2008 оны 11-р сарын 29-ний өдрөөс 12-р сарын 3-ны өдрүүдэд, Хятад улсын найман муж орны Монгол хэл бичгийн ажлын хамжилцах хэсгийн албанаас зохион байгуулж, Өвөр Монголын Их сургууль зэрэг байгууллагын эрхлэн явуулсан "Амин шарга" цомын Монгол язгуур урлаг ардын дууны их цуглаан ӨМӨЗР-ны төв Хөх-Хотноо болов.
БНХАУ байгуулагдсаны дараах анхны энэхүү Монгол язгуур урлаг ардын дууны өргөн цуглаанд сүмбэр их Алтайн нурууны өвөр тушаа нутагтай ШУӨЗР-ны Ойрд, Торгууд Монголын ардын дуучид, Их Хянган давааны өргөн хангайд оршдог Буйр Хөлөнгийн ардын дуучид, Ганьсү мужийн Жан Же хотын Халх Монгол дуучид, Сү Бэй Монголчуудын ардын дуучид, Ляо Нин мужийн Горлос Монголчуудын ардын дуучид, Хөх-Нуур, Сы чуань, Юнь нань, Гирин, Хэ бэй мужийн Монгол ардын дуучид зэрэг арван зүгийн эл аймаг хотоос хуран цугларсан 6818 ардын дуучид оролцож, нутаг нутгийн өвөрмөц онцлогоороо ялгаран тодорч, язгуур урлаг ардын дууны яндашгүй уурхай дундаршгүй хишгээ хүртээж байгааг таниулсан байна. Олон дуучдын тэмцээнээр, 1 гавьяат дуучин, 2 алдарт дуучин, 5 алтан медальт дуучин, \Алшаагийн Насан-хүү тэргүүн алтан медалиар энгэрээ мялаав\ 10 мөнгөн медальт дуучин, 10 хүрэл медальт дуучин тодорлоо. Ая дуугаараа түмэн олонд танил болсон ардын дуучдын дотроос Алшаа ардын дуучид авьяасаараа ааглаж, онгодоороо цалгиж, өмсгөлөөрөө гайхуулж байлаа гэхэд илүүдэх нь үгүй. Өөрөө 11-р сарын 24-ний өдрөөс 12-р сарын 3-ны өдөр болтол Алшаа ардын дуучидтай хамт наргиж, хамт байрлаж, хамт амьдарч явснаа одоо ч олзуурхан санагалзсаар байна. Тэдний Монгол ардын язгуур урлаг ардын дуугаа өвлөн хамгаална гэсэн эрхэм дээд чин зориг, үүний төлөө зарцуулсан нөр их хөдөлмөр уйгагүй чармайлтыг "Алшаа аймгийн Монгол ардын дууны эмхэтгэл" \8 боть\ ном болон "Алшаа уртын дууны CD" хэмээх тэвэрч үл даам томоохон бүтээлүүд эмхлэн найруулж, ард түмний хүртээл болгосон нь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа нэгэн үйл явдал гэж хэлж болно. Алшаа аймгаас ирсэн 160 шахам хүний дотор 138 дуучин байснаас 83 насан сүүдэр зооглож яваа өндөр настан Жавзан болон 50-79 насны 26 ардын дуучин багтаж байна. Тэд Алшаа аймгийн төв Баян-Хот Хөх-Хотыг холбосон 745 км урт замыг авто машинаар туулж, өвлийн эхэн сарын будрах цасанд хучигдсан Алшаа уулыг ороон хурдлахдаа аяны дөрөө мулталж чилээ тайлсан удаагүй. Үдшийн бүрий тасрахтай зэрэг Хөх-Хотын Баян-Тал зочид буудалд тухаллаа. Буурлууд ядаргаатай байна гэж ерөөс хэлээгүй. Настан буурлууд минь чухам бие сэтгэлийн тэнхээтэй улс даа. Тэдний нүүдэлчин амьдрал, хүрээлэн байгаа орчноос шалтгаалах Монгол язгуур урлаг, ардын дуугаа өвлөн авч дээдлэн хамгаалах шударга сэтгэлгээ, ёс суртахууны сэтгэлгээ, хариуцлагат сэтгэлгээ нь эрхэм цуут хүмүүсийн "Амьдрал бол урлагийн сүж булаг мөн" гэсэн үгийг өөрийн эрхгүй санагдуулна. Алшаа ардын дуучдын Халх маягаар дуулах, Хошууд маягаар дуулах, Торгууд маягаар дуулах, бас Алшаагийн лалын шашин шүтдэг хэсэг Монголчуудын Хүйвэр маягаар дуулах гэх мэтийн маш олон намба донжтой ур чадвар нь бусад Муж, Аймаг, Хошуудаасаа илүү өвөрмөц онцлогтой байлаа. Үүнээс гадна, Алшаа дуучид зөвхөн ардын дуу дуулдаг биш, хувцас өмсгөлөөрөө ч үндэстэн ястны ил тод онцлогтой байгаагаараа давамгайлж харагдана. Алшаа аймгийн ардын дуучдын нийгэмлэгийн хүндэт дарга Алтан-Туяа ололт амжилтдаа олзуурхан бахархаж хэлэхдээ: "Манай ардын дуучид ая дуугаараа хүн арддаа танил дасал болж байгаа төдийгүй эрхэмсэг дэгжин хувцас өмсгөлөөрөө ч олон түмэнд гайхалтай сэтгэгдэл өгч байгаа юм шиг байна" гэсэн нь дуулах урлаг болон гоо сайхны таашаалыг хамт хүртээж байгааг тусгасан гүнзгий утга агуулгатай үг байж таарна. 2008 оны 12-р сарын 4-ний үдэд болсон хариу талархлын дайллага дээр Алшаа аймгийн ардын дуучдын нийгэмлэгийн дарга, Өвөр Монголын 7 дархан дуучны нэг нь болсон Л.Бадма хэлэхдээ, "Манай Алшаа аймгийн ардын дуучдын нийгэмлэг 1993 оны 5-р сарын 22-ны өдөр байгуулагдсан цагаасаа өнөө болтол 15 жилийн хугацаанд тун их ажил хийжээ. Эхлээд цөөн тооны гишүүнтэй байснаасаа одоо 3 хуваар нийгэмлэгтэй, нийт 200 гаран бүрэлдэхүүнтэй болж тэлэн өрөгжлөө. Тун саяхан манай Алшаа ардын дууны судлан ярилцах хурлаар, ширхэг бүр нь хоёр хуруу зузаан, нийт 8 боть ном эрхэм уншигчид, ард түмэнтэйгээ золгов. Манайхан хувцас өмсгөлийн талаар ч үндэстэн ястны өвөрмөц онцлогоо хадгалж чадахуйц төвшинд хүрсэн байна. Энэ бол хоолойн ур, гарын урыг зэрэг харуулж байгаа явдал юм. Бас ч хөдөлмөрч Алшаачуудын хөлс цус, тус дэмжлэгийн тод илрэл юм. Ёстой Алшаачуудын бахархал мөн, Авьяас мөн, Чадвар мөн. Би энэхүү ололт амжилтаа Соёлын яамд тайлагнахаар Бээжинд очно" гэжээ.
"Амин шарга" цомын Монгол язгуур урлаг ардын дууны их тэмцээн нь уртын дуу дуулахаар гол болгож, Жангар хайлах, Дуулалт урлаг, Үлгэр холбоо, Ерөөл магтаал, Хөөмий зэрэг төрлүүдээр хэсэг хуваан уралдуулсан байна.\Л.Буянтогтох\
|