• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-12 17:31:17    
Хулсны баавгайн нутаг-- Сычуаний Вөлүн байгалийн дархан цаазтай бүс
"Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн дөрөв дэх хэсэг

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрсөн хэдэн цуврал мэдээллээр бид та бүхэндээ Сычуаний хамгийн онцлог бүхий үзэмжит газраас танилцуулсан. Тийм болохоор та "Үзэсгэлэнт Сычуань" гэдэг үгний талаар нэлээд ойлголттой болсон байх. Өнөөдөр, танд Сычуаний бэлэг тэмдэг болсон хулсны баавгайг танилцуулмаар байна. Ингээд бид таныг дагуулж Чэндү хотоос 100 км зайтай байгаа Вөлүн байгалийн дархан цаазтай бүс, тухайлбал хулсны баавгайн "гэрээр" зочлуулья.

      Эхлээд танаас асуултын хоёр сэдвээ асууя.

     Асуултын долдугаар сэдэв: Сычуань нь хулсны баавгайн уугуул нутаг мөн үү?

     Асуултын наймдугаар сэдэв: Вөлүн байгалийн дархан цаазтай газар нийт хэдэн зэрлэг хулсны баавгай байдаг вэ?

     Та бүхэн хариултаа дараах мэдээллээс олж болно, ингээд нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу?

     Хориод жилийн өмнө, энэ нутгийн хулсны баавгайн хамгийн идэх дуртай нэг төрлийн хулс нь их хэмжээгээр хатаж шарласан үед, энэхүү дууг Хятадын уран сайханч хулсны баавгайн тогтвортой амьдралд нэмэр болохын тулд зохиосон юм. Өнөөдрийг гэхэд, олон жил өнгөрөн одсон хэдий ч, уг байгалийн дархан цаазтай бүсэд хулс нь сахлаг хэвээр байж, байгалийн өнө эртний ховор чухал амьтан болох хулсны баавгай маань тав тухтай аж төрөн амьдарсаар билээ.

      Сычуань мужийн баруун хойт хэсэгт байрлаж байгаа Вөлүнгийн хулсны баавгайн байгалийн дархан цаазтай бүс нь хулсны баавгайн амьдардаг гол нутгийнх нь нэг нь болсон юм. Тийм болохоор, Сычуань муж нь төрийн эрдэнэ-хулсны баавгайн нутаг хэмээн нэрлэгдсэн байна. Сычуань, Шаньши, Гансү зэрэг муж районы гүн жалга хавцалд л хулсны баавгайн барааг олж хардаг болохоор, дотоод гадаадын жуулчид хулсны баавгайтай ойртох хамгийн боломжийн газар нь энэ дархан цаазтай бүсийн доторх "Жүн хуа хулсны баавгайн цэцэрлэгт хүрээлэн" нь юм байна. Уг байгалийн дархан цаазтай районы хариуцлагатай хүн Жан Лимин танилцуулж хэлэхдээ,

     "Хулсны баавгайг эрүүл чийрэг амьдруулахын зэрэгцээ хулсны баавгайг хайрлаж өхөөрддөг бүх дэлхийн хүмүүст түүнийг яг дэргэдээс нь харах боломж олгож, экологийн байгаль орчныг хамгаалах учир ёсыг жуулчдад ойлгуулж, мөн хулсны баавгайн түүхийг тэдэнд хэлж өгч байгаа нь нэг ёсондоо нэгэн төрлийн биологийн амьд үзүүлэн болж байна" гэжээ.

      Хулсны баавгай нь бөөрөнхийдүү биетэй бөгөөд удаан тайван хөдлөлтэй, түүний хар цагаан алагласан өнгө төрх нь хүмүүсийн хайрыг эрхгүй татдаг юм. Жүн хуа хулсны баавгайн цэцэрлэгт хүрээлэнд одоогоор 100 гаруй хулсны баавгайг тэжээж арчилж байна. Сурвалжлагч энд олон хулсны баавгай байгааг олж харлаа. Тэдний зарим нэг нь шатаар гулган бууна, зарим нь чулуу налан тухтай суугаад наранд биеэ ээнэ, бас зарим нь модонд авирч өнхрөн тоглоно. Тэндэхийн ажилтан тайлбарлаж хэлэхдээ, хулсны баавгай нь модон дээр авирч гарсны дараа тийм хялбархан ойчиж тусдаггүй, санамсаргүй ойчсон байсан ч амархан бэртдэггүй юм гэлээ.

      Харин хүмүүсийн сэтгэлийг хамгийн их зүдээдэг нэг зүйл нь хулсны баавгайн хүнс ундааг зохицуулах явдал юм. Хулсны баавгай өмнө нь мах иддэг амьтан байснаа хожим нь хулсаар гол болгосон ногооны төрөл иддэг амьтан болжээ. Вөлүнгийн байгалийн өнгө үзэмж гоо үзэсгэлэнтэй бөгөөд, чийглэг нойтон уур амьсгал нь хулсны ургацад маш тохиромжтой байдаг юм, ийм болохоор энэ газар нь хулсны баавгайн оршин амьдрах аятай сайхан орчин болсон байна. Харин хулсны баавгай нь ногооны төрлийн хоол иддэг болсон атлаа түүний хоол шингээх чадвар нь сайжирсангүй байжээ. Ердийн үед, энэ хөөрхөн амьтан нь хүмүүст удаан тайван сэтгэгдэл төрүүлдэг нь биеийн хүч тамираа хэвээр байлгахын тулд, хулсны баавгай нь энерги их зарцуулах хөдөлгөөн бага хийдгээс болсон юм байна. Америкийн жуулчин Ребекка Хаасе хулсны баавгайд их хайртай байдаг болохоор түүний идэж уух, наадаж тоглох тэр бүх агшнийг зургийн аппаратаа үлдээн дурсгал болгосон байлаа. Хулсны баавгайг анх удаагаа маш ойр заанаас харсандаа их баярлаж догдолж байгаа нь царай дээр нь илхэн бууж байлаа. Тэрээр хэлэхдээ,

      "Би энд ирээд хулсны баавгайг ойр заанаас харсандаа үнэхээр их баяртай байна, эрүүл чийрэг, хайрламаар хөөрхөн хулсны баавгайнууд энд нэн олон байгаасай" гэлээ.

      Жүн хуа хулсны баавгайн цэцэрлэгт хүрээлэнд бамбарууш бойжуулах тэргүүний тоног төхөөрөмжтэй бөгөөд, тэнд хулсны баавгайн бамбаруушийг хүний хүчээр тэжээн арчилдаг юм. Шилний цаанаас жуулчид бойжуулах саван дахь нударган чинээн биетэй, хоёр нүдээ таг аничихсан, улаан нялх бамбаруушийг олж хардаг. Харин тэр нь өсч томрохдоо бөмбөгөр зөөлөн, удаан тайван хөдлөлтэй том биетэй амьтан болно гэж тэрхэн зуур төсөөлөхийн аргагүй байдаг нь үнэн. Хятадын Тайваниас хүрэлцэн ирсэн ноён Жан Шицан бойжуулах савны гаднаас бамбаруушийн эхээ хөхөж байгаа байдлыг нь нарийн нямбай ажиглан зогсож байлаа. Тэрээр хэлэхдээ,

     "Төрийн эрдэнэ болсон хулсны баавгайн тухай илүү ихийг ойлгож мэдлээ, замчлагч бидэнд хулсны баавгайн тухай олон сайхан үлгэр ярьж, амьдарч ирсэн орчныг нь танилцуулж өгсөн юм. Хулсны баавгайн эх нь зулзагаа арчилж чадахгүй болохоор тийм амархан торниж бойжиж чаддаггүй байсныг би энэ удаа нүдээрээ хараад мэдсэн" гэж яриж байлаа.

      Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, бамбаруушийн нас баралтын хэмжээ нь маш өндөр байж, зарим нь төрөлхийн өвчтөй юм уу хожим нь өвчилсөн байдаг, бас зарим нь эхдээ дарагдаж үхэх тохиолдол ч бий, хулсны баавгай нь олон зулзага төрүүлдэг байсан ч ганц л зулзгаа арчлах тэнхээтэй байдаг аж. Тийм болохоор бамбаруушийн ондрох хэмжээг нэмэгдүүлэхийн тулд эндхийн судалгааны ажилтнууд эх нь авч чадахгүй юм уу өвчилсөн бамбаруушийг хүний хүчээр арчилж бойжуулдаг юм байна.

      Ер нь хүмүүс хулсны баавгайд маш их хайртай байдаг болохоор зарим жуулчид өөрийн цаг завгаа гарган Вөлүнд сайн дурын үйлчилгээ хийдэг байна. Арчлагчийн хувцас өмссөн Япон охин Кодама Мидори бол тэдгээрийн нэг нь юм. Тэр хэлэхдээ, надтай хамт гурван найз минь ирээд байна. Би энд ирээд хулсны баавгайтай хамт баяр жаргалтай нэг долоо хоногийг өнгөрүүлсэн юм гэжээ.

     "Би өглөө болгон хулсны баавгайд хоол өгдөг, үд, оройдоо хулсны баавгайн гэрийг цэвэрлэдэг. Ердийн байдалд хулсны баавгайтай ингэж ойртох боломжгүй юм, тийм болохоор би маш их баярлаж догдолж байна." гэлээ.

      Янз бүрийн улиралд Вөлүнгийн хулсны баавгайн өсөлтийн өөр өөр явцыг нь олж харж болдог юм. Хулсны баавгай судалдаг мэргэжилтэн ноён Ли Дэшэн хэлэхдээ, зуны улиралд Бөлүнгийн цаг агаар сэрүүн чийглэг байдаг болохоор хулсны баавгай нэн илүү цовоо сэргэлэн болчихдог. Намрын улиралд, жуулчид хулсны баавгайн зулзгаа төрүүлж байгааг олж харах боломжтой. Харин хаврын улиралд хулсны баавгайн ороо орох үе болдог учраас их олон сонирхолтой зүйлтэй тохиолддог юм гэжээ. Тэр хэлэхдээ,

      "Хээрийн хулсны баавгайтай нэгэн адилаар эр баавгайнууд хоорондоо тэмцэлдэж байж, дийлсэн нэг нь хамгийн түрүүнд хойч үетэй болох эрхтэй болдог юм. Хүний хүчээр тэжээж арчлах байдалд бол хулсны баавгайг хооронд нь тэмцэлдүүлдэггүй юм, эр баавгай нь ороо орох үед, тэднийг тус тусад нь салгаж хорьдог. Хулсны баавгай нь ерийн үедээ ямар ч дуу чимээ гаргадаггүй ч, ороо орох үедээ янз бүрийн анир чимээ гаргадаг байна. Эхлээд шувуу жиргэж байгаа ч шиг, бас нохой боорлож байгаа ч юм шиг, бүр сүүл үедээ хонь ямаа майлж байгаа ч юм шиг янз янзийн дуу шуу гаргадаг" гэжээ.

      Хүний хүчээр хашаалж тэжээсэн хулсны баавгайгаас гадна, одоогийн байдлаар Вөлүнгийн байгалийн дархан цаазтай районы гүн ууланд бас 100 гаруй хээрийн хулсны баавгай амьдарч байгаа юм, энэ тоо нь мөн дэлхийн хээрийн хулсны баавгайн аравны нэг хувийг эзэлж байна гэсэн үг. Өмнө нь, жирийн жуулчид тэдний амьдарч байгаа орчинд орж харах боломжгүй байсан. Тун саяхан, дээд зиндааны жуулчдад зориулан, уг дархан цаазтай бүс нь дэлхийн хэмжээнд хулсны баавгайд хээрийн шинжилгээ хийх төсөл хэрэгжүүлж, хяналтын системээр дамжуулан хээрийн хулсны баавгайд ойр зайгаас шинжилгээ судалгаа хийх боломж хангасан байна.

      Эрхэм сонсогчид оо, та бүхэн маань хулсны баавгайн нутаг—Вөлүнд тавтай зочлохыг тань бид хүндэтгэн урьж байна. Ингээд энэ булангийнхаа төгөсгөлд, энэ мэдээлэлтэй холбогдсон асуултын хоёр сэдвийг давтаж хэлье.

      Асуултын долдугаар сэдэв: Сычуань нь хулсны баавгайн уугуул нутаг мөн үү?

      Асуултын наймдугаар сэдэв: Вөлүн байгалийн дархан цаазтай газар нийт хэдэн зэрлэг хулсны баавгай байдаг вэ?

      Сая "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн дөрөв дэх хэсгийг танилцууллаа. Та бүхэн маань энэ уралдаанд идэвхтэй оролцно гэдэгт найдаж байна.