ХОУР ярьж байна
ӨМ-ын Эрээн хотын Ардын радио ярьж байна.
ӨМ-ын Эрээн хотын Ардын радио ярьж байна.
ХОУР ярьж байна
Эрхэм сонсогчид оо, Хятадын ард түмэн хулгана жилээ үдэж үхэр жилээ угтаж байгаа энэ сайхан баяр хөөрөөр бялхсан цаг мөчид ХОУР болон ӨМ-ын Эрээн хотын Ардын радио хороотой хамтран бэлтгэсэн Цагаан сарын тусгай нэвтрүүлгээ эх орныхоо умард хилийн үзэсгэлэнт Эрээн хотоос сонсогч та бүхэндээ өргөн барьж байна. Тухлан сууж, таалан болгооно уу.
Цагаан сар... Хятад-Монгол хоёр орны ард түмний уламжлалт баяр билээ. Улиран одож байгаа 2008 он Хятад орны хувьд олимпийн наадам зохиож, сансрын нисэгчээ тойрог замд аялуулж, өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн ойгоо ёслон тэмдэглэсэн зэрэг том том үйл явдлаар дүүрэн жил байлаа. Хятадын ард түмэн болон дэлхий олон орны ард түмэн бие биеэ улам бүр ойлгох болж, Хятад орон өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ бараалсан ер бусын нэг жил байлаа. 2009 он Хятад орны хувьд хүсэл тэмүүлэл, амжилт бүтээл ундарсан жил болох нь дамжиггүй ээ. Өнөөдөр бидний угтан авч байгаа үхэр жилд эх орны маань 60 насны баяр, Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. 60 жилийн турш Хятад орны нийгмийн олон салбар эрчтэй хөгжиж, ард түмний амьдрал сайжирч, Хятад орон болон дэлхийн улс түмний найрсаг харилцаа бэхжин хөгжсөн юм. Хятад- Монгол хоёр орноор авч хэлэхэд, 60 жилийн турш хоёр орны олон салбар дахь хэлхээ холбоо тасралтгүй эрчимжиж, уул усаараа залгалдсан найрсаг хөршийн уламжлалт найрамдал урьд байгаагүйгээр бэхжин хөгжсөн. БНХАУ-ын умард хилд гэрэлт сувд болон сүндэрлэн босож байгаа Эрээн хот энэ бүхний хамгийн тод жишээ болж нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, сэтгэл зүрхэнд мэдрэгдэж байгаа билээ. Чухам ийм учраас ХОУР-ын Монгол хэлний редакц 2009 оны цагаан сарын тусгай нэвтрүүлгээ Эрээн хотоос бэлтгэхээр умар зүг хүлгийн жолоогоо залсан юм. Одоо Эрээн хотын талаар товч танилцуулъя. 1956 онд Бээжин-Улаанбаатар-Москваг холбосон олон улсын галт тэрэг албан ёсоор нэвтэрч, Эрээн хот байгуулагдах анхны суурийг тавьсан юм. 1966 онд Хятадын Төрийн Зөвлөлөөс Эрээн хот байгуулахыг батлан зөвшөөрч, 1985 онд Эрээн хотыг А зэрэглэлийн нээлттэй хот болгосон. Хожим нь 1992 онд Хятадын Төрийн зөвлөлөөс Эрээн хотыг Хятадын хилийн дагуу 13 нээлттэй хотын нэгээр тогтоосон юм. Энэ 60 жилд хилийн жижигхэн айл төдийхөн байсан Эрээн нь орчин үеийн хөгжилтэй том хот болон хөгжин цэцэглэсэн байна.
Хятадын уламжлалт цагаан сарын баярын энэ торгон мөчид Эрээн хотын засгийн газрын орлогч дарга Сүн радиогийн цэнхэр долгионоор сонсогч та бүхэнд Эрээн хотын талаар танилцуулж, Хятадын ард түмэн болон Монголын ард түмэнд сайн сайхны ерөөл дэвшүүлснийг хамгийн тэргүүнд тольдуулъя.
"Шинэ нэгэн жил ирж,түмэн бодис амилан байгаа энэ баярт мөчид бид буурал жилээ үдэж, буянт жилээ угтаж байна.
Хятадын уламжлалт цагаан сарын баяр-хаврын баярын хүсэл эрмэлзэл бялхасан энэ сайхан мөчид би ХОУР болон ӨМ-ын Эрээн хотын радиогоор дамжуулан Монгол улсын ард түмэн болон бүх Хятадын ард түмэнд цогтой халуун баяр хүргэж байна.
Эрээн хот нь Монгол улсын Замын үүд хоттой бараа бараагаа харж байдаг. Монгол улсад нээлттэй хятадын авто зам, төмөр замын хамгийн том боомт, нийслэл Бээжинд хамгийн ойрхон хуурай замын боомт юм. Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш, ялангуяа хил хязгаарыг нээлттэй болгосноос нааш ямар өөрчлөлт гарсан ч, Эрээн хот боомтын давуу талаа бүрэн бадруулж, хилийн худалдаа хөгжүүлэн, нээлттэй байлгасаар ирлээ. Улсын дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлж, өмнөд нутагтай хамтаар умард нутгийг нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлэн, бүс нутгийн чанартай олон улсын бараа гүйлгээний төвийг шалавдан байгуулж, гадаадад зориулсан боловсруулах ажил төрлийг хөгжүүлэн, улс дамнасан аялал жуулчлалыг түргэтгэн, ардын амьдралыг хүч тавин сайжруулж, хөгжлийн нөхцөлийг сайжруулж, зохицонгуй хөгжил, тогтвортой байдлыг эрчимжүүлж, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөн, нээлттэй байлгах бүх талын арга хэмжээг дайчилсны үр дүнд Эрээн хотын олон талын ажил үйлс тал бүрээр хөгжлөө.
Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш Хятад-Монгол хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр орны ард түмний хэлхээ холбоо өдрөөс өдөрт өргөжиж, хоёр орны найрамдал өдрөөс өдөрт бэхжиж, хоёр орны харилцаа өдрөөс өдөрт тасралтгүй гүнзгийрлээ. Эрээн хот Хятад, Монгол, Оросын бүс нутаг болон аж ахуйн нэгжийн эдийн засаг худалдааны яармаг ажиллуулж, улсын дотоодын аж ахуйн нэгжүүдийн Монгол улсын холбогдох нутаг хоорондын солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлсээр ирлээ. Эрээн хот Монгол улсад их алдартай болж, Эрээн хоттой хаяа дэрлэн орших Замын үүд хотыг Монгол улсын Шэн Жэнь гэж хүмүүс ярьдаг боллоо. Хятад-Монголын худалдааны 70 гаруй хувь нь Эрээнээр дамжиж, Монгол улсын иргэдийн 70 гаруй хувь нь Эрээнд зочилж байсан. Монгол улсын 1000 гаруй оюутан сурагчид урьд хожид Эрээн хотод ирж суралцаж байсан. Жил бүр 10 мянга гаруй хүн Эрээн хот болон Хятадын дотор газар эмчлүүлж байна. Эрээн хотын Засгийн газар Монгол улсын холбогдох нутгуудтай найрсаг харилцаа тогтоож, засгийн газар болон парламентын харилцан айлчлал хийж, боловсрол, соёл, эрүүл хамгаалал зэрэг олон талын солилцоо маш эрчтэй явагдаж байна. Хятад-Монголын харилцаа тасралтгүй гүнзгийрэхийн хамт Эрээн хотын газар зүйн байрлалын давуу тал улам товойж, Монгол улс 1996 онд ӨМӨЗР-ны төв Хөх хот дахь Ерөнхий консулын газрын Эрээн хот дахь хэрэг эрхлэх газрыг нээж ажиллуулсан бөгөөд 2005 онд консулын газар байгуулж, Хөлүн буйр, Шилийн гол, Хянган аймаг дахь ажил төрлийг хариуцах боллоо. 2007 онд гурав дах орны хүмүүсийн визийн ажлыг албан ёсоор эхлүүлж, Эрээн хот нь монголчуудын Хятадад ирж худалдаа хийж, аялал жуулчлал хийх хамгийн сайн сонголт болжээ.
2009 онд дэлхий дахин банк санхүүгийн хямрал улам бүр нүүрлэх болно. 2009 онд Хятад-Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой тохиох тул шинэ он нь бас ч хоёр орны ард түмний хамтын ажиллагаа улам эрчимжиж, нягтран урагшилж, хүчир бэрхшээлийг хамтаар ялан давах жил болно. Эрээнчүүд болон Монголчууд нэн их эрч зоригоор, золбоо төгөлдөр, өөр өөрийн орны хөгжилд хүчин зүтгэж, аз жаргалтай гэр орноо цогцлон байгуулахыг ерөөж байна. Монгол улсын нэн олон худалдаачид Эрээн хотод ирж хөрөнгө оруулан ажил үйл бүтээхийг урьж байна. Эрээн хотод ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон бүх сонсогчид маань ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Хятад-Монгол хоёр улсын ард түмний ирээдүй нэн сайн сайхан байх болтугай,.
Хоёр орны ард түмэн аз жаргал эдлэх болтугай"
Хятад-Монгол хоёр орны олон талын харилцаа өргөжин тэлж, эрчимжин хөгжихийн хирээр нэн олон хүмүүс хоёр орны хооронд нааш цааш зорчих нь олон болжээ. Хятадын засгийн газраас энэ талын ажлыг чухалчилж байгаагийн зэрэгцээ, Монгол улсын тал ч ихээхэн чухалчилж, хоёр орны харилцааг цаашид улам хөгжүүлж, улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг салбарт түлхүү анхаарал хандуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, Монгол-Хятадын ард иргэдийн харилцааны төвшнийг шинэ шатанд гаргаж, тэдний ойлголцлыг бэхжүүлэх үүднээс Эрээн хотод консулын газар байгуулсан байна. Сар шинийн үеэр манай сурвалжлагч Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газраар орж, консулын орлогч ноён Батхүүгийн Гантулгаас ярилцлага авлаа. Тэрээр хоёр орны харилцаа, мөн Эрээн хотын талаар ингэж ярьсан байна.
"За юуны өмнө Хөхөө сарын тасхийм хүйтэнд алс хол Бээжин хотоос Эрээн хотыг, тэр дундаа манай Консулыг зорьж ирсэнд маш их баярлаж байна. Эрээн хотын намын хороо, засгийн газар, улс төрийн зөвлөлдөх зөвлөл, АТИХ цөм Монгол улсын иргэний шилжилт хөдөлгөөн болоод худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны тал дээр байнга анхаарал тавьж, улс иргэдийн уулзалт ярилцлага зохион байгуулж, хүмүүс хоорондын харилцааг эвтэй, найрамдалтай зохицуулах, тухайн иргэдийг чирэгдэлгүйгээр асуудлыг нааштай шийдэх, хилээр нэвтрэх зэрэг үйл ажиллагааг Эрээн хотын нам засгийн удирдлага нар түлхүү анхаарч ирсэн.
За, ялангуяа Ази тивийн улс орнуудад Хаврын баяр-цагаан сар болж байгаа энэ үед Эрээн хот их хөөр наргиантай байна. Энэ жил Хятад- Монгол хоёр орны уламжлалт цагаан сар нэг сар зөрж байгаа хэдий ч тус тусын цагаан сараа сайхан баярлан өнгөрүүлэх байхаа. Мөн тэгээд эрхэм сонсогчид та бүхэндээ, даага далантай бяруу булчинтай, тарган сайхан орж, эд бараа элбэг дэлбэг, эв найрамдалтай цагаан сараа тэмдэглэхийг хүсэн ерөөж байна"
Эрээн боомтоор жил тутамд 2 сая хүн зорчиж, 3 сая тонн ачаа бараа нэвтэрч байна. Шинэ сарын босгон дээр Эрээн хотын боомт дээр манай сурвалжлагч хүрэлцэн очлоо. Солонгон чимэглэлтэй улсын хаалгыг чиглэн шинэхэн орсон цасан дээгүүр алсын барааг ширтэн алхаж явахад Замын үүд хотын бараа цэнхэрлэж, амгалан тайван хирнээ амьдрал буцалсан дүр төрх нүднээ илхэн байлаа. Улсын хаалгаар нүсэр том ачааны машин, газ-69 машины хүрдэн дугуй өчүүхэн ч чөлөө завгүй эргэлдэж байв. Хилийн боомт дээр бид Цацрал гэдэг бизнесментэй танилцаж, яриа хөөрөө боллоо. ӨМ-ын Ордос хотод нутагтай Цацрал Хятад-Монгол хоёр орны хооронд худалдаа-наймаа эрхэлсээр арваад жилийн нүүр үзэж байгаа юм байна. Түншүүд нь түүнийг Да ян-жин буюу бүлтгэр гэж дууддаг юм байна. Том алаг нүдтэй Да Ян-Жинтэй анх уулзахдаа монголоор маш сайхан ярихыг нь сонсоод Монгол улсын иргэн гэж андуурч байснаа нуух юун. Бизнесмен Цацралт ингэж ярьж байна.
"Би суурин худалдаа эрхэлдэг хүн. Бас Монголын мобикомийн төлөөлөгчөөр ажиллаж, бас европ хоолны газар ажиллуулдаг. Манай бүтээгдэхүүн хилээр дамжин орж гардаг тул хилээр зорчих үндэслэл ихтэй байдаг юм. Эрээн хотод анх 1997 онд ирсэн. Одоо арван нэгэн жилийн нүүр үзэж байна. Түүнээс өмнө би 1991 оны үед Эрээнээр дамжин өнгөрдөг байсан. Тухайн үед Эрээний хамааралт сул, их задгай тиймэрхүү байдалтай байсан. Сүүлийн үед Эрээний бүтээн байгуулалт болоод хот тохижилт их сайн болсон. Бичиг баримт бүрдүүлэхэд одоо нэг л танхимд шийддэг болсон. Эрээн хот үнэхээр өөр болжээ. Арван жилийн өмнөхтэй харьцуулбал тэнгэр газар шиг зөрөөтэй болсон нь хүмүүсийн нүдэнд тодорхой харагдаж байгаа. Дээр үед хувийн машин байсангүй. Такси ч цөөн байсан. Тухайн үед бид хүн тэргэн дээр сууна. Дугуй унадаг байсан. Манай Эрээн чинь жижигхэн газар тул хүмүүс голдуу явган явдаг байсан. Сүүлийн үед хүмүүсийн амьдрал сайжирч, би ч хувьдаа машинтай болсон. Эрээн хотод анх ирж байсан тэр үед бид түрээсийн байранд амьдардаг байлаа. Эрээнчүүд ер нь ажилсаг хүмүүс учраас орон байрны асуудал одоо асуудал биш болсон. ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгээр дамжуулан бүх дэлхийн монгол сонсогчдод сар шинийн мэнд дэвшүүлж байна. Тэгээд бас найз нөхөд, бизнес эрхэлдэг түншүүддээ эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна" гэлээ.
Өнөөдрийн Эрээн хот өөрийн гэсэн хот тохижилт, соёл боловсролтой болсон байна. Жишээлбэл: Эрээн хотын гудамжаар явахад гэр байшингууд нь Хятад-Монгол хоёр орны барилгын хэв намбыг зэрэг хадгалсан байх бөгөөд гуанз ресторан, дэлгүүр хоршооны хаяг бүгд кирил болон ханз үсгээр бичигдэж, хүн тэрэг нь хүртэл үүлэн хээгээр чимэглэсэн байх юм. Хятад-Монгол хоёр орны зорчигч болоод бараа тээвэр нэвтрүүлдэг хамгийн том боомт Эрээн хот нь манай хоёр орны хил дээр татсан солонго шиг өнгө өнгөөр туяарч байна. Зөвхөн боловсролын талаар авч хэлбэл, Өнөөгийн Эрээн хотын Монгол сургуулиудад Хятад-Монгол хоёр орны хүүхдүүд саруул сайхан хичээлийнхээ танхимд монгол хэлээр сурч, хэсэгхэн чихрээ таллан хувааж, хэцүүхэн хичээлээ хамтран давтаж байна. Харин одоогоос 30 жилийн өмнө энд нэг ч монгол сургууль байсангүй. Эрээн хотын боловсролын хэрэг эрхэлсэн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэмт гуай 29 жилийн өмнө буюу 1980 онд их сургуулиа дүүргээд Эрээн хотод ирж ажиллажээ. Эрээн хотын боловсрол, тэрчлэн ойрын 30 жилийн хотын хөгжлийн талаар Эрдэмт гуай хамгийн сайн мэддэг хүний нэг. Тиймээс Эрээн хотын талаар дэлгэрэнгүй сайхан мэдээлэл авахаар манай сурвалжлагч түүнийг зорьж очсон юм. Тэрээр бидэнд ийнхүү хуучиллаа.
"Би 1980 онд Өвөр Монголын Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуулиа дүүргэж, нам засгийн заавраар Эрээн хотод багшлахаар ирсэн. Намайг анх ирэхэд Эрээн хот жижигхэн. Элсэндээ дарагдчихсан, асар байшин цөөхөн. Сэтгэлд нэг л таалагдахгүй байсан. Тэр үед Эрээн хотын Монгол дунд сургууль ганцхан байшин гэртэй, 12 сурагчтай, хоёр багштай байсан. Гэтэл өнөөдөр 1700 гаруй хүүхэдтэй, бага сургууль, дунд сургууль, тусгай мэргэжлийн ангитай болсон. Бас энэ сургуульд монгол улсаас 170 хүүхэд сурч байна.
Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн турш Эрээн хотын боловсролын хөгжил их хурдтай байж, дан монгол хэлээр хичээллэхээс гадна хүүхдийн цэцэрлэг ч бий болсон. Тэр үед би засаг албанд ажиллах эсгүүл дунд сургуульд багшлах санаатай байсан. Гэхдээ тухайн үед монгол цэцэрлэг байгуулагдаж, монгол хэлээр хичээл заах багш хэрэгтэй болсон. Ингээд манай Эрээн хотын боловсролын хэрэг эрхэлсэн газраас намайг монгол цэцэрлэгийн багшаар тохируулсан. Тэр намар хориод хүүхэд цэцэрлэгт авч, бид өөрсдөө сурах бичиг материал найруулдаг байсан. Намхан байшингийн араас нь элс дарж газартай тэгширсэн болохоор хүүхдүүд наадсаар байгаад байшингийнхаа дээвэр дээр гарчихдаг, тийм л нэг битүү бөглүү газар байсан даа.
Эрээн хот нь хилийн том боомт болсны хувьд хил худалдаа, соёл боловсролын талаар хойд хөрш Монгол улстай маш нягт харилцаа холбоотой болсон. Боловсролын талаас ярихад: Өнөө манай сургуулиуд Улаанбаатар, Сайншанд болоод өөр аймгуудын сургуулиудтай сайхан түншийн холбоотой. Эрээн хотод өнөө Монголын 400 шахам хүүхэд суралцаж байгаа. Монгол улсын багш нарын уран бүтээлийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байсан бөгөөд манай багш нар ч уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатарт зохион явуулсан.
1984 он гэхэд Хятад орон өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлэх замдаа орж байсан үе. 1984 оны 8 сард Намын төв хорооны нарийн бичгийн дарга Хү Ёо-бан энд ирж ажил байцаахдаа: Өмөд оронд Шэнжэнь байдаг, умраад оронд Эрээн байна гэж ярьсан. Тэгээд тэр жилийн 10-р сарын 1-нд Хятад улс байгуулагдсаны 35 жилийн ой тохиосон болохоор улс даяар өв тэгш үйл ажиллагаа болсон. Эрээн хот ч Үндэсний баяраа тэмдэглэх ёслолдоо Замын үүд өртөөний дарга, цэргийн дарга нарыг урьж оролцуулсан юм. Тэр үед Монголоос хүн ирлээ гэхээр их сонин зүйл болж байсан. Яг манай монгол сургуулийн хүрээнд монгол гэр босгож, идээ шүүс засан гийчдээ дайлж зочилсон. Тэгэхэд хүмүүс гэрийн хойгуур урдуур цугларч, зарим хүүхдүүд нь бүр тотгоор шагайлдаж, Монгол улсын хүн гэж ямар байдаг юм бол? Ямар хэлээр ярьдаг бол хэмээн сонирхож байсан. Би орчуулагчаар дагаж байсан болохоор олон хүн надаас: Тэд нэр ямар хэлээр ярьж байна? Оросоор ярьж байна уу? гэхчлэн асууж байсан. Энэ мэтийн танил бус байснаа өнөө болоход худалдаа наймаа төдийгүй өргөн хүрээнд харилцах болж, тэр бүү хэл монголчуудын зарим нь Эрээнд байр авч суурьшин амьдрах болж, тэдний хүүхэд, ач нар нь эндхийн монгол сургуулиудад сурах болсон. Эрээн хот Монгол улсын хоорондын худалдаа наймаа, соёл боловсролын салбар дахь харилцаа их хөгжсөн"
Эрээн хотод ирсэн хэдэн хоногт баяр бахдал, уярал догдлолоор баян явлаа. Эрээнчүүдийн эелдэг зочломтгой занд бид баярлаж, газ-69 машиндаа дүүртэл бараа ачиж ганзага дүүрэн буцаж яваа ажилсаг хүмүүсийг биширч явлаа. Харин хүрэн зүрхийг хөгжим мэт уяраасан нэгэн үйл явдлыг сурвалжилж явахдаа, "Саахалт хүний санаа нэг, айл хүний амь нь нэг" гэдэг ардын цэцэн үгний жинхэнэ утга учрыг ухаарч явлаа. Одоо энэ талаар та бүхэндээ өгүүлье. ӨМӨЗР-ны дарга асан ноён Ян Жин хэдэн жилийн өмнө Монгол улсад айлчлахдаа, монголын 10 өнчин хүүхдийг үнэ төлбөргүйгээр ӨМ-д суралцуулахаар тохиролцсон байна. Үүнийг Эрээн хотын засгийн газар хариуцан гүйцэтгэж, уг 10 өнчин хүүхэд Эрээн хотод ирж 3 жил сураад өнөөдөр 9 хүүхэд нь ӨМ-ын их дээд сургуулиудад элсэн орж, сурч байна. Ангир бага насандаа аав ээжээсээ салж, амьдралын хатуу хөтүүг дэндүү эрт амссан хөөрхөн жаалуудыг халуун элгэндээ бүүвэйлж, өрөөлийн үр бус өөрийн үр хэмээн хайрласан сүү шиг сайхан сэтгэлд уярав, бид. Их сургуулийн алтан босгыг алхуулж өгсөн ачтан буянтан бүхэнд талархав, бид.
Эрээн хотын Боловсролын хэрэг эрхлэх газрын дарга Эрдэмт гуай ийнхүү ярьж байна.
"Эрээн хот нь 1984 он болтол Монгол улс, Замын үүд хоттой огт харилцаагүй байсан. Хятад-Монгол хоёр орны харилцаа сайжрахын дагуу Эрээн болон Замын үүд нь Монгол улс хоорондын олон салбар дахь харилцаа хөгжсөн юм. Өнөө Эрээн хот ийм сайхан тохижин хөгжсөн нь Монгол улстай холбоотой, хилийн худалдаатай холбоотой. Хэрэв өөрчлөлт шинэчлэлт байсангүй бол хилийн худалдаа байхгүй. Хилийн худалдаа байгаагүй бол Эрээн хотын энэ сайхан хөгжил дэвшил байхгүй байсан. Тиймээс Эрээн хотын нам засгаас Монголын ард түмэнд хандаж ямар нэгэн буяны үйл ажиллагаа хийхээр шийдсэн. Яг тэр үед манай Өвөр Монголын Засгийн газрын дарга байсан Ян Жин Монгол улсад айлчилж, олон салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийсэн байна. Үүний дараахан манай Эрээн хотын дарга бас Монгол улсад айлчилж, Монгол улсын холбогдох хүмүүстэй уулзаж, Монголоос арван өнчин хүүхдийг Эрээн хотод суралцуулахаар тохирсон байна. Тэгээд манай боловсролын байгууллага энэ ажлыг гардаж хийхээр болсон юм. 2003 оны өвөл Монгол улсын Хүүхдийн төлөө үндэсний байгууллагын дарга Тогтонням Эрээнд ирж, 10 өнчин хүүхдийг Эрээн хотод үнэ төлбөргүйгээр гурван жил суралцуулахаар тогтож, 2004 оны зун би өөрийн биеэр Улаанбаатарт очиж, өнчин хүүхдийн асрамжийн төвд очиж, арван хүүхэд авчирсан. Ямар ч түшиг тулгуургүй, гар зуур зардал мөнгөгүй, ойр зуурын хувцас хунаргүй тэдгээр хүүхдүүдийн хоол хүнсний зардал болоод бусад мөнгийг бид хангасан. Нэг жилдээ бараг 100 мянган юань зарцуулж байсан. Энэ гурван жилд хүүхдүүд их сайн суралцсан. Хятад хэлний хэр хэмжээ их дээшилсэн бөгөөд компьютер, үндэс сийлмэл, морин хуур гээд янз бүрийн мэргэжил сурсан. 2008 онд гурван жилийн сурлагын хугацаагаа дуусгаж, их сургуульд орох юм уу, эх орондоо буцах сонголтод учирсан. Энэ үед арван хүүхэд нь ӨМӨЗР-ны дарга Ян Жиньд захидал бичсэн байна. Ян дарга Эрээн хотод ажил байцаахаар ирэх тохиолоор бид тэр захиаг дамжуулсан юм. Ян Жинь дарга захиаг уншаад их баярлаж, захиан дээр тэр дор нь цохолт бичиж, энэ арван хүүхдийг үргэлжлэн Хятадад их , дээд сургуульд суралцуулж, ӨМӨЗР-ны Засгийн газраас сургалтын зардлыг нь даахаар болсон юм. Ингээд нэг л хүүхэд бусад талын шалтгаанаас болж эх орондоо буцсаныг эс хэлбэл өнөө есөн хүүхэд нь хүссэн ёсоороо Өвөр Монголын хөдөө аж ахуйн их сургууль , Эдийн засгийн дээд сургууль, Үндэстний их сургуулиудад элсэж, залгаад зөвхөн Хятад хэл бус монгол анагаах ухаан, эдийн засаг, компьютер, зураг сийлмэл гээд янз бүрийн мэргэжлээр суралцах болсон. Их сургуулиа дүүргээд эх орондоо буцвал аль нэгэн салбарын мэргэжилтэн болох нь гарцаагүй гэжээ"
Өнгөрсөн жил Эрээн хотынхон их сургуульд элссэн монгол улсын өнчин хүүхдүүдэд зориулж үдэж мордуулах ёслол хийсэн байна. Энэ ёслол дээр тэдгээр хүүхдүүдийн багш сэтгэгдлээ ярьсныг та бүхэнд тольдуулж байна.
"Монгол улсын өнчин хүүхдүүд ерөнхий оноогоороо нэлээд дээгүүр дунд сургуулиа дүүргээд их сургуульд элссэн. Хожим хойшид бид Хятад хэлний сургалтын чанарыг сайжруулж, Монгол улсын хүүхдүүд Хятадад ирж суралцахад нь тусалъя гэж бодож байна. Их сургуульд элссэн хүүхдүүддээ баяр хүргэе " гэлээ.
"ӨМ-ын Үндэстний их сургуульд элссэн Монгол улсын Энх-золбоо хүү ингэж ярьж байна.
"Би Эрээн хотын монгол дунд сургуулийг төгсөөд, Өвөр Монголын Тунляо хотын Үндэстний их сургуульд элсэн орж байна. Гурван жилийн турш сайн суралцаж, их сургуульд орсондоо маш их баяртай байна. Их сургуульд ороод цаашид сайн сурна. Би Тунляо хотын Үндэстний их сургуулийн монгол эмнэлгийн мэргэжлийг сонгосон. Хүмүүсийг эмчилж, хүмүүст туслахыг их боддог. Хятад-Монгол хоёр улсын харилцаанд чадахын хэрээр хувь нэмэр оруулна гэж бодож байна" гэлээ.
Эрхэм сонсогчид оо, Эрээн хотоос та бүхэндээ бэлэглэхээр авчирсан маш олон зүйл байгаа боловч цагийн хараанаас болж энд хүрээд нэвтрүүлэг маань жаргах болж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэндээ Хятадын нэрт дуучин Оюунбилэгийн дуулсан "Хүсэл хурайлсан Эрээн хот" гэдэг дуугаар ая барьж, сонсогч та бүхэндээ шинэ оны аз хийморь, амжилт бүтээл бүхнийг хурайлан дуудаж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, Хятад-Монголын ах дүүгийн найрамдал ган зам шиг гагнагдан бэхжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье. \Нэвтрүүлэгч Баатар, Ариун, нэвтрүүлэг бэлтгэсэн нь Баатар, Хүчит, Ариун, ерөнхий найруулагч Баатар, ерөнхий хянагч Цэцэн\
|