Өөрчлөлт нээлтийн 30 жилийн турш Хятад орон гадаадад нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээр Хятад соёл хүмүүсийн анхаарлыг татаж, хятад үг хэл үсэг бичиг ч дэлхий дахинд түгэн дэлгэрчээ. Өнө мөнхийн их хөрш болох Хятад Монголын дипломат харилцаа гүнзгийрэхийн дагуу хоёр орны соёлын солилцоо хөгжиж, хамтын үйл ажиллагаа ид өрнүүн явагдаж байна. Хоёр орны соёл боловсрол дахь хамтын ажиллагааны нэг салаа бол Монгол улс дахь Күнзийн дээд сургууль, Күнзийн хичээлийн тэнхимийн боловсролын үйл ажиллагаа болно.
Улаанбаатар хотын Юй-цай хятад хэлний сургууль бол их цар хүрээтэй хятад хэлний гүнзгийрсэн сургалттай сургууль болно. 2007-оны 11-сарын 2-ний өдөр Хятадын Олон Улсын Радиогийн төлөөлөх баг Улаанбаатар хотын Юй-цай хятад хэлний сургуультай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж,CRI Юй-цай радио Күнзийн тэнхимийг албан ёсоор байгуулсан байна. Уг тэнхим нь радиогоор хятад хэл сурах үйл ажиллагаа зохион байгуулж, Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцын бэлтгэн явуулж байгаа "Өдөр тутмын хэрэглээний хятад хэл" нэвтрүүлгээс хятад хэл сурах ба олон төрлийн мэдлэгийн уралдаан тэмцээний үйл ажиллагаанд оролцож, бас сонсогчдын клуб байгуулсан байна.
Монгол улс дахь хятад хэлний сургалтын нэгэн том ахиц бол 2008-оны 5-р сарын 2-ний өдөр Монгол Улсын Их Сургууль нь Хятадын Шань-дүний их сургуультай найрсаг хамтын ажиллагаа байгуулж, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн дээд сургуулийг байгуулсан байна. Ингээд 2008 оны 12-сарын 9-ний өдөр Бээжинд болсон "Хятад хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх Күнзийн институтийн олон улсын хурал"-д Улаанбаатар хотын Юй-цай хятад хэлний сургуулийн захирал Баяр Монгол улсын төлөөлөгчийн хувиар оролцжээ. Тэрээр уг хурлын тухай танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн хуралд дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгчид оролцож, хятад хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх институтийн 2008 оны үйл ажиллагаагаа дүгнэж, 2009 оны үйл ажиллагааныхаа тухай санал бодлоо солилцож, хойшдын үйл ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, холбогдох баримт бичгүүдийг гаргасан байна. Уг хурал нь Күнзийн институтийн захирлуудын хурал, Хятад хэлийг заах арга зүйн тухай эрдэм шинжилгээний хурал гэх хэсгүүдээр явагдаад, 12-сарын 18-д амжилтай өндөрлөсөн тухай мэдээ мэдээллийг дамжууллаа. Тэрээр цааш нь бас CRI Юй-цай радио Күнзийн тэнхимийн хятад хэлний сургалтын тухай танилцуулж хэлэхдээ, өнөө дэлхийн олон улсын хэмжээнд 100 гаруй Күнзийн институт байгуулагдаж, хажуугаар нь бас 50 гаруй Күнзийн хичээлийн тэнхим байгуулагдсан байна. Эдгээр тэнхимийн нэг нь манайх байгаа юм. Манай тэнхим сурагчдын хятадаар ярих, бичих зэрэг илтгэх ур чадварыг сайжруулах, мэдлэг мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах, Хятадын түүх соёл, урлаг уран бүтээлийг сонирхуулан сурталчлах гэх мэтийн үйл ажиллагаа явуулдаг. Ер нь Күнзийн дээд сургууль, Күнзийн хичээлийн тэнхим гэсэнгүй Монголын залуучууд хүүхдүүдийн хятад хэл сурах, Хятад орны соёл шинжлэх ухааны мэдлэг мэргэжлийг суралцан, улс эн орноо хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой. Суут сэтгэгч Күнзийн хэлсэн сургаал үгүүд нь ч багш ахмадын үр хүүхдээ хүмүүжүүлэхэд ишлэл баримжаа болохуйц билэг сургаал юм гэлээ.
Тэрээр өнгөрсөн жил Монгол Хятадын хамтын ажиллагааны гараагаар , Шан-дүний их сургуульд нэг долоо хоног ажиллаж, эрдэмтэн багш нар ба оюутнуудтай нь уулзаж, санал бодлоо солилцсон бөгөөд суут сэтгэгч Күнзийн төрсөн нутгаар аялж, өнө удаан түүхтэй, сонирхолтой, баялаг гүнзгий утга агуулгатай түүхийн чухал баримтууд болсон сүм хийд, сурвалж бичгүүдийг үзэж сонирхсон байна.
|