Армаг хүлэг, адуучдаараа алдартай Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд морин толгойт бурхан бүхий Ганжуур, Данжуур хадгалдаг Хаянхярваа сүмийн орчимд төрж, өссөн яруу найрагч Го.Соёлт 1986 онд Өвөр монголын Шилийн гол аймгийн Монгол багшийн сургуульд багшийн мэргэжил эзэмшсэн агаад оюутан ахуй цагаасаа шүлэг зохиол оролдсон нэгэн.
Өгүүллэг, туужийн "Эмээгийн намар" түүвэр хийгээд Өвөр монголын хөдөө ямар байдаг тухай дурсамжийн "Бага дэвтэр" номтой. Өдгөө Эрээн хотын зохиолчдын эвлэлийн дэд тэргүүн, Эрээн хотын монгол сургуульд монгол хэлний багшаар ажилладаг.
"Эмээгийн намар" найраглалаарыг нь Өвөрмонголд мэдэхгүй хүнгүй гэж болмоор юм. Энэ бүтээлийнхээ тухай тэрээр танилцуулж хэлэхдээ: "Эмээгийн намар" найраглал 1993 оны намар Өвөр монголын радиогоор цацагдсанаас хойш Өвөр монголын сонсогч олон хүсэлтийн хариу болгож 10 жил илүү хугацаанд хоёр мянган удаа давтан сонссон. Монгол Улсын сонсогчид ч бас 500-гаад удаа сонссон байдаг. Одоо "Эмээгийн намар" туужаар өөртөө засах районы төв радиогоор хөгжимт найруулга тавьж байгаа. Мөн шинэ шүлгийн түүврээ хэвлэлд өгөөд байна. Миний уран бүтээлээс олонд түгсэн нь "Эмээгийн намар" юм. Найраглал маань Хятад Улсын дунд сургуулийн сурах бичигт багтсанд баярлаж явдаг гэлээ.
Го.Соёлт Эрээн хотын зохиолчдын эвлэлийн талаар танилцуулж ярихдаа: Эрээн хотын зохиолчдын эвлэл байгуулагдаад арван жил болжээ. Энэ жил эвлэл гишүүнчлэлээ өргөтгөн тэргүүлэгч, дэд тэргүүнийг сонгосноор хятад, монгол нийлсэн 60 гаруй гишүүнтэй болсон. Эвлэл зохиолчдод сайн бүтээл гаргах шаардлага тавиад байна. Бид бусад аймаг, хошуудын зохиолчидтой уулзах, Монголын зохиолчидтой танилцах зэрэг ажлууд төлөвлөснөөс ирэх жил Сүхбаатар аймгийн зохиолчидтой уулзалт зохион байгуулна. Эрээн хотод газар газраас ирсэн хүн байдаг болохоор хэн юу хийдгийг бид тэр бүр мэдэхгүй. Эхлээд Эрээн хотын зохиолчдыг нэгтгэх хэрэгтэй байна гэлээ.
Тэрээр Өвөрмонгол дах яруу найргийн тэмцээний тухай сэтхэгдэлээ ингэж ярилаа, Би яруу найргийн тэмцээнд орж өндөр амжилт гаргаж байсангүй. Монгол улст болдог "Болор цом" оны тэргүүн наадамтай адил хэмжээний "Гэлэгүүн уянга", "Насны намар", "Хилийн хотноо" зэрэг яруу найргийн наадмууд болдог. Жил тутам болдог эдгээр наадамд газар газрын шилдэг найрагчид оролцоно шүү дээ. Эхлээд яруу найрагчид шүлгээ явуулж, шигшигдсэн нь уралдаанд найраг дуугаа өргөдөг уламжлалтай. Өвөр монголд уран зохиол сонирхдог хүн олон. Ялангуяа Монгол Улсын утга зохиолыг залуучууд их уншдаг.
Го.Соёлт Монголын яруу найрагийн тухай сэтхэгдлээ ярихдаа: би Багаасаа Монголын яруу найрагийг уншиж өссөн болохоор их сонирхоно. Алдарт яруу найрагч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Т.Галсан, Ц.Хулан гээд олон хүн дурдаж болох юм. Сүүлийн үеийн уран бүтээлчдийг ч уншдаг. Өгүүллэгээс Ч.Лодойдамба, Б.Рэнчин, С.Эрдэнээр бахархаж явдаг. Нэг үе Р.Чойном уран бүтээлд минь нөлөөлдөг байлаа. Миний ажигласнаар Монголын яруу найраг хүний дотоод сэтгэлийг илэрхийлэхийг гол болгодог шиг санагдсан гэж байлаа.
Тэр, Онгод гэж үнэхээр байна. Аливаа гайхалтай мэдрэмжийг бодож явах үедээ буюу тухайн цагт нь бичвэл сайн бүтээл төрнө. Хэсэг хугацааг алмайраад орхичихвол өнөөх сайхан санаа мартагдах жишээтэй. Онгод бол агшин зуурын сэтгэлийн хөдөлгөөн. Гагцхүү зөв илэрхийлэгч нь яруу найрагч хэмээн Уран бүтээлчийн хувиас онгодын тухай ийн өгүүжээ.
Хөгжмийн зохиол бичж, Урын сангаа уудалахдаа: "Ээж минь сайн байна уу", "Дүүдээ", "Монгол бөх" гээд олонд түгсэн 30 гаруй дуутай. Би багшийн мэргэжил эзэмшиж байхдаа хөгжимд бахтай байлаа. Анх гитар тоглодог байгаад сүүлийн үед электрон хөгжим сурсан. Яруу найрагч өөрийнхөө зүрх сэтгэлийг үгээр илэрхийлдэг бол тэр мэдрэмжийг хөгжмөөр илэрхийлж болохыг ойлгосон минь амжилт олсон гэлээ.
Бас ардын багшийн хувиас Хүүхдүүдийн монгол хэлээ хэр сурч байгаа талаар ингэж ярилаа: Манай Эрээн хотын монгол сургууль бага сургуулийн нэгдүгээр ангиасаа арав төгстөлөө нэг дор байрладгаараа онцлог. Мөн Монгол Улсын нэг анги байдаг. Хүүхдүүд насны ялгаагүй холилдон байдаг тул мэдлэгээ солилцож монгол хэлээ сурах байдал их сайн. Гэхдээ хөдөө өссөн хүүхдүүдийг бодвол хотын хүүхдүүд уламжлалт соёлоо алдсан нь хэлээ хүлээж авахдаа жаахан хүндрэлтэй байдаг. Манай сурагчид монгол хэлээрээ сэтгүүл гаргадаг. Сэтгүүлээ найруулан бичих, элдвийг сонирхон судлах нь хүүхдүүдэд уран зохиолын дугуйлан байгуулах боломж олгодог гэж боддог.
|