1985 оны 4 – 5-р сар хүртэлх богинохон 30 хоногийн дотор Хятадын эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын тамирчин Ян Вэньчинь эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын Хятадын болон Азийн рекорд амжилтыг гурав удаа шинэтгэж, Азийн "Нисдэг хүн" гэж нэрлэгдсэн Хятадын анхны тамирчин болсон байна.
Олон улсын хөнгөн атлетик сонирхогчдын холбооны дурсгалын алтан медаль хүртсэн анхны тамирчин: Эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин Жэн Фэнрүн болон түүний дасгалжуулагч 1987 оны 10-р сарын 21-ний орой Олон улсын хөнгөн атлетик сонирхогчдын холбооны гардуулсан "Олон улсын хөнгөн атлетик сонирхогчдын холбооны 75 жилийн ойн дурсгалын алтан медаль"-ийг хүртэж тус медалийг хүртсэн Хятадын анхны тамирчин болсон байна.
Азийн эрэгтэйчүүдийн гурван алхамтай холын харайлтын 17 метрийн давааг давсан анхны тамирчин: Хятадын эрэгтэйчүүдийн гурван алхамтай холын харайлтын тамирчин Зөү Жэньшянь 1979 онд Японд болсон Азийн хөнгөн атлетикийн биеийн тамир спортын наадам дээр 17,02 метрийн шилдэг амжилтаар Азийн эрэгтэйчүүдийн гурван алхамтай холын харайлтын 17 метрийн давааг давсан анхны тамирчин болж, дэлхийн тэргүүний эгнээнд орсон байна.
Дэлхийн холын харайлтын алтан медаль авсан анхны хөгжлийн бэрхшээлтэй тамирчин: 1982 оны 11-р сард Хятадын ганц гар ганц хөлтэй залуу Ли Чэнган Шянганд болсон Алс дорнод болон Өмөн Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын наадмын холын харайлтын тэмцээнд 3,20 метрийн амжилтаар алтан медаль авч, Дэлхийн холын харайлтын алтан медаль авсан Хятадын анхны хөгжлийн бэрхшээлтэй тамирчин болсон байна.
Эмэгтэйчүүдийн гурван алхамтай холын харайлтын дэлхийн хамгийн сайн амжилт бүтээсэн тамирчин: Эмэгтэйчүүдийн гурван алхамтай холын харайлтын дэлхийн хамгийн сайн амжилт бүтээсэн Хятадын тамирчин бол Ли Хүйрүн юм. 1987 оны 10-р сарын 11-ний өдөр Японд болсон хөнгөн атлетикийн уралдаанд 14,03 метрийн амжилтаар эмэгтэйчүүдийн гурван алхамтай холын харайлтын дэлхийн хамгийн сайн амжилт бүтээв. Тэр үеийн эмэгтэйчүүдийн гурван алхамтай холын харайлтын дэлхийн хамгийн сайн амжилт нь 13,85 метр байсан бөгөөд энэ амжилтыг Америкийн тамирчин тогтоосон байжээ.
Эмэгтэйчүүдийн танхим доторх холын харайлтын Азийн рекорд амжилтыг дараалан гурав удаа шинэтгэсэн анхны тамирчин: 1989 онд Бээжингийн өвлийн улирлын хөнгөн атлетикийн урилгын тэмцээнд Хэбэй мужийн тамирчин Лю Шүжэнь Хятадын тамирчин Жи Жэнгийн 19 жил хадгалсан эмэгтэйчүүдийн танхим доторх холын харайлтын Азийн рекорд амжилтыг дараалан гурав удаа шинэтгэв. Тэрээр 6,49 метр, 6,54 метр, 6,61 метрийн амжилтаар эмэгтэйчүүдийн танхим доторх холын харайлтын Азийн рекорд амжилтыг дараалан гурав удаа шинэтгэсэн Хятадын анхны тамирчин болсон байна. \Цэцэн бэлтгэв\
|