• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-14 23:31:59    
Дэлхийн нийт монголчуудын зан үйлийг судлаач профессор Саран-Гэрэл

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ард түмний цагаан сарын баяр айсуй довтолж, Монголын ард түмний цагаан сар ч ирж яваа энэ мөчид монгол зан үйл судлаач, профессор Саран-Гэрэлийн өгсөн цагаан сарын мэндчилэх золгох ёсны тухай сонирхолтой ярилцлагын гол агуулгаас товчлон хүргэе.

    Монгол зан үйл судлаач, профессор Саран-Гэрэл бол тэнгэрлэг нутаг хэмээгдсэн дээд монголоор нутагтай. Тэрээр өнөө Хятадын Төвийн Үндэстний Их Сургуулийн монгол хэл утга зохиолын мэргэжлийн багшаар ажиллаж бий. Хүний багш болж явсан гучаад жилийн турш мянга мянган хүүхдүүдэд монголын сайхан ёс заншлийг уламжилж явахын зэрэгцээ дээдсээс өвлөсөн зан үйлийг судлах эрдэм шинжилгээний ажилд уйгагүй хүчин хандивласаар иржээ.

    Билгийн тооллын 1-р сарын 1-ний өдөр бол Хятадын ард түмний том баярын өдөр- цагаан сарын баяр билээ. Харин та бүхний мэдээжээр энэ жилийн 2-р сарын 26-д Монголын ард түмний цагаан сарын баяр тохиох болно. Монгол зан үйл судлаачийн хувиас Саран-Гэрэл Хятад орны монголчууд болон Монголын ард түмний цагаан сардаа мэндчилэх золгох ёсны тухай ингэж танилцууллаа:

    Газар газрын зан адилгүй, гүзээ гүзээний булан адилгүй гэдэгчлэн Хятад орны монголчуудын цагаан сарын мэндчилэх ёс заншил өөр өөр байдаг. Ордос нутагт "Даяар сайн шинэлэв үү? Галаа эрт мандуулав уу? Зулаа эрт тахив уу?" гэж мэндчилдэг. Хариуд нь "сайн шинэллээ, дүйн залбарлаа" гэдэг. Цахар болон Хишигтэн нутагд "Шинэд сайн шинэлэв үү? Жилийн өнгө сайн уу?" гэхчлэн мэндчилэхэд бүр "сайн, сайн" гэж хэлдэг. Баргад "Мал сүрэг амархан уу? он жилд амархан уу? сар шинэд амархан уу?"гэж гурван мэнд асуудаг. Хариуд нь "Амар сайн" гэцгээдэг. Шилийн гол нутгаар "Бие лагшин тунгалаг сайн шинэлэв үү? Мал сүрэг сайн уу? Жил гараад тэнгэр сайхан байна" гэх мэтээр мэндчилэхэд, зуд шуургатай байсан ч хариуд нь "сайн сайн, тэнгэр сайхан байна" гэж аман бэлэгтэй хариу өчдөг. Хорчин нутагт "Даяар сайн шинэлэв үү? Одоо эрт тахив уу? Тэнгэртээ эрт мөргөв үү? Ганган шинийн мөр сайн уу? Цаасан пуужингийн дуу сайн уу? Архины шар сайн уу? Агтын явдал сайн уу? Аав ээжийн тэнхээ сайн уу? Ангаа хүүхдийн хөөр сайн уу?" гэж мэндчилэхэд бүр л "Сайн, сайн" гэж өчдөг заншилтай.

    Нийт монголчуудын цагаан сарын золголтод мэндчилэх үгээс гадна бас хүндэтгэн золгох тохио ёсон байдаг. Үүнд хөөрөг солилцож золгох, дал мөрөөр золгох, бэлэг сэлтээр золгох, сөхөрч золгох зэрэг байдаг.

    Монгол орны сар шинийн баяр болбол хүмүүс "Та амархан сайн байна уу?" "Даага далантай бяруу булчинтай онд мэнд оров уу?" гэх зэргээр мэндчилэн хадгаар золгодог нь нийтлэг ёсон байж, бас хөөрөг солилцож золгодог нь ч зөндөө.

    Ер нь нийт монголчуудын зан заншилд шинэ жил цагаан сар гэсэнгүй өдөр тутмын амьдралын хувьд ч өөр өөрийн онцлогтой байдаг учир энэ талаар сурч судалж, өвлөж уламжлах зүйл их байна. Зан үйлийн ухаан гэгч хүн төрөлхтний өнөөдрийн боловсон соёлд авч хэлбэл Хятад орон, Монгол орон гэлгүй бүр л уламжилж дээдлэх учиртай юм гэж профессор Саран-Гэрэл бидэнд ярилаа.

   Дээдсээс өвлөсөн зан заншлын баян соёлоо дэлхийн боловсролтой алхаа нийлүүлэх гэж үүр шөнийг завдуулан байж зүтгээ зан үйлийн судлаач Саран-Гэрлийн үйлс зуны дунд сарын цэцэг шиг бадран дэлгэрэх болтугай.