ХОУР болон Сычуань мужийн Аялал жуулчлалын албын хамтран зохион явуулж буй "Үзэсгэлэнт Сычуань" аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдааныг хүлээн авч сонсоч байгаад баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд уг асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн зургаа дахь хэсэг: Нүүрний багаа хувиргах Сычуань үндэстний ший жүжгийн үзүүлбэр гэх мэдээллийг хүргэе.
Юуны өмнө танаас асуух хоёр асуултаа асууя:
Нэг, Сычуань ший жүжгийн хамгийн алдартай уран эрдэм нь юу вэ?
Хоёр, Чэндү хотод өдөр бүр Сычуань ший жүжиг сонирхох боломжтой уу?
Та дараах мэдээллийн дотроос энэ хоёр асуултын хариуг олж болно.
Сычуань ший жүжиг нь одоогоор зуу гаруй жилийн түүхтэй болж байна, тэр нь уянгалаг хоолой, уран хөдөлгөөн, зугаатай үг хэлээрээ онцлог болж олноо алдаршсан юм. Сычуань ший жүжгийн нэрт тоглогч ноён Лан Жяфү Сычуань ший жүжгийн ажил эрхлээд 30 гаруй жил болж байна. Тэрээр Сычуань ший жүжгийн талаар танилцуулж хэлэхдээ, Хятадын Күнь Чюй ший зэрэг нь Сычуань нутгийн Дэн шийтэй уусан нэгдэхийн хэрээр Сычуань ший жүжиг болж бүрэлдсэн юм. Өөр бусад нутгийн ший жүжигтэй харьцуулвал, Сычуань ший жүжиг нь өвөрмөц соёлын уламжлал болон ил тод урлагийн онцлог шинжийг хадгалж байгаа юм гэлээ.
"Сычуань ший, Бээжин ший, Юй ший зэрэг нь Хятадын ший жүжгийн хэдэн том төрөлд хамрагддаг. Сычуань ший жүжиг нь голдуу бүс нутгийн соёлын онцлогийг харуулсан, зугаатай хөгжөөнтэй бөгөөд хялбархан ойлгогдох үг хэлээр амьдралыг өгүүлдэг. Тэр нь Сычуань хүмүүсийн аж амьдарлын ёс заншлын үндэс дээр бүрэлдэн тогтсон өвөрмөц онцлог бүхий дуу аялгуу юм. Сычуань шийд нүүрний багаа хувиргах, хутгаа нуух, лааны тоглоом хийх гэм мэтийн янз болгоны сонирхолтой үзүүлбэрүүд байдаг юм."
Сычуань шийн дотор нүүрний багаа хувиргах үзүүлбэр нь хүмүүст хамгийн танил дасал болсон байна. Ер нь Сычуань шийг дурдахтай л зэрэг, бараг хүн болгон энэхүү үзүүлбэрийг дорхноо санадаг, үүнийг мөн Сычуаний нэрт брэнд гэж нэрлэдэг хүмүүс ч олон бий. Тайзны дээр жүжигчид хэнгэрэг цангийн дуутай айзам зохицуулж, ханцуйгаараа нүүрээ бөглөн толгойгоо сэжихтэй зэрэг нүүрний багаа хувиргадаг байна, түүний ур мэргэжлийн уран эрдмийг харсан үзэгч өөрийн эрхгүй дуу алдан шагшин магтацгаадаг билээ.
Сычуань шийг сонирхсон үзэгч бүхэн цаана нь нуугдаж буй увдисыг нь мэдэх гэж их хүсдэг аж. Харин энэ нууцын тухай яриулах гэхээр, Сычуаний ший жүжигчин бусдаас үнэнийг нь нууцалж байлаа. Залуу ший жүжигчин ноён Чэнь Жяшинь хэлэхдээ, нүүрний багаа хувиргах ший жүжгийн эрдэм нь Сычуань ший жүжгийн "нууц жор" нь юм гэлээ.
"Нүүрний багаа хувиргах ший жүжиг нь Сычуань шийн уран эрдэм нь юм, үүний тухайд тайзан дээр гурван зүйлийн илрүүлэх арга барил байдаг, эдгээр нь бүгд нууц жор болохоор шууд хэлж ярьж болохгүй. Нэг секундэд нүүрний багаа гурав удаа хувиргах нь Бидний хамгийн хурдацтай үзүүлбэр болно. "
Нүүрний багаа хувиргах шийн нууцыг илрүүлэхийн тулд бид Сычуаний Их Сургуулийн профессор, зан үйлийн судлаач Мао Жяньхуаг сурвалжилсан юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, нүүрний багаа хувиргах ший жүжиг нь гурван арга барилтай байдаг. Тухайлбал, нүүрний багаа илэх, үлээх болон хуулах гурван төрөл болно. Нүүрний багаа илэх гэдэг нь гоо сайхны будгийг нүүрний багийнхаа нэг хэсэгт нь түрхээд, тоглолт гаргах үедээ гараараа багаа илэхтэй зэрэг дорхноо өнгө нь өөрчлөгддөг байна. Нүүрний багаа үлээх гэдэг нь алтны нунтаг, бэхний нунтаг, мөнгөний нунтаг гэх мэтийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хэлж байна. Тоглолт гаргахдаа, эдгээр нудтгуудаа жижиг хайрцаг дотор хийж тайзан дээрээ тавина, тэгээд газар дээр хэвтэх хөдөлгөөн хийх үедээ жижиг хайрцаг руу нүүрээ тулгаж будгаа үлээгээд нүүрнийхээ өнгийг хувиргадаг байна. Тэгэхдээ энэ хоёр зүйлээс гадна нүүрний багаа хуулах арга барилыг нь байнга хэрэглэдэг аж.
"Ердийн үед, бид нар нүүрний багаа хуулах ший жүжгийг сонирхдог. Тэр нь торгоор хийсэн нүүрний багаа хэд хэдэн давхраар нь нүүр дээрээ нааж тавиад, түүнийгээ нарийн торгон утсаар хувцаснаасаа үл мэдэгдэм торгож тавьдаг байна. Тэгээд жүжгийнхээ үйл явдалтай холбогдуулан, биеийн хөдөлгөөнөөрөө үзэгчдийг төөрөгдүүлэх зуур нүүрний багаа нэг нэг ширхгээр хуулж хаядаг байна. Хамгийн төвөгтэй хэсэг нь яг үүндээ байдаг. Хэрэв нүүрний багуудын хооронд нь наалтыг хэт их түрхчихвэл тэр нь хуулагдахгүй болох юм уу эсвэл бүгдээрээ зэргээр хуулагдчихдаг, нөгөө талаар заавал хурц шаламгай хөдөлгөөнтэй байх хэрэгтэй бөгөөд хуурмаг хөдөлгөөнөө эвтэй хийж, үзэгчдийн анхаарлыг шилжүүлж чадсан байх хэрэгтэй. "
Хэдий ийм олон тайлбар өгсөн байсан ч хүмүүсийн сонирхож асуух зүйл мөн л мундахгүй байгаа нь аргагүй: Арван хэдэн давхар наалдуулсан нүүрний багийг яахдаа тийм түргэн хөдөлгөөнөөр хуулж болдог? Тэгээд хуулсан багаа хаана хаядаг? Мөн тэрхүү гайхалтай нүүрний багийг яаж хийдэг, ямар газарт хийдэг гэх мэтийн олон асуултад төөрөгдсөөр л байгаа билээ. Энэ олон мэргэжлийн юмыг ший жүжигтэй нэг их холбоогүй бид нар хэзээ ч гэсэн ойлгож чадахгүй байж мэднэ, энэ нь яг Сычуаний ший жүжигчин ноён Лан Жяфүгийн хэлсэнчлэн, эдгээр увдис нь Сычуань шийн ид шидийг харуулж байгаа юм байна.
"Нүүрний багаа хувиргах ший жүжиг нь нэгэн зүйлийн ур мэргэжил юм, энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд, нууцгай зүйлээ заавал үлдээх хэрэгтэй, хэрэв илб шиг бүх нууцаа задруулбаас, сонин гайхалтай санагдахаа байчихна."
Нүүрний багаа хувиргах шийтэй адилхан өндөр үнэлэгддэг үзүүлбэрүүдийн дотор амнаасаа гал гаргах тоглолт нь хүмүүсийг хамгийн ихээр алмайран гайхуулдаг юм. Жүжигчин урьдаар гүн гэгч нь амьсгаа аваад хүчлэн үлээхтэй зэрэг амнаас нь гал цувран гардаг байна, энэ нь маш их түгшүүртэй бөгөөд цочмог санагддаг. Үүний учир юу вэ гэхээр, жүжигчин амандаа гаршийн тос хийгээд түүнийгээ манантуулан үлээж гаргахдаа тэр дор нь галтай авалцуулдаг юм байна. Үүний аньс нь гэвэл, үлээн гаргасан гал нь унтрахаас өмнө дунд нь амьсгаа авч болдоггүй, эс тэгвэл "амьдаараа шатаагдах" аюулд учирч мэдэх юм байна. Сычуань шийн амнаасаа гал гаргах үзүүлбэрийн жүжигчин Ли Кэ хэлэхдээ, амнаасаа гал гаргах тоглолтыг нүүрний багаа хувиргахтай уялдуулах юм бол нэн гайхалтай сайхан урлагийг харуулж чадах юм гэлээ.
Сычуань шийд бас алганаасаа цэцэг ургуулах, хутгаа нуух гэх мэтийн олон сонирхолтой уран эрдэм байдаг. Алганаасаа цэцэг ургуулах үзүүлбэр нь илбэтэй нэлээд төстэй, жүжигчин гартаа юу ч бариагүй атлаа янз болгоны үзэсгэлэнт цэцгүүдийг тасралтгүй ургуулан гаргадаг байна. Харин хутгаа нуух үзүүлбэрийг нүд хурц гар түргэн жүжигчин л хийдэг юм, тэр нь үзэгч олны харцан дороос гартаа барьж байсан том хутгаа гэнэт алга болгодог, үнэнийг хэлэхэд энэ нь хутгаа биенийхээ ард нуусан хэрэг болох юм.
Сычуаний Чэндү хотод өдөр болгон уламжлалт Сычуань шийн тоглолтыг сонирхож нүдээ хужирлаж болох юм. Цай ууж, амтат самар идэн, найзуудтайгаа хуучилж тухлан суухын зэрэгцээ Сычуань шийг сонирхох нь Сычуань нутгийн иргэдийн амьдралын төлөөлөх хэв маяг болжээ. Чэндү хотод Сычуань ший жүжиг сонирхох газар олон бий, тухайлбал, Ү Хөүсы жүжгийн театр, Шүнь Шин цайны газар, Чэндүгийн Сычуань ший жүжгийн уран сайханы төв гэх мэт. Сычуань ший жүжгийн тоглолтын газрын хариуцлагатан ноён Ли Шянь хэлэхдээ, бороо салхитай ямар ч өдөр тохиолдсон байсан ч, Сычуань ший жүжгийн тоглолт өдөр бүр хэвийн ёсоороо ажилладаг юм гэлээ.
"Бид нар 10 жилд нэг ч өдрийг алгасалгүй, орой болгон 8 цагт үзүүлбэрээ хийж ирсэн, ганц үзэгч ирсэн байсан ч, бид хэвийн ёсоороо л ажилладаг юм. энэ нь нэг ёсондоо бидний Сычуань шийн талаарх үзэл баримтлалыг харуулж байна, үүнийг мөн нэг төрлийн шүтлэг бишрэл гэж хэлж болно, мөнгө хэдий олох хэдий алдахыг бодохгүй, заавал тоглолтоо л хийнэ. Ялангуяа аялал жуулчлалын тав тухтай улиралд бид нар өдөрт хоёр удаа тоглолт гаргадаг, энэ нь мөн дотоод гадаадын үзэгчдийн халуун хүрээллийг олж байна."
Сычуань ший нь дэлхийн олон газрын жуулчдын анхаарлыг ихэд татдаг, тэд нар сонин гайхалтай Сычуань шийн уран эрдмийг хараад алгаа ташин шагшин магтацгаадаг билээ. Емэний жуулчин Асаад Сычуань шийн тоглолтыг сонирхсоны дараа бахдан хэлэхдээ:
"Би анх удаагаа Чэндү хотод ирж байгаа нь энэ, Сычуань шийн тоглолт маш сайхан санагдлаа. Хятадын уламжлалт тоглолт болсны хувьд энэ нь Хятадын соёлын төлөөлөл болж байна. Би нүүрний багаа хувиргах шийг үзэх их дуртай, үнэхээр гайхалтай байна."
Эрхэм сонсогчдоо, та бүхэн сая "Үзэсгэлэнт Сычуань" аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн зургаа дахь хэсгийг хүлээн авч сонслоо. Одоо танаас асуух хоёр асуултаа давтан хэлье.
Нэг, Сычуань ший жүжгийн хамгийн алдартай уран эрдэм нь юу вэ?
Хоёр, Чэндү хотод өдөр бүр Сычуань ший жүжиг сонирхох боломжтой уу?
Энэ мэдлэгийн уралдаанд оролцохыг хүсч байвал, та хариултаа шуудангаар юм уу, мэйлээр ирүүлж болно. Манай шуудангийн хаяг: MONGOLIAN CERVICE, CRI-5, CHINA RADIO INTERNATIONAL, P.O.BOX 4216, BEIJING P.R.CHINA, 100040. Манай мэйл: mon@cri.com.cn. Уг асуулт хариултын уралдаан нь 2009 оны 4-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэл явагдана. Уралдаан дууссаны дараа бид захидал, мэйл ирүүлсэн сонсогчдын дундаас 1,2,3-р байр эзлүүлж, шилдгийн шилдэгт шалгарсан сонсогчийг 2009 оны 6-р сард Хятад улсад үнэ төлбөргүй айлчлуулах болно. Та бүхнийг урьж байгаа энэ алтан боломжийг хүртэхийн тулд энэхүү асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.
|