Хятадын баруун хойд нутгийн Шань-ши мужийн Лүэчуань шянь\шянь нь Монгол улсын сумтай зэрэгцэх засаг захиргааны нэгж\ бол амтат сайхан алим жимсээр элбэг баян нутаг юм. Алтан намрын аравдугаар сар алим хураадаг ид үе. Жимсний цэцэрлэгт хүрээлэнг холбосон дардан замаар явахад анхилам сайхан үнэр сэнхийж, мөчир дүүрэн боловсорч гүйцсэн алим улайж харагдана. Замын хажуугийн нэгэн жимсний цэцэрлэгт Ван өвгөн хүү, бэртэйгээ алим хурааж баяр хөөртэй хөдөлмөрлөж байна.
"Алим тун үр өгөөжтэй жимс, бас өндөр үнэд хүрнэ. Өнөөдөр манай амьдрал дээшилж, бидэнд зурагт, хөргөгч, утас, гар утас гээд бүгд бий" гэж Ван өвгөн их баяртай ярьж байлаа.
Лүэчуань нь шар хөрст өндөрлөгт оршиж, хуурай уур амьсгалтай тул эндхийн тариачид үеийн үедээ тэнгэрийн царай харж газар тариалан эрхлэн ядуу зүдүүхэн амьдарч иржээ. Гэсэн хэдий ч тариачид гэрийнхээ ар өврийн сул газартаа цөөн хэдэн алимын мод тарьж ирсэн уламжлалтай.
Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж, газар тариалангийн аж ахуй зах зээлийн эдийн засагт шилжсэнээр Лүэчуаний амтлаг сайхан улаан алим зах зээлд борлуулалт сайтай болжээ. Орон нутгийн засгийн газар уламжлалт хөдөө аж ахуйн хуучин хэлбэрийг өөрчлөх талаар эрэл хайгуул хийж, байгалийн нөхцөл байдалтай зохицуулан уялдуулсан хөнгөлөлттэй олон бодлого гаргаж, бүх гацааны хэмжээнд тариачдын алим тарих явдлыг дэмжин урамшуулж, алимны мод тарьж жимсний үйлдвэрлэлийг ихээхэн хөгжүүлсэн байна. Тэр үеэс эхлэн Ван өвгөнийх хэсэг тариан газартаа жимсний мод тарьжээ. Ойрын хэдэн жилд арвин ургац хурааж, борлуулалт сайн байгаа тул тэдний амьдрал чинээлэг болж, шинэ байшин барьж, бас мотоцикл авчээ.
Алимны үйлдвэрлэлийн удирдах газрын орлогч дарга Ян Жифэн хэлэхдээ: "Манай гацааны алим яагаад ургац арвин, чанар сайтай байдаг вэ гэвэл, манай нутгийн хөрс шороотой холбоотой юм. Лүэчуань далайн төвшнөөс дунджаар 1100 метрийн өндөрт оршиж, хөрсний дундаж гүний хэмжээ 140 метр, жилийн дундаж дулааны хэмжээ 9.2 хэм, жилийн хур борооны хэмжээ 622 мм, цан хяруу унахгүй хугацаа 170 хоног үргэлжилдэг зэрэг онцлог нь алимны ургалтад зохицсон байдаг. 1974 онд Хятадын хэмжээний гадаадад экспортлох алим шалгаруулалтад манай Лүэчуаний Хүн шин алим их нэрд гарч, Америкийн нэр алдартай Түэ гүо алимаас илүү амтлаг, чанар сайн, удаан хадгалж болох зэрэг олон давуу талаа харуулж чадсан" гэж сонирхуулсан юм.
Үүний зэрэгцээ орон нутгийн засгийн газар нь тариачдын орлогыг нэмэгдүүлэх талаар, олон талын хөнгөлөлттэй арга хэмжээ авсан байна. Янь-ань хотын намын хорооны холбогдох албаны эрхлэгч Жан Жянь-рү энэ тухай ярихдаа: "Өнөөдөр алим жимс тарьж байгаа тариачдаас ямар ч хураамж авдаггүй, алим зарж борлуулсан бүх орлогоо тариачид өөрсдөө авна. Засгийн газраас тариачдын жимсний цэцэрлэг хүртэл авто зам тавьж, тариачдын чөлөөт цагаар Хөдөө аж ахуй, Ой аж ахуйн их сургуулиас мэргэжилтэн урьж, газар дээр нь үнэ төлбөргүй сургалт явуулдаг" гэж танилцуулсан юм.
Лүэчуань нь алим жимсний үйлдвэрлэл түлхүү эрхэлдэг болохоор бусад аж үйлдвэр бараг байхгүй, энэ газрын тариачдын орлогын 95 хувийг алимын тариалангаасаа олдог байна. Баримтаас үзвэл, уг шяний тариачин нэг бүрд оногдох жимсний цэцэрлэгийн талбай 0.2 га байдаг нь бүх Хятадад ч эхний байрт ордог юм байна. Тариачид ингэж алим тарих болсноор амьдрал нь жилээс жилд сайжран дэгжирч, алим жимсний үйлдвэрлэл улам хөгжиж, олон ажлын байр бий болж, ойр хавийн муж, районоос ажил хайгчид ихээр ирэх болжээ.
Өнөөдөр Лүэчуаний 42 мянга гаруй га тариан талбайн 33 мянга гаруй га газарт нь алим тарьж байна. Тус шяний бусад олон салбарынхан алим жимсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чанартай сайн үйлчилгээ үзүүлж, авто зам тавьж, ус, цахилгааны хангамжийг эрчимжүүлж байна. Иргэдийн дунд "Баян чинээлэг амьдаръя гэвэл урьдаар зам тавих хэрэгтэй" гэсэн үг байдаг. Энэ нь зам харилцаа сайн байвал бүтээгдэхүүнээ борлуулж мөнгөтэй болно гэсэн үг юм. Тиймээс тус гацааны засгийн газар хамтран хөрөнгө мөнгө гаргаж, айл өрх бүрийн жимсний цэцэрлэг хүртэл авто зам тавьжээ. Энэ дардан замаар Лүэ-чуанийхан алимаа дотоодын олон муж газар борлуулдаг болсон төдийгүй хилийн чанадад Орос, Канад, Тайланд, Англи, зэрэг 20 гаруй улс оронд борлуулдаг болжээ.
Лүэчуаний иргэдийн дунд дэлгэрсэн "Баян чинээлэг амьдаръя гэвэл урьдаар зам тавих хэрэгтэй" гэсэн үг өнөөдөр "Баян чинээлэг амьдаръя гэвэл урьдаар интернетийн сүлжээнд холбогдох хэрэгтэй" гэсэн үг болж хувирчээ. Одоо жимсний тариаланчид алим жимсээ сүлжээнээс мэдээ мэдээлэл авч борлуулах болсон байна. Интернетийн сүлжээний Google -ээр "Лүэчуань пингүо"гэж дарвал "Лүэчуаний жинь тү ди пин гүо буюу Лүэчуаний шижир алтан хөрсний алим" гэсэн веб сайт нээгдэх болно. Уг веб сайт нь тариачдын сонирхлыг нь их татаж байна. Тариачид эндээс мэдээлэл авч алимаа дотоодын олон газар болон дэлхийн улс орнуудад борлуулж байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|