адилавтар соёлтой Азийн хүмүүсийн сонирхлыг татаж байгаа төдийгүй, 2005 онд Э Мэйшань уул нь Европчуудын хамгийн сонирхдог аялал жуулчлалын үзэмжит газар болсон байна. Уг үзэмжит газрын хариуцлагатай хүн ноён Дү хүй танилцуулан хэлэхдээ, Э Мэйшань уулын аялал жуулчлалын барилга байгууламж өдөр ирэх тутам боловсронгуй болж байна. Бид гадаадын олон анд нөхдийн энд хүрэлцэн ирэхийг баярлан угтаж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Э Мэйшань уулын аялал жуулчлалын иж бүрэн дэд бүтцийн барилга байгууламж өдөр ирэх тутам бүрэн дүүрэн болж байна. Аялалын машин, дүүжин зам, шатан зам зэргийг Бид бүхнийг бүрдүүлсэн байна. Үзэмжит газрын зочид буудал нь таван одтойгоос авахуулаад гурван одтой хүртэл байна. Нийт 3000 зочныг хүлээн авах нөхцөлтөй, энэ бүхэн нь олон улсын стандарт хангасан зочид буудал болох юм гэжээ. Үүнээс гадна, бид маш олон үзэмжит газрын хаяг нь өмнөд Солонгос, Япон, Тайланд, Англи, Хятад зэрэг таван хэлээр бичигдсэн байгаа юм гэжээ.
Эрхэм анд нөхөд өө, Э Мэйшань уулаар аялан зугаалж дуусаад, бурхны оронтой үргэлжлэн танилцах юмсан гэж хүсч байвал та эндээс баруун тийш 30 км зайтай нэг газарт очиж үзэн танилцаж болох юм шүү, энд дэлхийн хамгийн том бурхан---Лэ шаний том бурхан байдаг юм. Энэ бурхныг хараад л та дээр үеийн сүсэгтнүүд ямар их шүтлэг бишрэлтэй байсныг гүнээ мэдэрч болох юм.
Энэ майдар бурхныг бүтэн уулан дээр сийлж бүтээсэн байна. Лэ шаний энэ бурхны биеийн өндөр нь 70 гаруй метр, мөрөөрөө 20 гаруй метр өргөн, толгой нь уултайгаа чацуу байж, хоёр хөл нь гол мөрөнд тулгуурлан тогтжээ, тэрээр хоёр гараа өвдөг дээрээ тавьж, амарлангуй тайвуу хичээнгүй байдалтай зогсоно. Зарим хүн энэ бурхныг "уулт бурхан, бурхант уул" гэж нэрлэсэн байдаг. Тэгвэл юуны учир ийм том бурхныг сийлж байгуулсан юм бол? Хэн энэ бурхныг барьж байгуулсан юм бол? Үүний тухай нэг сайхан үлгэр домог байдгийг замчлагч эмэгтэй Ү Липингээс сонослоо. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Лэ шаний энэ том бурхны хөргийг Тан улсын үед буюу манай тооллын 700 гаруй жилийн тэртээ байгуулсан байна. Хамгийн анх энэ бурхны хөргийг тухайн үед Сычуаньд бадар хийж ирсэн Хай түн гэдэг лам эхэлж байгуулсан байна. Тухайн үед Лэ шань уул нь гурван мөрний уулзварт оршдог бөгөөд, усан онгоц живэх хэрэг байнга гардаг болохоор энэ бурхныг барьж гай тотгорыг зайлуулах гэсэн байжээ. Тэрээр Хятадын олон нутгуудаар бадар хийж явсан хүн, гэвч түүнийг харьж ирэхлээр нь орон нутгийн нэг ховдог түшмэл тонон булаажээ. Үүнд Хай түн маш ихээр хилэгнэж, " хараагүй болсон ч яамай, буяны мөнгө эрхмээс эрхэм юм" гээд өөрийн нүдээ ухаж хаясанд түүнийг тонодог хүмүүс хараад айхдаа зугтаасан юм гэжээ.
Харамсалтай нь Майдар бурхны толгойн хөргийг сийлж бүтээсний дараахан Хай түн гуай таалал төгссөн юм байна. Тэр цагаас хойш хоёр үеийн хүний чармайлтаар 90 гаруй жилийн цаг хугацааг өнгөрүүлээд Лэ шаний том бурхны хөргийг бүрмөсөн барьж байгуулж дууссан байна. Өнөөдөр бид алс холоос Лэ шаний том бурхныг харахад, тухайн үеийн урчуудын авьяас чадварыг шагшин бишрэхгүй байхын аргагүй. Тэр мөртөө хүмүүс Хай түн ламын амь биеэ зориулан уулан дээр бурхан сийлсэн сүсэг зоригийг нь ч бишрэхгүй байж үл чадна. Яг ийм л болохоор маш олон сүсэгтнүүд энд хүрэлцэн ирж мөргөл хийж байгаа юм. Хятадын баруун нутгийн Хөхнуур мужийн Дүн налачин сүмийн гэгээн Норов Ринпочэ бол тэд нарын нэг юм. Тэрээр хэлэхдээ, буддын шашны сүсэгтнүүд энд ирж, өнө удаан түүхтэй агуу их бурхны гэгээн дүртэй бараалхах нь үнэхээр сэтгэл ариусгаж ухаарал өгөх юм гэжээ.
Эрхэм сонсогчид оо, та завшаан тохиовол Э Мэйшань уул болон Лэ шань уулын өнө эртний түүхтэй буддын соёл, гайхамшигтай сайхан байгалийн өнгө үзэмжтэй бие сэтгэлээрээ танилцаарай.
ХОУР болон Сычуань мужийн Аялал жуулчлалын газраас хамтран зохион явуулж буй "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдаанд холбогдсон "Э Мэйшань уул, Лэ шань уулаар аялсан тэмдэглэл" гэсэн цуврал мэдээллийн гурав дахь хэсгээс танд танилцууллаа. Би хоёр асуултыг давтаж асууя .
Асуултын тавдугаар сэдэв: Э Мэйшан нь Хятадын буддын шашны ариун дагшин газрын нэг мөн үү?
Асуултын зургадугаар сэдэв: Лэ шань уулны бурхны хөрөг нь дэлхийн хамгийн том бурхны хөрөг юм. Түүний өндөр нь хэдэн метр вэ?
Энэ уралдаанд та амжилттай оролцохыг Монгол хэлний редакцийн хамт олон хүндэтгэн урьж байна.
|