БХАТИХ-ын Байнгын хорооны "Тайваний эх орон нэгтэй ах дүү нарт өгсөн бичиг" нийтлэгдсэний 30 жилийн ойг тэмдэглэх яриа уулзалт 31-ний өдөр Бээжинд болсон байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулах зургаан зүйлд чухал санал дэвшүүлсэн байна. "Нэг Хятад"-ын зарчмын үндсэн дээр хоёр эргийн дайсагнагч байдлыг албан ёсоор эцэслүүлэх тухай зөвшилцөж, энхийн хэлэлцээр тохиролцон, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн хүрээг тогтоохыг дахин уриалсан байна.
1979 оны шинэ жилийн шинийн нэгэнд БХАТИХ-ын Байнгын хороо "Тайваний эх орон нэгтэй ах дүү нарт өгсөн бичиг" нийтэлж, зөвшилцлийн замаар Тайваний хоолойн цэргийн сөргөлдөөнийг эцэслүүлж, хоёр эргийн эх орон нэгтэй хүмүүс хоорондын хэлхээ холбооны харш саадыг арилгаж, чөлөөтэй харилцахыг ахиулж, агаарын тээвэр, усан тээвэр болон шуудан холбоо шууд нэвтрүүлэхийг биелүүлж, эдийн засаг соёлын солилцоо өрнүүлэхийг тодорхой санаачилсан байна. "Тайваний эх орон нэгтэй ах дүү нарт өгсөн бичиг" нийтлэгдмэгцээ л маш их нөлөө үзүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа сөргөлдөөнөөс яриа хэлэлцээний зүг шилжих анхны алхам болсон байна.
Түүнээс хойших 30 жилд, Тайваний хоолойн хоёр эргийн эх орон нэгтэй хүмүүс болон олон салбарын зүтгэлтнүүдийн хамтын хүчин чармайлтаар хоёр эргийн харилцаанд ихээхэн өөрчлөлт гарсан байна. Онцгойлон 2008 онд, Тайваний улс төрт хоёр эргийн харилцааны энх тайван хөгжилд ашигтай өөрчлөлт гарч, хоёр эрэг хооронд иргэдийн хүсэн хүлээсээр ирсэн агаарын тээвэр, усан тээвэр болон шуудан холбоог шууд нэвтрүүлу эхэлсэн байна.
31-ний өдрийн яриа уулзалт дээр, дарга Хү Жиньтао 30 жилийн турших хоёр эргийн харилцааны хөгжлийн байдлыг нэгтгэн дүгнэж заахдаа:
"Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны хөгжлийг ахиулж, эх орноо энх тайвнаар нэгтгэхэд хамгийн чухал нь энх тайвнаар нэгтгэх, "нэг орон, хоёр систем"-ийн чиг шугам болон хоёр эргийн өнөөгийн харилцааг хөгжүүлж, эх орноо энх тайвнаар нэгтгэх үйл явцыг ахиулах 8 зүйлт саналыг мөрдөж, нэг Хятадын бодлогыг эрс баримталж, энх тайвнаар нэгтгэх хүчин чармайлтаа яасан ч сулруулахгүй байж, Тайваний ард олонд хүсэл найдлага тавих чиг шугамыг өөрчлөхгүй, "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах үйл ажиллагаатай яасан ч эвлэрэхгүй, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн уриаг хатуу баримталж, үнэн сэтгэлээсээ хоёр эргийн ах дүү нарт буян үйлдэж, Тайваний хоолойн бүс нутгийг амар тайван байлгаж, улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, жич Хятадын үндэстнүүдийн язгуур ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй" гэжээ.
Яриа уулзалт дээр, дарга Хү Жиньтао Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа болон энх тайван хөгжлийг ахиулах тухай 6 зүйлд санал дэвшүүлсэн байна. Энэ зургаан зүйлийн санал бол: Нэг Хятадын зарчмыг баримталж улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа ахиулж хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх, Хятадын соёлыг мандуулж оюун ухааны хэлхээ холбоосоо эрчимжүүлэх, хүмүүсийн хэлхээ холбоог эрчимжүүлж бүх салбарын солилцоог өргөтгөх, улс орныхоо бүрэн эрхийг хамгаалж гадаад үйл хэргийг зөвшилцөх, дайсагнагч байдлыг эцэслүүлж энхийн хэлэлцээр тохиролцох эдгээр болно.
Хоёр эргийн дайсагнагч байдлыг эцэслүүлэх асуудлын тухай дарга Хү Жиньтао хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн хятадууд хоёр эргийн дайсагнасан түүхийг эцэслүүлж, ах дүүгийн хооронд дайн байлдаан хийхээс зайлсхийж, үр хүүхдээ энх тайван орчин тойронд сайн сайхан амьдралаа хамтаар цогцлон байгуулах болгох хамтын үүрэг хариуцлагатай юм. гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хоёр эргийн зөвшилцөл хэлэлцээ хийх болон хоорондын харилцаа холбоонд ашигтай тохируулалт хийхийн төлөө, хоёр тал улс орон нэгдээгүй байдал дахь улс төрийн харилцааны талаар ажил хэрэгч хайн сүвэгчлэг хийж болно. Тайваний хоолойн тогтвортой байдал болон цэргийн аюулгүй байдлын эргэлзээг багасгахын төлөө, хоёр тал цэргийн асуудлаар харилцаж, цэргийн аюулгүй байдлын харилцан итгэлцлийн механизм тогтоох асуудлыг хэлэлцэж болно. "Нэг Хятад"-ын зарчмын үндэс дээр, хоёр эргийн дайсагнагч байдлыг албан ёсоор эцэслүүлэх явдлыг зөвшилцөж, энх тайван хэлэлцээр тохиролцож, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн хүрээг тогтоохыг бид дахин уриалж байна гэжээ. \Хүчит, Сайн-өлзий орчуулж, Цэцэн хянав\
|