Хятад улсад ирж хятад хэлний сургуульд хамрагдахыг хүсэж байгаа сүлжээ ашиглагчдад хандуулж Хятадын Хөлөн Буйр Дээд Сургуулийн талаарх мэдээллийг бэлтгэлээ, хүлээн авна уу.
Хөлөнбуйр дээд сургууль бол БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны зүүн хэсэгт,Хөлөн буйр хотын Хайлаар тойрогт байрласан их сургууль юм. Тус сургуульд 21 мэргэжлийн салбартай ба мөн 1 дунд сургуультай. Сургуулийн нийт талбай 230000㎡ эзэлдэг бөгөөд дотор нь компьютер,физик, хими, дүрслэх урлаг, номын сан зэрэг 22 салбар тэнхим байдаг.
Хөлөнбуйр дээд сургууль нь чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор одоо нийт 1051 багш ажлуулж байна. Үүнд: доктор, магистр зэрэгтэй багш 570, Орос, Америк, багш нарыг урилгаар ажиллуулж байна. Уг сургуульд 12000 оюутан суралцаж байгаагаас тусгай мэргэжилийн 35 чиглэлээр 4 жилийн сургалттай дээд мэргэжилтэн, 3 жилийн сургалттай коллежид 46 тусгай мэргэжлийн чиглэлээр боловсрол эзэмшүүлэн төгсгөж байна. Тус сургуульд хууль, нярав, түүх судлал, уран зохиолын сурган хүмүүжүүлэх зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Зарим хичээлийг хятад болон монгол хоёр хэлээр зааж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр улсын найрсаг харилцаа улам гүнзгийрч хятад хэл сурах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хөлөнбуйр дээд сургууль нь хятад хэлний төв аялга болох путунха аялгаар хичээлийг зааж явуулдаг. Монгол улсаас Дорнод аймгийн Ц.Мөнхцацрал, Б.Одмаа Сүхбаатар аймгаас С.Мөнхзул зэрэг нийт 20 гаруй оюутнууд хятад хэлийг амжилттай сайн суралцаж төгссөн. 2007 онд хятад хэлний бэлтгэлд Монгол улсын Сүхбаатар аймгаас 10, Дорнод аймгаас 10, Улаанбаатар хотоос 2, Орос улсаас 15 оюутан нийт 37 оюутан суралцаж байв.
Хөлөн Буйр Дээд Сургууль нь жил бүрийн 9-р сарын 1-нд хичээл эхэлдэг. Энэ сургуульд сурахцах хүсэлтэй байгаа бол та Хөлөнбуйр дээд сургуулийн гадаад хэргийн албатай харилцаж мэдээлэл авсаны дараа гадаад паспортын хуулбар, цагдаагийн газрын тодорхойлолт, эрүүл мэндийн бичиг (Манжуурт эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг ), дунд болон дээд сургууль төгссөн диплом, цээж зураг (5хувь), бүртгүүлэх төлбөр 240 юань, Анкет зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй болно.
|