Эрээн боомтоор жил тутамд 2 сая хүн зорчиж, 3 сая тонн ачаа бараа нэвтэрч байна. Шинэ сарын босгон дээр Эрээн хотын боомт дээр манай сурвалжлагч хүрэлцэн очлоо. Солонгон чимэглэлтэй улсын хаалгыг чиглэн шинэхэн орсон цасан дээгүүр алсын барааг ширтэн алхаж явахад Замын үүд хотын бараа цэнхэрлэж, амгалан тайван хирнээ амьдрал буцалсан дүр төрх нүднээ илхэн байлаа. Улсын хаалгаар нүсэр том ачааны машин, газ-69 машины хүрдэн дугуй өчүүхэн ч чөлөө завгүй эргэлдэж байв. Хилийн боомт дээр бид Цацрал гэдэг бизнесментэй танилцаж, яриа хөөрөө боллоо. ӨМ-ын Ордос хотод нутагтай Цацрал Хятад-Монгол хоёр орны хооронд худалдаа-наймаа эрхэлсээр арваад жилийн нүүр үзэж байгаа юм байна. Түншүүд нь түүнийг Да ян-жин буюу бүлтгэр гэж дууддаг юм байна. Том алаг нүдтэй Да Ян-Жинтэй анх уулзахдаа монголоор маш сайхан ярихыг нь сонсоод Монгол улсын иргэн гэж андуурч байснаа нуух юун. Бизнесмен Цацралт ингэж ярьж байна.
"Би суурин худалдаа эрхэлдэг хүн. Бас Монголын мобикомийн төлөөлөгчөөр ажиллаж, бас европ хоолны газар ажиллуулдаг. Манай бүтээгдэхүүн хилээр дамжин орж гардаг тул хилээр зорчих үндэслэл ихтэй байдаг юм. Эрээн хотод анх 1997 онд ирсэн. Одоо арван нэгэн жилийн нүүр үзэж байна. Түүнээс өмнө би 1991 оны үед Эрээнээр дамжин өнгөрдөг байсан. Тухайн үед Эрээний хамааралт сул, их задгай тиймэрхүү байдалтай байсан. Сүүлийн үед Эрээний бүтээн байгуулалт болоод хот тохижилт их сайн болсон. Бичиг баримт бүрдүүлэхэд одоо нэг л танхимд шийддэг болсон. Эрээн хот үнэхээр өөр болжээ. Арван жилийн өмнөхтэй харьцуулбал тэнгэр газар шиг зөрөөтэй болсон нь хүмүүсийн нүдэнд тодорхой харагдаж байгаа. Дээр үед хувийн машин байсангүй. Такси ч цөөн байсан. Тухайн үед бид хүн тэргэн дээр сууна. Дугуй унадаг байсан. Манай Эрээн чинь жижигхэн газар тул хүмүүс голдуу явган явдаг байсан. Сүүлийн үед хүмүүсийн амьдрал сайжирч, би ч хувьдаа машинтай болсон. Эрээн хотод анх ирж байсан тэр үед бид түрээсийн байранд амьдардаг байлаа. Эрээнчүүд ер нь ажилсаг хүмүүс учраас орон байрны асуудал одоо асуудал биш болсон. ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгээр дамжуулан бүх дэлхийн монгол сонсогчдод сар шинийн мэнд дэвшүүлж байна. Тэгээд бас найз нөхөд, бизнес эрхэлдэг түншүүддээ эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна" гэлээ.
Өнөөдрийн Эрээн хот өөрийн гэсэн хот тохижилт, соёл боловсролтой болсон байна. Жишээлбэл: Эрээн хотын гудамжаар явахад гэр байшингууд нь Хятад-Монгол хоёр орны барилгын хэв намбыг зэрэг хадгалсан байх бөгөөд гуанз ресторан, дэлгүүр хоршооны хаяг бүгд кирил болон ханз үсгээр бичигдэж, хүн тэрэг нь хүртэл үүлэн хээгээр чимэглэсэн байх юм. Хятад-Монгол хоёр орны зорчигч болоод бараа тээвэр нэвтрүүлдэг хамгийн том боомт Эрээн хот нь манай хоёр орны хил дээр татсан солонго шиг өнгө өнгөөр туяарч байна. Зөвхөн боловсролын талаар авч хэлбэл, Өнөөгийн Эрээн хотын Монгол сургуулиудад Хятад-Монгол хоёр орны хүүхдүүд саруул сайхан хичээлийнхээ танхимд монгол хэлээр сурч, хэсэгхэн чихрээ таллан хувааж, хэцүүхэн хичээлээ хамтран давтаж байна. Харин одоогоос 30 жилийн өмнө энд нэг ч монгол сургууль байсангүй. Эрээн хотын боловсролын хэрэг эрхэлсэн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэмт гуай 29 жилийн өмнө буюу 1980 онд их сургуулиа дүүргээд Эрээн хотод ирж ажиллажээ. Эрээн хотын боловсрол, тэрчлэн ойрын 30 жилийн хотын хөгжлийн талаар Эрдэмт гуай хамгийн сайн мэддэг хүний нэг. Тиймээс Эрээн хотын талаар дэлгэрэнгүй сайхан мэдээлэл авахаар манай сурвалжлагч түүнийг зорьж очсон юм. Тэрээр бидэнд ийнхүү хуучиллаа.
"Би 1980 онд Өвөр Монголын Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуулиа дүүргэж, нам засгийн заавраар Эрээн хотод багшлахаар ирсэн. Намайг анх ирэхэд Эрээн хот жижигхэн. Элсэндээ дарагдчихсан, асар байшин цөөхөн. Сэтгэлд нэг л таалагдахгүй байсан. Тэр үед Эрээн хотын Монгол дунд сургууль ганцхан байшин гэртэй, 12 сурагчтай, хоёр багштай байсан. Гэтэл өнөөдөр 1700 гаруй хүүхэдтэй, бага сургууль, дунд сургууль, тусгай мэргэжлийн ангитай болсон. Бас энэ сургуульд монгол улсаас 170 хүүхэд сурч байна.
Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн турш Эрээн хотын боловсролын хөгжил их хурдтай байж, дан монгол хэлээр хичээллэхээс гадна хүүхдийн цэцэрлэг ч бий болсон. Тэр үед би засаг албанд ажиллах эсгүүл дунд сургуульд багшлах санаатай байсан. Гэхдээ тухайн үед монгол цэцэрлэг байгуулагдаж, монгол хэлээр хичээл заах багш хэрэгтэй болсон. Ингээд манай Эрээн хотын боловсролын хэрэг эрхэлсэн газраас намайг монгол цэцэрлэгийн багшаар тохируулсан. Тэр намар хориод хүүхэд цэцэрлэгт авч, бид өөрсдөө сурах бичиг материал найруулдаг байсан. Намхан байшингийн араас нь элс дарж газартай тэгширсэн болохоор хүүхдүүд наадсаар байгаад байшингийнхаа дээвэр дээр гарчихдаг, тийм л нэг битүү бөглүү газар байсан даа.
Эрээн хот нь хилийн том боомт болсны хувьд хил худалдаа, соёл боловсролын талаар хойд хөрш Монгол улстай маш нягт харилцаа холбоотой болсон. Боловсролын талаас ярихад: Өнөө манай сургуулиуд Улаанбаатар, Сайншанд болоод өөр аймгуудын сургуулиудтай сайхан түншийн холбоотой. Эрээн хотод өнөө Монголын 400 шахам хүүхэд суралцаж байгаа. Монгол улсын багш нарын уран бүтээлийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байсан бөгөөд манай багш нар ч уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатарт зохион явуулсан.
1984 он гэхэд Хятад орон өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлэх замдаа орж байсан үе. 1984 оны 8 сард Намын төв хорооны нарийн бичгийн дарга Хү Ёо-бан энд ирж ажил байцаахдаа: Өмөд оронд Шэнжэнь байдаг, умраад оронд Эрээн байна гэж ярьсан. Тэгээд тэр жилийн 10-р сарын 1-нд Хятад улс байгуулагдсаны 35 жилийн ой тохиосон болохоор улс даяар өв тэгш үйл ажиллагаа болсон. Эрээн хот ч Үндэсний баяраа тэмдэглэх ёслолдоо Замын үүд өртөөний дарга, цэргийн дарга нарыг урьж оролцуулсан юм. Тэр үед Монголоос хүн ирлээ гэхээр их сонин зүйл болж байсан. Яг манай монгол сургуулийн хүрээнд монгол гэр босгож, идээ шүүс засан гийчдээ дайлж зочилсон. Тэгэхэд хүмүүс гэрийн хойгуур урдуур цугларч, зарим хүүхдүүд нь бүр тотгоор шагайлдаж, Монгол улсын хүн гэж ямар байдаг юм бол? Ямар хэлээр ярьдаг бол хэмээн сонирхож байсан. Би орчуулагчаар дагаж байсан болохоор олон хүн надаас: Тэд нэр ямар хэлээр ярьж байна? Оросоор ярьж байна уу? гэхчлэн асууж байсан. Энэ мэтийн танил бус байснаа өнөө болоход худалдаа наймаа төдийгүй өргөн хүрээнд харилцах болж, тэр бүү хэл монголчуудын зарим нь Эрээнд байр авч суурьшин амьдрах болж, тэдний хүүхэд, ач нар нь эндхийн монгол сургуулиудад сурах болсон. Эрээн хот Монгол улсын хоорондын худалдаа наймаа, соёл боловсролын салбар дахь харилцаа их хөгжсөн"
Эрээн хотод ирсэн хэдэн хоногт баяр бахдал, уярал догдлолоор баян явлаа. Эрээнчүүдийн эелдэг зочломтгой занд бид баярлаж, газ-69 машиндаа дүүртэл бараа ачиж ганзага дүүрэн буцаж яваа ажилсаг хүмүүсийг биширч явлаа. Харин хүрэн зүрхийг хөгжим мэт уяраасан нэгэн үйл явдлыг сурвалжилж явахдаа, "Саахалт хүний санаа нэг, айл хүний амь нь нэг" гэдэг ардын цэцэн үгний жинхэнэ утга учрыг ухаарч явлаа. Одоо энэ талаар та бүхэндээ өгүүлье. ӨМӨЗР-ны дарга асан ноён Ян Жин хэдэн жилийн өмнө Монгол улсад айлчлахдаа, монголын 10 өнчин хүүхдийг үнэ төлбөргүйгээр ӨМ-д суралцуулахаар тохиролцсон байна. Үүнийг Эрээн хотын засгийн газар хариуцан гүйцэтгэж, уг 10 өнчин хүүхэд Эрээн хотод ирж 3 жил сураад өнөөдөр 9 хүүхэд нь ӨМ-ын их дээд сургуулиудад элсэн орж, сурч байна. Ангир бага насандаа аав ээжээсээ салж, амьдралын хатуу хөтүүг дэндүү эрт амссан хөөрхөн жаалуудыг халуун элгэндээ бүүвэйлж, өрөөлийн үр бус өөрийн үр хэмээн хайрласан сүү шиг сайхан сэтгэлд уярав, бид. Их сургуулийн алтан босгыг алхуулж өгсөн ачтан буянтан бүхэнд талархав
|