2008 оны Бээжингийн 29-р олимпийн наадамын нээлт, хаалтын ёслол нь Хятадын түүх соёлын өвөрмөц онцлогийг маш өндөр түвшинд төгс төгөлдөр харуулж, дэлхий нийтэд зүйрлэшгүй, хосгүй хэмээн үнэлэгдсэн билээ. Дэлхий нийтийн зүрх сэтгэлийг ийн татаж, өндөр үнэлэгдсэн олимпийн нээлт, хаалтын ерөнхий удирдаачаар нь Хятадын киноны нэрт найруулагч Жа И-мө ажилласан юм.
Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүд ийн эгэл жирийн нэхмэлийн үйлдвэрийн ажилчин байсан Жан И-мөгийн хувь заяаг бүрмөсөн өөрчилж, дэлхийд нэртэй кино найруулагч болгосон юм. Жан И-мө ч дэлхийд Хятадын киноны дүр төрх болоод эзлэх байр суурийг өөрчилж чадсан юм.
Саяхан Бээжингийн Киноны Дээд Сургуульд Америкийн Бостоны Их Сургуулиас кино найруулагч Жан И мө-д хүртээсэн хүндэт докторын цолыг түүнд гардуулсан билээ.
Бээжингийн Киноны Дээд Сургуулийг Жан И-мөгийн унаган сургууль гэж хэлж болно. Тус сургууль элсэлтийн наснаас хэтэрсэн ч хашир туршлагатай гэж түүнийг элсүүлэн авсан нь алдаагүйгээр үл барам хувь заяанд нь эрс өөрчлөлт гаргаж, ирээдүйн алдарт найруулагч болох зам мөрийг тавьж өгсөн юм.
"Өнөө ч гэсэн би эх сургууль, эрдэмтэн багш нартаа талархаж явдаг. Цаг эриний ач тусад талархаж явдаг. Цаг эрин миний хувь заяаг өөрчилж, шинэчлэгдсэн нийгэм надад сайн сайхан боломж өгсөн гэж үргэлж санаж явдаг" гэж Жан И-мө хэлж байна.
Жан И-мө Шиань хотод төржээ. Тэрээр Киноны дээд сургуульд орохоосоо өмнө Ши-аний нэхмэлийн үйлдвэрийн ажилчин байв. Хятад улс 1977 оноос их, дээд сургуульд элсэн орох дүрмийг сэргээсний дараа жил, Жан И-мө их сургуульд орсон юм. Тэр үед тэрээр хэдийн 27 хүрч элсэлтийн наснаас хэтэрсэн байсан боловч, мэдлэг чадвартай хүмүүсийг бэлтгэх нь улс орны тулгам хэрэгцээ шаардлага байсан тул амьдралын хатуу бэрхийг туулсан Жан И мө-гийн хашир туршлага нь их сургуульд орох нөхцөлийг нь хангасан юм. Тиймээс ч Жан И-мө их сургуульд байх хугацаандаа цаг хугацаатай өрсөн маш хатуужилтай сурдаг байжээ.
1982 онд Жан И-мө Гуаншигийн кино үйлдвэрт зураглаачаар ажиллав. Энд тэрээр "Нэг болон найм", "Шар хөрст нутаг" гэсэн хоёр киноны уран бүтээлийн ажилд оролцож, кино бүтээн туурвих урам зориг, авьяас билэг нь тодорч, Хятадын кино урлагийг цоо шинэ зүйлээр сэлбэжээ.
Ялангуяа 1987 онд түүний удирдсан Хятадын баруун бүсийн шар хөрст өндөрлөгийн ард иргэдийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Ноён шишний тарианд" кино нь орон нутгийн өвөрмөц онцлогийг тод томруун хийгээд нэн зоригтойгоор харуулж чадсан тул үзэгчдийн сонирхлыг ихэд татсан билээ. 1988 оны Берлины кино наадам дээр уг кино нь ёстой нэг шуугиулж, тус кино наадмын алтан медалийг хүртсэн юм. Энэ нь Хятадын кино Олон улсын дөрвөн их наадамд оролцож байж авсан анхны шагнал юм.
Үүнээс хойш Жан И-мө туурвин бүтээх оргил үедээ орсон байна. 20 гаруй жилийн хугацаанд тэрээр жил бүр үзэгчдийн мэлмийг шинэ уран бүтээлээр мялааж ирсэн юм. 1990 онд түүний удирдан найруулсан "Жү дөү " гэдэг кино нь 20-р зууны хорь гучаад оны үеийн даавуу үйлдвэрлэдэг нэг гэр бүлийн амьдрал, хайр дурлал, зөрчил маргааныг өгүүлсэн байна. Уг кино нь Америкийн 63 дахь удаагийн Оскарын "Алтан заан" шагнал, гадаадын шилдэг киноны шагнал зэрэг олон улсын нэр хүнд бүхий том том шагналууд хүртсэн юм. 1991 онд түүний удирдан найруулсан "Өндөрт өлгөсөн улаан дэнлүү" гэдэг кинондоо хуучин цагийн эмэгтэйн дүрийг бүтээж, Италийн 48-р Венисийн олон улсын кино наадамд оролцож "Мөнгөн арслан" шагнал, Олон улсын кино шалгаруулагчдын нийгэмлэгийн их шагнал зэрэг шагнал хүртсэн билээ.
Үүний дараа бүтээсэн "Эмээгийн гүүр", "Сайхан ярилцаж, үг хэлээ олъё", "Хэнийг ч бүү орхиорой" "Миний аав ээж" Жаргалтай цаг үе" зэрэг бүтээл нь Жан И-мөгийн кино урлагт хийсэн цуцашгүй эрэл хайгуул, зоригтой алхам гэж үзэх ёстой.
2002 онд Жан И-мөгийн бүтээсэн "Баатар" гэдэг эртний сэдэвээр бүтээсэн бизнесийн зориулалттай анхны бүтээл нь түүний кино урлаг бизнест шилжсэнийг илтгэсэн гэж болно. Уг киноны суудлын орлого 250 сая юань, дэлхийн үзвэрийн орлого нь 177 сая ам.долларт хүрч, 2004 оны 8-р сард, Америкт хоёр сар дараалан үзэгчдийн суудлын орлогоор тэргүүн байр эзэлсэн байна. Үүний дараа бүтээсэн "Бүслэлт" кино нь тухайн жил дотоодын үзэгчдийн суудлын орлогоор тэргүүн байрт орсон билээ. Америкийн Интертаимент сэтгүүл "Жан И-мөг эрин үеийн дэлхийн 20 том найруулагчийн нэгээр шалгаруулсан билээ. Жан И-мөгөөс өмнө Хятадын кино дэлхийд төдийлөн нэр алдарт гараагүй байсан. Тийм болохоор Жан И-мө Хятадын кино урлагт хувьсгал хийж, Хятадын үзэгчид түүний уран бүтээлээс кино болоод бусад урлагийн ялгаа зөрөөг тодорхой ойлгодог болсон гэж үзэх ёстой.
Түүнээс гадна Жан И-мө бас олон дуурь, бүжгэн жүжгийн тайзан дээр байгалийн үзэмж төгс уул усныг амилуулсан том хэмжээний үдэшлэг удирдан найруулсан юм. Ялангуяа 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслол нь дэлхий нийтийг доргиосон амжилтанд хүрч, Хятадын түүх соёлын онцлогийг дэлхий нийтэд төгс сайхан харуулж, хятад хүний авьяас чадварыг нээж харуулсан юм.\Урангоо орчуулж бэлтгэв\
|