Хятадын Төвдийн Өөртөө Засах Районы ес дэх сонгуулийн АТИХ-ын 2-р чуулган 19-ний өдөр шийдвэр гаргаж, жил бүрийн 3-р сарын 28-ны өдрийг "Төвдийн сая хамжлагын эрх чөлөөний дурсгалын өдөр" болгохоор тогтоов. Төвдийн ард түмэн энэ шийдвэрийг халуунаар сайшаан дэмжиж байна. Энэ өдрийг тогтоосон нь хүмүүст түүхийн үнэнийг ойлгуулж, өнөөдрийн сайн сайхан амьдралаа нандигнаж, Төвдийн тогтвортой байдал болон хөгжилд тус дөхөм үзүүлэхэд ашигтай юм гэж Төвд судлалын холбогдох мэргэжилтэн үзэж байна.
Төвдийн Лхас хотод хүмүүс энэ мэдээг сонсонгуут гудамж талбайд гарч, дуулж бүжиглэн баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Лхас хотын иргэн Юнброн хэлэхдээ,
Хуучин Төвдийн хамжлагат ёсыг бодоход сэтгэл шимширдэг юм. Өнөөдөр Төвдийн эдийн засаг, улс төр, соёлд цөм асар их өөрчлөлт гарсан, өнөөдөр бид хамтаар цугларч, эх орон маань улам хөгжин хүчирхэгжихийг хүсэн ерөөж байна гэжээ.
Энэ жил 70 гаруй настай Лувсан 21 нас хүртлээ харанхуй харгис хамжлагын дүрэмд амьдарч байсан учраас өнөөдрийн аз жаргалаа нэн илүү нандигнан үздэг юм байна. Тэрээр хэлэхдээ,
Хамжлагын эзний дарлал дор ерөөс эрх чөлөө, аз жаргал гэж мэдэхгүй байсан. Одоо бид хэзээ ч төсөөлж байгаагүй аз жаргалыг эдэлж байгаа, чөлөөлөгдөөгүй бол энэ бүхэн биеллээ олохгүй, бид нам, засгийн газартаа баярлаж, өнөөдрийн амьдралаараа бахархаж байна гэжээ.
Төвдийн Өөртөө Засах Районы АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Гамаагийн танилцуулснаас үзвэл, 3-р сарын 28-ны өдрийг баярын өдөр болгож байгаа нь 50 жилийн өмнөх энэ өдөр Хятадын төв засгийн газар тэр үед эх орноо хагалан бутаргаж, зэвсэгт бослого хийхээр хуйвалдсан орон нутгийн засгийн газрыг тарааж, сая олон хамжлагын тариачдыг чөлөөлсөн явдалтай холбоотой юм байна.
1951 онд Хятадын төв засгийн газар нь Төвдийн орон нутгийн засгийн газартай Төвдийг найрамдлаар чөлөөлөх "17 зүйлт хэлэлцээр"-т гарын үсэг зурсны дараа Төвдийн бодитой байдлаас үүсэн Төвдөд нийгэм улс төрийн тогтолцооны өөрчлөлт хийгээгүй юм. 1959 оны 3-р сарын 10-ны өдөр Төвдийн дээд давхаргын харгис хүчин төр шашныг хослуулсан хамжлагын дүрмээ өнө мөнх авч үлдээхийн төлөө бүх талын зэвсэгт урвалгаан гаргасан байна. Төв засгийн газар эрс шуурхай арга хэмжээ авч, нэг талаар урвалгааныг төвшитгөж, нөгөө талаар ардчилсан өөрчлөлт хийсэн байна. 1959 оны 3-р сарын 28-ны өдөр төв засгийн газар Төвдийн орон нутгийн засгийн газрыг тарааж, Төвдийн сая олон хамжлагын тариачдыг чөлөөлж, Төвдийн нийгмийн тогтолцооны түүхэн дэвшлийг биелүүлсэн байна.
Манай радиогийн тоймч, Хятадын Төвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Кан Шянминь хэлэхдээ, 50 жилийн турш Төвдийн улс төр, эдийн засаг, соёл зэрэг бүх салбарт тэнгэр газрыг өөрчилсөн өөрчлөлт гарсан, хамжлагын тариачдад орлого гэж байдаггүй байснаас жилийн орлого нь 3000 орчим юаньд хүрлээ.хүн ардын дундаж наслалтын хэмжээ өнгөрсөн зууны 50-аад онд 35,5 байснаас өнөө 67 хүрсэн, орчин үеийн боловсролын нэлээд бүрэн бүтэн систем бий боллоо. Өнөөдрийн Төвдөд үндэстний орон нутгийн өөртөө засах дүрэм хэрэгжүүлж, ард түмэн эзэн хүн болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Төвдийн шат бүрийн удирдлага болон ардын төлөөлөгчдийн олонх нь Төвд ах дүү нар байгаа төдийгүй, анхан шатны өөртөө засах дүрмээс авч үзсэн ч тосгоны иргэд өөрийн удирдлагаа сонгож өөрийн үйл хэргээ удирдаж байгаа. Төвдөд үндэстнүүдийн иргэд нийгмийн эрх тэгш байр суурьтай, улс төрийн эрх, хүний эрхийг үндсэн хууль болон хууль дүрмээр гүйцэд баталгаажуулж байна гэжээ.
Энэ бүхэн нь цөмөөрөө 50 жилийн өмнөх ардчилсан өөрчлөлтөөс үүсэлтэй учраас 50 жилийн өмнөх 3-р сарын 28-ны өдрийг бататган тогтоох ёстой юм гэж тэрээр хэллээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|