Төрийн 1-р зэргийн яг зохиогч Цэцэн-Цогт 1969 оны өвөл, Өвөр Монголын Улаан-хад хотын Байран баруун хошуунд төржээ. 1992 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг дуу хөгжмийн мэргэжлээр дүүргээд дараа нь сургуульдаа багшийн алба хаасан байна. Тэрээр Хятадын дуу хөгжмийн дээд сургуульд 1997 он, 2000 онд тус тус мэргэжил дээшлүүлжээ. 2002 онд Төвийн үндэстний их сургуулийн дуу хөгжмийн дээд сургуульд элсэн суралцаж, 2005 онд ая зохиох мэргэжлийн магистр зэрэг хамгаалсан байна. 2006 онд Төвийн хөгжмийн дээд сургуульд доктурантаар суралцаж, Хятадын нэрт хөгжмийн зохиолч, профессор Тан Жень-пиний удирдлага дор дууны ая зохиох чиг хандлагаар суралцсан байна.
Тэрээр 2005 оны 5-р сарын 16-ны үдэш, Төв телевизийн Шь Житан естүүдэд бие даасан концертоо дүүрэн амжилттай хийж байсан бөгөөд тун саяхан бас "Би тал нутагтайгаа болзоотой" цомгоо шинэ жилийн шижигнэсэн бэлэг болон ард түмэндээ өргөн дэвшүүлжээ. Цэцэн-Цогтын уран бүтээлийн "Би тал нутагтайгаа болзоотой" цомог нийтлэх үйл ажиллагааг Улаан-хад хотын намын хороо, засгийн газраас зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагаа 2009 оны 1-р сарын 3-ний өдөр Бээжин хотын Жинь-дү Синь-юань зочид буудалд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Хатуу хөтүү амьдралаасаа ихийг бүтээх зориг итгэл өвөрлөж, хөгжмийн уран бүтээлийн замыг өлгөсөн эдгээр он жилүүдэд төрсөн нутгийнхаа нөмгөн буурал уулс, нүдэн тунгалаг нууртайгаа тэнцэхүйц тэнгэрлэг аялгуу бүтээх гэж мөрөөдөн зүтгэж явсан нь бишрэлтэй. Хөгжимчин хүний хүсэл мөрөөдлийн биелсэн эсэхийг эх нутгийнх нь уул усны савдаг, элэг нэгтэй ард түмэн нь л хүлээн байж, ханилан байж үнэлэх учиртай. Яг ингэж учирлуулах гэж ард түмэндээ"Би тал нутагтайгаа болзоотой" цомогт "Хөх Монголын өндөрдөг", "Би тал нутагтайгаа болзоотой", "Зүрхний эрэл", "Бурхан сэтгэлт ээж", "Зүрхнээс уяатай нутаг", "Сэнсэн бороо", "Хайрын хадаг", "Цөнзүхий" зэргээр төлөөлүүлсэн 22 дууг өргөн барьсан байна.
Сайхан эгшиг нь сонорт хүрэх тоолонд сар шиг холоос нутаг үнэртдэг дууны нэгэн бол "Хөх монголын өндөрлөг" байгаа юм. Энэ дууг бүтээхэд Цэцэн-цогт ая зохион, Ө.Начин шүлэг бичиж, нэрт дуучин Дэдма дуулсан нь ёстой тулгын гурван чулууг тухлан тавьсан шиг тэнцэж, "Хөх монголын өндөрдөг"-ийн гал цог бадарч, хүн ардынхаа сэтгэлийг дулаацуулж чадсан билээ.
Цэцэн-Цогтын уран бүтээлд нутаг үнэртсэн олон сайхан бүтээл байхаар үл баран энэрлийн дээд ээжийгээ дурссан "Зүрхний эрэл", "бурхан сэтгэлт ээж" зэрэг дуу нь сонссон хүний зүрхийг аргадаж уянгардаг.
Хятад Монгол хоёр орны хилийн дээсийг алслан солонгорсон "Зүрхний эрэл" дууны аяыг Цэцэн-цогт зохиож, Өвөр монголын одон телевизийн хөтлөгч Насан шүлэг бичиж, Монгол улсын нэрт дуучин Сэрчима дуулсан юм. Сэрчима энэ удаа Цэцэн-цогтын уран бүтээлийн "Би тал нутагтайгаа болзоотой" цомог нийтлэх үйл ажиллагаанд оролцохоор Монгол улсаас хүрэлцэн ирж, "Зүрхний эрэл" ая дуугаа өргөсөн байна. "Зүрхний эрэл" дуу бол хөгжмийн зохиолч Цэцэн-Цогт, нэрт дуучин Сэрчима, нэрт хөтлөгч Насан гурвуулын хамтран ажилласан анхны бүтээл аж. Түүний дараагаар мөн "Сэтгэлийн богд уул" нэртэй Барга нутгийн дууны уран бүтээл дээр хамтран ажилласан байна.
Цэцэн-Цогт бас Монгол улсын богино дууны ван агсан Даваг-Доржийн бичсэн "Цөнзүхий" гэдэг шүлэгт хөгжим зохиож, Бээжинд байгаа бяцган дуучин Норма, Нар-Нааш хоёр дуулсан байна. Энэ дууг хүүхэд багачууд их таалж дуулдаг бөгөөд залуучууд хөгшид ч маш өхөөрдөн сонсдог билээ.
Хятад Монголын найрсаг харилцаа нь хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагаанд сайн нөхцөл боломж хангаж байдгаар Цэцэн-Цогт ч цаг төрийн хээ хур буянаар хойд хөршийн уран бүтээлчидтэй тулж ажиллах болсон нь юун их аз билээ.
Хөгжмийн ноотоор домгийн бороо шаагиулж Хүн зоныхоо сэтгэлийн цангааг тайлж Монгол хиймориороо тулгын галаа дүрэлзүүлж Тал нутагтайгаа тэнгэрлэг аялгуунд болзсон Цэцэн-Цогтын уран бүтээлийн онгод аатар бороо шиг ширүүн байгаасай, арван тавны саран шиг тэргэл байгаасай, адууны чимээтэй тал шигээ тэнүүн байгаасай, ангир хорвоогийн мянга мянган ээжтэй мөнх байх болоосой.
Хятад Монгол хоёр ард түмний эв найрамдал хүрч ирэх өдөр хоног бүхэнд өөдрөг байх болтугай.\Алтан-Хуар редакторлав\
|