• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-05 14:39:16    
Уран хатгамалч бүсгүй Жан Шаохүн

Хятадын Олон Улсын Радио

     Эртний Хятад хатгамалын урлагаараа дэлхийд алдартай. Тэр дундаа газрын диваажин гэгддэг Сү жөү, Хан жөү нутаг уран хатгалмаараа бүр ч алдартай. Чухам энэ нутгийн уул ус нь зураг шиг үзэмж төгс үзэсгэлэнтэй болохоор уран хатгамалчдад нь нөлөөлж үеийн үедээ хатгамалын урлагаараа гайхуулж шагшуулж ирсэн билээ. Үүнийг өгүүлэхийн учир гэвээс та бүхэнд танилцуулах тэмдэглэлийн маань баатар Жан Шаохүн бүсгүйн ажил үйлс чухам л энэ нутаг устай холбоотой юм.

    2008 оны намар Бээжинд болсон "Ардын гар урлалын шилдэг бүтээл"-ийн үзэсгэлэн дээр эртний болон эдүгээгийн уран хатгамалын уламжлалыг шингээсэн олон зуун бүтээл дундаас нэгэн уран хатгамал үзэгчдийн анхаарлыг гойд татаж байсан билээ. Тэрхүү уран нарийн хатгамалыг Жянши мужийн Шиньюй хотын Юйжөүгийн хатгамал урлалын үйлдвэрийн захирал, хатагтай Жан Шаохүн орон нутгийнхаа "шя" даавуун дээр ардынхаа уламжлалт хатгамалын хэв намбаар урлан дэгэлж бүтээжээ. Түүний хатгамалан бүтээлүүд нь "Шя хатгамал" гэсэн улсын патентын эрхийг авсан юм байна.

     Гэр бүлийнхээ нөлөөгөөр Жан Шаохүн хүүхэд ахуй наснаасаа л хатгамалд уран авьяастай байж. Бүр долоон наснаасаа жинтүүн дээр цэцэг навч хатгаж, хээ хуар бүхий улавч урладаг болжээ.

     Хожим нь уран бүсгүй Жан өөрөө зураг төсөл гаргаж, цонхны хөшиг, орны даавуу, ширээний бүтээлгэн дээр янз бүрийн гоё хээ хуар бүхий хатгамал урлах болжээ. Үйлдвэрийн хамтран зүтгэгчид нь ч Жан бүсгүйн хатгах ур чадварыг бишрэн бахархаж, түүний урласан бүтээлийг "Дэлхийд хосгүй" гэж үнэлдэг байжээ. Хатгамал хатгах дур хүсэлдээ хөтлөгдсөн бүсгүйд өөрийн гэсэн ажил үйлс эрхлэх хүсэл төржээ. Гэвч үзэж харсан зүйл бага, мэргэжил төдий өндөр биш тул 2002 оны хавар хувийнхаа зардлаар Жянсүгийн Сүжөүд очиж хатгамал сурав.

     Хатгамал хатгахад ер бусын авьяастай тэрээр хагас жилийн хугацаанд Сүжөүгийн хатгамалын ур чадвар, цардах мэргэжлийг дадамгай эзэмшиж, үлдсэн мөнгөөрөө хатгамалын багаж хэрэгсэл, үлгэр загвар худалдан авч нутаг буцжээ.

     Жан бүсгүй гэрийнхээ бүх л мөнгийг шавхан байж уран хатгамал сурч, мөн хатгамалд хэрэг болдог багаж хэрэгсэл худалдаж авсан тул хожим хийж бүтээсэн зүйл нь борлогдох эсэхэд сэтгэл их зовж байв. Гэвч нөхөр нь түүнийг сэтгэл санаагаар дэмжин урамшуулж байлаа. Тэрээр өдөр бүр ажил тарж ирүүтээ л Жан Шаохүнгийн хатгамал хийх ажилд тус дэм болдог байв. Жан Шаохүн ч зураг төсөл хийхдээ нэрт зураачдыг урьж, хатгамалын зураг гаргах эрдмийг сурч, хатгамалаа улам ч нарийн сайхан хатгаж урлахын хажуугаар бүтээлээ идэвхтэй борлуулж, улмаар компани байгуулав.

     2003 оны сүүлчээр Жан Шаохүн сар гаруй урлан хатгасан 1.5 метр урт, 1 метр өргөн "Батцагаан" гэдэг бүтээлээ 1200 юанаар зарав. 2005 оны З-р сард "Юйжөү хатгамалын үйлдвэр" байгуулж, өөрөө захирал болжээ. Гэвч тэр үед Жан Шаохүн өөрийнхөө онцлог, давуу талыг гаргаж чадаагүй л байв. Нэг удаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэдийн уулзалтанд оролцож байхдаа, Жяншигийн Эньдаа шябүү хязгааралагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Чиү Шинхайтай танилцаж, түүний шя даавуугаар хийсэн ахуй амьдралын хэрэгсэл гадаадад борлуулалт сайн байгааг олж мэдсэн байна.

     "Манай нутаг шя даавууг нэхээд мянга гаруй жилийн түүхтэй болж байна. Шя даавуу нь уян харимхай, гандахгүй зэрэг давуу талтай тул дээр нь хатгамал хатгахад орон нутгийн онцлогыг харуулж чадна" гэж Жан бүсгүй боддог байв. Энэ бодлоо ч Чиү Шинхайд хэлсэнд тэрээр ихэд сайшааж, шя даавуун материалаар түүний үйлдвэрийг хангаж дэмжжээ. Шя даавуу нь хэдийгээр харимхай, гандахгүй зэрэг давуу талтай боловч торгон утасаар хатгамал хатгахад арай хатуу байдаг тул Жан Шаохүн хэд удаа технологиийн өөрчлөлт хийж, зөөлөн болгож зохицуулснаар хатгамалын урлал нь онцгой үр дүнд хүрч, Хятадын хатгамалын урлалд нэг шинэ хэв намбыг оруулж, шинэ бүтээл бий болгож чаджээ. Өнөөдөр Жан бүсгүйн хатгамалын урлалыг мэргэжлийн хүмүүс "Шя хамтгамал" гэж нэрлэж, Хятадын уламжлалт дөрвөн нэртэй хатгамал болох "Сы чуаний хатгамал", "Юе хатгамал", "Хү наний хатгамал", "Сү жөүгийн хатгамал"-аас гадна бие даасан нэгэн хатгамал гэж үзэх болжээ.

     2007 оны 11-р сард болсон "Хятадын ардын урлалын бүтээлийн анхдугаар их наадам" дээр Жан Шаохүн "Хятадын ардын шилдэг урлагчин"-аар шалгарч, түүний нэг бүтээл нь дуудлага худалдаанд 30 мянган юаний үнэд хүрсэн байна. Үүнээс хойш түүний хатгамалын бүтээл нь Америк, Австрали, Япон зэрэг 30 шахам улс оронд борлуулагдаж, Хятадын уламжлалт соёлыг дэлхий нийтэд танилцуулах нэгэн цонх болсон байна.
Та бүхэн Шя хатгамал буюу түүнийг зохион бүтээсэн Жан бүсгүйн тухай тэмдэглэл сонслоо. \Урангоо орчуулж бэлтгэв\