• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-23 23:05:12    
Радио аялал... Радио аялал...Радио аялал...

Хятадын Олон Улсын Радио

      НЭВТ: Хятад орны олон арван үндэстэн ястан цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлдэг ёс заншил нь нийтлэг хэдий ч газар нутаг алслагдсан, ёс заншил ижил үгүйгээс шалтгаалан өөр өөр байдаг. Тиймээс бид өргөн уудам Хятад орноор аялж газар газрын хүн ард цагаан сараа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар танилцуулах гэж байна. Манай радио аяллын хөтөч ХОУР-ийн редактор Уртнасан, МҮОН-ийн радиогийн сурвалжлагч Чулуунцэцэг...

      За тэгэхлээр хоёр хөтөч маань цагаан сарын аяллаа хаанаас эхлэе гэж байна даа?

     Урт: Миний хувьд холоос нь эхэлье гэж бодож байна? Харин Чука эгч юу гэж бодож байна?

     Чук: Надад өмнөд нутгийнхан их өвөрмөц санагддаг юм. Тэр дундаа радио аяллаа Гүй-жоу мужаас эхэлмээр байна.

     Урт: Би ч санал нэгтэй байна. Гүй-жоуд маш олон үндэстэн оршин суудаг болохоор бидний аялал сонирхолтой болох байхаа. Харин та ямар унаагаар явъя гэж бодож байна?

     Чук: Хол газар учир хоёулаа онгоцоор очъё доо. Дараа дараагийн аялах газар бас цөөн биш шүү дээ.

     Урт: Эрхэм сонсогчид оо, та бүхэн бид хоёрыг дагаад аялалдаа гарахад бэлэн болсон уу? Хамтдаа өмнөд нутгийг зорьё...

     Чука: Өмнөд нутгийг цаг агаар зөөлөн дулаан, байгалийн үзэмж төгс сайхан гэдэг. Бидний зорьж яваа Гүйжоу мужид дэлхийд зартай сайхан хүрхрээ байдаг гэж дуулсан юм байна.

     Урт: Тийм шүү. Энэ нутагт Хуан Го-шүй гэдэг маш том хүрхрээ бий. Энэ хүрхрээний өндөр нь 77, 8 метр, өргөн нь 101 метр гэж байгаа шүү дээ.

     Чук: Хачин том юмаа...

     Урт: Хуан Го-шүй хүрхрээнээс холгүй бас нэг өвөрмөц хүрхрээ бий шүү.

     Чук: Ямар...

     Урт: Ду Шүй-тан гэдэг юм. Нийт 410 метрийн өндөртэй 1З4 метр урттай...

     Чук: Гол мөрний урт гэдэгсэн, хүрхрээний урт гэхээр...

     Урт: Чухам л өвөрмөц гэдэг нь энэ юм шүү дээ. Шаталсан хэлбэрээр тогтсон их сонин хүрхрээ дээ.

     Чук: Ёстой л усны эх нутаг юм даа. Тэр орчиндоо ямар сайхан байдаг бол, мөнхийн усан ширхэг цацраад л... Монгол ардын үлгэрт гардаг бур бур бороотой бумбын орон байх нээ.

     Урт: Тэгвэл, хоёулаа цагаан сарын аяллаа өөрчлөөд алдарт хүрхрээ явчих уу.../хөгжилдөн инээлдээд/

     Чук: Буух газар хараахан болоогүй байна. Хоёулаа цаг хожиж өмнөд нутгийнхны цагаан сарын ёс заншлын тухай зам зуураа ярьж л явъя... Ингэхэд Гон-конг, Макаочууд цагаан сараа яаж тэмдэглэдэг юм бол..?

      Урт: Гон-конг, Макао нь Хятадын бусад үндэстэнтэй адил нэг өдөр цагаан сараа тэмдэглэдэг боловч ёс заншил нь нэлээд өөр. Уламжлалт олон зүйл нь бараг алдагдсан гэж хэлж болно. Тухайлбал, Хятадын олонх газар цагаан сараар хэрэглэдэг улаан өнгөтэй ерөөлийн үг бүхий урт тууз, мөн эд баялгийн Фү үсгийг ердөө худалдаа үйлчилгээ болоод бизнес эрхэлдэг газрууд л үүдэндээ наахаас биш энгийн айл өрх тэр бүр наахгүй шүү дээ.

     Чук: Аргагүй дээ. Хэдэн зуун жил амьдралын өөр хэмнэлтэй явж ирсэн болохоор ёс заншил нь өөрчлөгдсөн байх л даа.

     Урт: Харин ш дээ...

     Чук: Өмнөд нутагт их олон үндэстэн зэрэгцэн амьдардаг ч хоорондоо адил үгүй зүйл бас л байгаа даа.

      Урт: Өмнөд нутгийнхан галыг их эрхэмлэнэ. И үндэстэн гэхэд л галыг маш их бэлэгшээж үзнэ. Учир нь бадарч асдаг шинжээр нь мандал бадралыг бэлгэднэ. Мөн хүчтэй шинжээр нь гай барцад зайлуулах, халуун шинжээр нь ариун хайр дурлалын бэлгэдэл гэж үзнэ.

      Чук: Гүйлин үндэстэн, бас Макаочуудыг галын бурхан тахидаг гэж дуулсан юм байна.

      Урт: Ер нь цагаан сараар гал тахих ёс болоод галын сахиусандаа өргөл барих ёс нэлээд дэлгэр шүү. Тайваны Гао шан үндэстнүүд битүүнд галаа тойрон сууж хамтдаа хооллоно. Хэн нэг нь байхгүй, хол юманд явсан байвал заавал ор суудлыг нь бэлтгэж тавина. Сонирхолтой нь битүүний хоол хийхдээ хутга, заазуур хэрэглэхгүй. Ногооны үндсийг таслахгүй бүтнээр нь чанаж бэлтгэнэ. Энэ нь ээж, аавынхаа урт удаан насыг бэлгэдэж байгаа юм. За тэгээд, Сани үндэстэн байна. Саничүүд битүүнд нам жим байж, өвгөд дээдсээ тахиж, зоог барина. Битүүнд нам жим байхыг эрхэмлэдэг болохоор модны мөчир дээр өвсөн малгай тавьдаг. Үүнийг харсан хүн тэр айлд орохгүй, орсон ч цөөн үг хэлнэ. Ярьсан ч нам дуугаар ярина. Саничүүд битүүний оройг Кочима гэж хэлдэг юм. Учир нь битүүний орой Кочима нэртэй хоол иддэг юм байна. Тэгээд тэр хоолныхоо нэрээр битүүнийг нэрлэдэг болсон гэдэг юм.

     Чук: Манай монголчууд битүүний орой битүү хоол иднэ гэдэгтэй төстэй юмаа даа?

     Урт: Тийм шүү. За тэгээд, И үндэстнүүд хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж шинийн найманд бар бүжиглүүлнэ. Ингэж жилдээ ганц удаа бар бүжиглүүлбэл өвгөд дээдсийнхээ ивээлд багтаж, тэр ондоо сайн сайхан явдаг гэж үздэг юм байна.

     Чук: Энэ нь өнөө даавуугаар барын дүрс хийгээд хүмүүс дотор ороод бишгүүр цамын аялгуун дээр бүжиглэхийг хэлж байгаа биз дээ?

     Урт: Тийм, тийм. Цагаан сараар бар, луу бүжиглүүлэх ёсон хятад газар нэлээд түгээмэл шүү...

     Чук: Нээрэн бүжиг гэснээс дуу хуургүй ямар цагаан сар байх билээ дээ? Тэгэхлээр хоёулаа цагаан сарын аяллын зам зуураа өмнөд нутгийнхны хамгийн их түгээмэл дуулдаг ардын дуунаас сонсогчид доо сонсгомоор байна.

     Урт: Тэгэлгүй яахав. Тэгэхээр бидний зорьж яваа Гүйжоу мужийн Дун үндэстний нэгэн ардын дуу сонсгоё. Энэ дууг өмнөд нутгийнхан төдийгүй хятад орон даяараа дуулах дуртай байдаг юм.

     Чук: Уртаа, ингэхэд Гүйжоу мужид мэдээж олон арван үндэстэн байж таараа. Гэхдээ ямар үндэстэн голлодог юм бол?

     Урт: Бу-И үндэстэн. Бу-И үндэстэн 2 сая 500 мянган орчим байдаг гэж байгаа. Мөдхөн тэдэнтэй танилцах болно.

     Чук: Өө, онгоц ч газардах гэж байна.

     Урт: Тэглээ...

     Чук: Эрхэм сонсогчид оо, та бүхэн Гүй-жоу мужийн Бу-И үндэстний залуус бай харваж наадаж байгааг сонсож байна.

     Урт: Энэ наадмыг цагаан сарын үеэр тоглодог уламжлалтай.

     Чук: Эрэгтэй эмэгтэй... бараг тэнцүү шахуу тоотой арав гаруй залуус "бай" харваж байна. Бүсгүйчүүд үзүүрт нь нэг жижигхэн боодолтой зүйл уяж бэхэлсэн урт хулсыг гартаа бариад ганхуулаад байх юм. Байнгын хөдөлгөөнд байгаа тэр зүйлийг олж харвана гэдэг бас ч амаргүй бололтой юм. Адтай бүсгүйчүүд бүр ч хүчтэй ганхуулж, залуу хархүү ч мөчөөгөө өгөхгүй харвах гэж мэрийж харагдана. Аргагүй шүү дээ, сайхан бүсгүйн өмнө цэц мэргэнээ үзүүлэх шиг бардамнал аль ч газар орны залуу эрд байх шүү дээ. Барьсан "бай"-гаа оногдуулахгүй гэж аль байдгаараа савлан ганхуулах адтай охидын тас тас хийх инээд... "Бай"-г онож сайн эр болохоо харуулж, гоо бүсгүйн гараас архи уух гэсэн залуу эрийн хүсэл... Мэргэн ахаасаа дутахааргүй эр болон өсөж буйгаа сэтгэлтэй бүсгүйдээ үзүүлэх "алтан" боломжийг алдахгүй төлөө дахин дахин харвах өсвөр залуугийн шарлахал... хариуд нь "бай"-г нь оноосой гэсэндээ удаашруулан тогтоон өгч байгаа жаахан охидын мэрийлт... гээд олон хөөрхөн дүр төрхийг сонсогч та энэ хөгжилтэй наадмаас олж харж болно. Хөгжилтэйгээс гадна үнэхээр сэтгэл уярмаар сайхан наадам юмаа.

     Чук: Эрхэм сонсогчид оо Бу-И үндэстний хувцас их өвөрмөц юм. Эрчүүд нь цагаан, цэнхэр өнгийн бөс даавуугаар толгойгоо чалма маягтай ороосон байх юм. Бүсгүйчүүд ч мөн адил толгойгоо бөс даавуугаар ороосон байх бөгөөд ялгаатай нь цэцэг хуар хатгаж гоёжээ. Хүүхнүүдийн хувцас хормогч нь хатгамал ихтэй гоё юмаа, гоё юм. Уртаа... тэр хулсны үзүүр дэх боодолтой зүйл нь юу юм бол...?

     Урт: Түүн дотор зоос, мөнгөн ембүү самрын үр, хаш мана гээд эрдэнийн чулуу байдаг юм гэсэн. Энэ наадмыг охид нь зохион байгуулж, бас шүүдэг юм ш дээ.

     Чук: Үгүй тэр... Бу И бүсгүйчүүд их адтай байхнээ. Залуу харчуудыг өрсөлдүүлээд л... бас дүгнээд л...

     Урт: Тийм шүү. Шинэ сар гарч байгаа энэ өдөр сонирхсон бүсгүйнхээ барьсан байг онож, гараас нь архи авч уух гэж хэн ч мэрийнэ биз дээ?

     Чук: Нээрэн тийм юм даа. Нутаг усныхаа хамгийн мэргэн, сайн эр болох гэсэн ааг омог залуу насанд байлгүй яах вэ. Хоёулаа тэр... Хамгаас илүү адтай байсан охинтой уулзъя, тэгэх үү?

     Урт: Тэгье...

     -Чамайг хэн гэдэг вэ?

     -Шо Мей

     -Чиний барьсан "бай"-г онож чадав уу?

     -Чадаагүй...

     -Эсвэл чиний "бай"-г тоож харвахыг хүсээгүй юм болов уу?

     -Яалаа гэж дээ бүгд л миний байг харвах гэж хичээгээд байсан биз дээ.../тас тас инээх/

     -Бу И бүсгүйчүүд энэ тоглоомыг зохион байгуулахаас гадна өөр сонирхолтой юу хийдэг вэ?

     -Бидний хувьд гэвэл битүүний оройноос эхлээд нүд анихгүй хононо шүү дээ.

      -Яаж байгаа нь тэр вэ?

      -Шинийн нэгэнд үүрийн гэгээнээр эртлэн босож, ус дамнах гэж тэр... Хамгийн түрүүн усаа авсан бүсгүй тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж үздэг юм. Манай Бу И-чүүд ажилсаг бүсгүй эртэч байдаг үздэг юм л даа.

     -Чи тэгээд, тосгоныхоо хамгийн ажилсаг бүсгүй болж чадав уу?

     -Уг нь би хамгийн эрт бослоо гэж бодсон чинь, худаг дээр хэдийн хоёр бүсгүй ирчихсэн байсан. Нэг нь бүр усаа дамнаад авж байсан шүү. Гэхдээ яах вэ, ирэх жилийн шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд усаа авах болно доо, чадна ч гэж бодож байна.

     -Үхэр жилдээ хамгийн эртэч нь болж чадаагүй ч бар жилдээ хамгийн эртэч бүсгүй болохыг ерөөе...

     -Баярлалаа...

     Чук: Уртаа, саяны бүсгүйн гутал, хувцасны хатгамал их гоё юмаа. Бу-И бүсгүйчүүд их уран байхаа?

     Урт: Тийм шүү. Хатгамал, сүлжмэл хийдэггүй Бу-И бүсгүй гэж байхгүй дээ. Тэднийг зүү утас барьж чадах болсон цагаас нь ээжүүд нь хатгамал зааж өгдөг гэсэн. Бу-И бүсгүйчүүд найз залуудаа хайр сэтгэлийнхээ илэрхийлэл болгож хатгамалтай бүс хийж дурсгадаг гэсэн.

     Чук: Манай монголын хуучин цагийн бүсгүйчүүд сэтгэлтэй хүндээ хатгамалтай даалин, аяганы алчуур хийж дурсгадагтай төстэй юм. Газар газрын залуусаа гэж...

     Чук: Эрхэм сонсогчид оо, үзэсгэлэнт Гүй-жоу мужийн Ан-лунь тосгонд хийсэн аяллаа өндөрлөөд, зэргэлдээ орших Юн-нань мужийн өмнөд хэсэгт байх Ши-шуан Бан-на хэмээх газар уу явж байна. Уртаа, ингэхэд бидний очих газар ямар үндэстэн голлон суудаг юм бэ?

     Урт: Бараг л тэр чигээрээ Дай үндэстэн гэж хэлж болно. Юнь-нан мужид нийт 1 сая 160 мянган Дай үндэстэн байдаг юм.

      Чук:Энэ нутгийн байгалийн үзэмж үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан юмаа. Ингэхэд энэ Ши-шуан Бан-на нутгийнхны гол онцлог юу юм бол?

     Урт: Цай шүү дээ. Энэ нутгийг цайны эх орон ч хэлж болно. Чука эгчээ... Тэр,тэр... Харж байна уу...?

     Чук: Тэр бөмбөгөр бөмбөгөр ногоон уул уу... Яг л томоос том өвсөн бухлыг хэдэн зуу, хэдэн мянга дахин өсгөөд тавчихсан юм шиг сонин харагдаж байна шүү. Бас энэ уул... Өө, уулынхны тариалан байна шүү дээ...

     Урт: Тийм шүү дээ. Цайны ургамлын тариалан... Энэ нутгийн цайны түүхийг 1700 жилийн өмнөөс эхэлж ярина шүү дээ. Энд бүр 1000 жилийн настай цайны мод байдаг гэж би дуулсан юм байна.

     Чук: Аргагүй л цайны эх орон юм даа.

     Урт: Тийм шүү...

     Чук: Үгүй, тэнд тэр хүмүүс юу хийгээд байнаа? Үе үе дээшээ гал цойлоод л... Тэнд ямар нэгэн баяр болж байнаа даа, янз нь.

     Урт: Өө, энэ чинь... Бай үндэстний шинэ сарын үеэр хийдэг галын наадам байна.

      Чук: Хоёулаа очиж харья, тэгэх үү?

      Урт: Тэгье...

      Чук: Эрхэм сонсогчид оо, энэ сонин наадам өнөө цагийн биднийхээр бол салют буудахтай төстэй гэж хэлж болох юм. Дээш дээш нь цойлон гарах галыг харахаар өнөө цагийн хүмүүсийн салют буудах ёслолын уг эхлэл ийм л байсан болов уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна...

      Урт: Нээрэн тийм юм гээч...

     Урт: Сая би сая асууж сонирхлоо. Тэд нар Бай үндэстэн гэнэ. Энэ нь үхэр жилдээ хир зэрэг од хийморьтой байхаа үзэж байгаа нэгэн төрлийн наадам юм байна. Урт урт хулс модыг хөндийлөөд дотор нь дарь хийдэг юм байна. Хэнийх нь гал хамгийн өндөрт гарна, тэр хүн шинэ жилдээ их од хийморьтой байдаг гэж бэлэгшээдэг юм байна.

      Чук: Тэгэхээр энэ нутгийн Бай үндэстнүүд үхэр жилдээ их л од хийморьтой байх юм байна даа. Чи хар даа... гал нь цөм л өндөрт гарч байгаа биз дээ?

      Урт: Тийм байна. Буудсан гал нь улам улам өндөрт гарч, үхэр жилдээ од хийморьтой байх болтугай хэмээн энэ хүмүүст хүсээд хөдлөх үү дээ?

      Урт: Тэгье, тэгье...

      Чук: Эрхэм сонсогчид оо, та бүхний сонсож байгаа дуу бол Дай үндэстний цагаан сарын дуу. Харилцан дуулдаг энэ дууг дайчууд зөвхөн цагаан сарын баяраар л дуулдаг юм байна.

      Чук: Уртаа бид хоёр Ши-шуан Бан-на тосгонд хэдийн ирчихсэн явж байна. Халуун дулаан газар орон болохоор энд тэндгүй гоёлоо өмссөн хүмүүс жимс ногоогоо дэлгэчихсэн шинэ сараа тэмдэглэн хөл хөөр болон сууна. Өмнө зүгийн олон арван үндэстэн ердийн өдрүүдэд их төлөв хар бараан өнгийн хувцас өмсдөг юм билээ. Харин өнөөдөр цагаан сар болж байгаа болохоор Дай-чүүд их өнгөлөг, бүр эрээн мяраан харагдаж байна. Дай эрчүүд Бу-И үндэстний нэгэн адил цагаан юм уу хөх өнгийн бөсөөр толгойгоо чалма хэлбэртэй ороож, захгүй, оготор ханцуйтай, цамц, урт даавуун өмд өмсөж, харин бүсгүйчүүд нь үсэндээ гоёмсог цэцэг хатгаж, цээж гар ил гарсан цээживч өмсөөд, өнгө өнгийн туушингаар чимэглэсэн урт даавуун банзал ороожээ. Ажиглаад байвал зүүн өмнөд Азийн Тай бүсгүйчүүдийн хувцастай төстэй ч юм шиг.

      Урт: Чука эгчээ, тэнд олон хүмүүс цугларсан байна. Их хөгжилтэй байх шиг байна, хоёулаа тийшээ очьё.

      Чук: Тэгье...

      Чук: Энд амтат зөөлөн боовыг өндөр өндөр өрж тавьсан ширээ байна. Манайхнаар бол торттой төстэй ч юм шиг. Гэхдээ торт биш шүү... Аа, энэ нь Дай үндэстний цагаан сарын амтат боов гэнэ.

      Урт: Дай-чүүд цагаан сарын амтад боовыг аль болох өндөр өрөх тусам сайн гэж үздэг юм байна...

      Чук: Үгүй тэр, хараач... өнөө боовноосоо аваад бие бие рүүгээ шидэж эхэллээ шүү, яаж байгаа юм бол?

      Тэр хараа...Тэр, тэр... шар өмсгөлтэй бүсгүй тэр өндөр залуугийн толгойн боолтыг унангуут нь сэмхэн аваад явчихлаа. Залуу ер мэдсэнгүй, өнөө юмаа шидээд л... Тэр бүсгүй яаж байгаа юм болоо? Арай шинийн нэгэнд хулгай хийнэ гэж баймааргүй юм даа.

      Урт: Мөн ч их бужигнаан болж байна даа? Ер нь энэ наадмын учрыг асууя, байз. Би ч бас мэдэхгүй юм байна.

     -Энэ наадмыг залуучууд тоглодог юм. Ингэж хөгжилдөж байх хооронд охид нь залуучуудын толгойн боолт юм уу, зүүж яваа хутга, эсвэл морь, илжгийг нь сэм авч явдаг ёстой. Эд зүйлээ алдсан залуу сэжиглэсэн бүсгүйн араас явж гэрт нь очно. Ирсэн залууг охины эцэг эх маш ихээр хүндэтгэн хүлээн авч, тусгайлан бэлтгэсэн идээ будаагаар дайлдаг ёстой.

     -Эцэг эх нь яаж мэддэг юм?

     -Мэдэлгүй яахав. Гэрт нь огт байгаагүй эр хүний толгойн алчуур, хутга энэ тэр зүйлийг олж хараад, манай охин хэн нэгэн залуугийн эд зүйл аваад ирсэн байна. Тэгэхлээр бид шинэ онд хүргэнтэй болж магадгүй нь гээд бэлтгэж эхэлнэ шүү дээ.

     -Юмаа алдсан залуу ирэхгүй бол яах вэ?

     -Тийм юм байдаг л юм. Хэрэв залуу хархүү очихгүй бол алдсан юмаа бэлэг болгож байгаа тэр...

     Урт: Чука эгчээ, Энэ тоглоом Бай үндэстний залуус цагаан сараар тоглодог "Хатгамалтай бөмбөг шидэх наадам" -тай төстэй юм байна.

      Чук: Тэр наадам яадаг гэж...?

      Урт: Эрэгтэй эмэгтэй залуучууд хоёр тал болж зогсоод хатгамал оёж гоёсон даавуун бөмбөг бие бие рүүгээ харилцан шидэж тоглоно. Бөмбөг тосож авч чадахгүй нь торгуулна, торгуулах бүрдээ бэлэг өгөх ёстой.

      Чук: Тэгээд...?

      Урт: Тэгээд яахав дээ. Зарим нь хэргээр дахин дахин алдаад л, алдах тоолондоо бэлэг өгөөд л ... Үнэндээ бэлэг өгөх гэж алдаад байгаа хэрэг шүү дээ.

     Чук: Бас залуусын хайр сэтгэлтэй холбоотой наадам байх нээ...

      Урт: Харин тийм...

      Чука: За, юутай ч сая наадаж багаад толгойнхоо хөх алчуурыг алдсан залуу, тэр сайхан охины хойноос гэрт нь очоосой билээ, тиймээ?

      Урт: Тэгэлгүй яахав, тэгээд ирж байгаа үхэр жилд залуу хосуудын хурим нижгэр сайхан болох болтугай...

      Урт: Та бүхэн "Холын гийчид минь битгий яваач" Сани үндэстний ардын дуу сонсож байна.

      Чук: Энэ дуунд:

Замын хажууд цэцэг дэлгэрч байна
Өндөр модонд жимс улайрч байна
Мөдхөн бид ургацаа хураана
Холын гийчид минь битгий яваач
Арвин ургацыг хамтдаа дуулъя
Аз жаргалыг хамтдаа дуулъя
Холын гийчид минь битгий яваач... гэж дуулж байна.

      Урт: Ийм дуу сонссон хүмүүс ч саатахаас өөр аргагүй боллоо доо. Тиймээ, Чука эгчээ?

     Чук: Харин тиймээ. Холын гийчид минь битгий яваач, энд үлдээч... гэж дуулж байгааг бодохоор энэ нутгийнхан аргагүй л зочломтгой, халуун сэтгэлтэй хүмүүс юм даа.

      Урт: Тийм шүү, аливаа дуу хуур ард түмний зан үйл, оюун бодлын илэрхийлэл болж байдаг шүү дээ. Одоо энэ нутгийнхан холын гийчид дээ, хулст бүжгээ хийж сонирхуулъя гэж байна. Энэ бүжгийг цагаан сар төдийгүй бүх л баяр наадмаар, бас зочиддоо заавал бүжиглэж өгдөг ёстой юм байна.

     Чука: Өмнөд нутгийнхны үндэсний бүжиг юмаа даа. Би урьд нь зөвхөн кино, телевизийн дэлгэцнээс харж байсан. Одоо жинхэнээр үзэх завшаан тохиож байна ш дээ. Ёстой өнөө юу гэдэг билээ дээ, "Суусан цэцнээс, явсан тэнэг дээр" гэгчээр олон сонин сайхан юм үзэж, таньж мэдэж явна даа.

     Урт: Харин ш дээ...

     Чука: Эрхэм сонсогчид оо, та бүхэн өмнөд нутгийнхны хулст бүжгийн аялгуу сонсож байна. Хулсан дээр бүжиглэдэг энэ урлаг нэн эртний үүсэлтэй юм гэсэн. Уртаас урт хос нарийн хулсны хоёр үзүүрээс нэг нэг хоёр гартаа бариад, нэг холдуулаад л, нэг ойртуулаад л... тэгээд бас дээшээ доошоо хөдөлгөөд л... Энэ үед нь эрэгтэй эмэгтэй хос залуус хөлөө тэдгээр хулсны завсар хоорондуур хийж бүжиглэж байна. Тун чадварлаг бүжиглэж байна.

     Урт: Энэ бүжиг нэг талаар спорт ч юм шиг. Яагаад гэвэл маш хурднаар байнга хөдөлж байгаа хулсны завсар зайг олж үсэрч дэвхэрнэ гэдэг их чадвар шаардаж байгаа биз дээ?

     Чук: Нээрэн тийм юм даа. Хөлөө хавчуулчихгүй үсрэхийн хажуугаар бүжгийн уран гоё хөдөлгөөнийг давхар илэрхийлнэ гэдэг үнэхээр амаргүй л дээ. Сонсогч танд маш энгийнээр хэлбэл, монгол газар бага насны охид дээс, резин тоглодогтой жишиж болмоор шиг. Ер нь өмнөд нутгийнхан анх хулсан дээр тоглодог байснаа улам хөгжиж, урлаг болсон юм уу гэж бодож сууна. Бас ч үгүй ээ, хүүхэд байх даа гайгүй дээс тоглодог байсан болохоор нэг үзээд авмаар ч санагдаж байна шүү, Уртаа?

      Урт: Болно ш дээ. Та бид хоёрыг дуу бүжигтээ уриад л байгаа шүү дээ.

      Чук: За, болъё. Өнөө хүндтэй холын гийчин маань хулсанд хөлөө хавчуулж сүйд болох байх.

     Чук: Аль ч газар оронд хамгийн элбэг юу байна. Тэр нь ахуй амьдрал, зан үйл, урлаг соёлд нь нөлөөгөө үзүүлж байдаг хуультай. Үнэхээр өмнөд нутгийнхныг хулсгүйгээр төсөөлөх аргагүй юм. Зам гүүр, гэр сууц, авдар сав бүгд хулс.

      Урт: Уулын дүүжин шат, тариачдын эд хэрэглэл гээд хулс оролцоогүй эд зүйлийг та энэ нутгаас бараг олж харахгүй бизээ. Охид бүсгүйчүүдийн гоёл нь хүртэл хулсаар бүтсэн байх юм.

      Чук: Хулсыг хүртэл хүнсэндээ хэрэглэнэ. Нялх хулсыг хальсалж хэрчээд иднэ. Их шүүслэг идчихэж болмоор санагдсан шүү.

      Урт: Чука эгчээ, та бид хоёрыг эндээ үлдээд З-р сарын эхээр болох усны баяртаа оролцооч гэж урьж байна.

      Чук: Манай монголчуудын хэлдэгээр "Завтай болоод, морьтойсон бол..." гэдэг шиг цаг хугацаанд баригдаагүй бол ч... Гэхдээ Усны баярын талаар сонсогчид доо сонирхуулах хэрэгтэй. Зүүн өмнөд Азийн Лаос зэрэг зарим орнууд энэ усны баярыг цагаан сар буюу хаврын баяр гэж хэлдэг юм билээ. Түүнтэй адилхан байхнээ дээ?

      Урт: Эрхэм сонсогчид оо, Шар үхэр жилийн цагаан сарын шинийн өдрүүдээр өмнөд нутгаар хийсэн манай радио аялал өндөрлөх дөхөж байна.

      Чук: Үзэсгэлэнт сайхан өмнөд нутгийн олон арван үндэстний цагаан сарын ёс уламжлал тоочиж баршгүй арвин их юмаа. Харин бидний ажигласнаар бол манайхан настнаа илүү хүндэтгэдэг бол өмнөд нутагт залуусаа илүү хүндэтгэж, тэдний шинэ амьдралыг зөгнөн билэгддэг онцлогтой бололтой. Гэвч бид хоёрын хүрч очиж чадаагүй, нээж тайлж чадаагүй олон олон нууцлаг зүйл шаргин найгах хулсан ойдоо, шуугин буух хүрхээн болор дусал дунд нууцаа хадгалсаар үлдлээ.

      Урт: Эрхэм сонсогчид оо, бидний радио аялал Хятад орны төв хэсэг, баруун хойд, бүр Бээжин хотоор ч хийх төлөвлөгөөтэй байсан боловч газар нутаг уудам, үндэстэн ястан олон, уламжлалт ёс заншил нь дэндүү арвин, бас сонин содон байснаас нэвтрүүлгийн цаг дууссан тул аяллаа энд зогсоолоо.

      Чук: Сонсогч та бүхэн шинэ он, шинэ сар, шинэ өглөө бүр од хийморьтой байж,

      Урт: Дүүрэн аз жаргалтай байх болтугай...

      НЭВТ: Та бүхэн Шар үхэр жилийн цагаан сарын шинийн өдрүүдээр өмнөд нутгаар хийсэн "Радио аялал" хүлээн авч сонслоо. \Манай радио аяллын хөтөч ХОУР-ийн редактор Уртнасан, МҮОН-ийн радиогийн сурвалжлагч Чулуунцэцэг... \