Шар хулгана жилээ амжилт дүүрэн үдэж, шар үхэр жилээ өлзийтэй сайхан угтсан Өвөр Монголын Баян-нуур хотын Монголчууд дэлхийн олон газрын Монгол ах дү нартай нэгэн адил төрөл садангаараа золгон найрлаж, сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв. Нийгэм эдийн засгийн хөгжилд амьдралын сайханыг эдэлж байгаа Баян-нуурын хүмүүсийн сар шинээ тэмдэглэх ёс заншилд ч шинэ сайхан өнгө түрэхтэй болж байна.
Хотын Монголчууд монгол дээлтэй золгож байна
Шинийн нэгний өглөө Баян-нуурын сонины Монгол редакцын залуучууд товлосон ёсоор монгол дээл, монгол гутал өмсөж, хаш манух хөөрөг солилцон тамхилж, ахмад настай хүмүүстэйгээ сар шинийн золголт хийлээ. Ийм олон Монгол дээлтэй монголчуудыг харсан хүмүүс шохоорхон гайхаж, сайхан шинэлж байна уу ? Ямар арга хэмжээ болсон бэ ? Гэж асуухад, шинийн золголт хийхээр явж байна гэж хариулж байлаа. Та нарын хувцас засал ямар гоё юм бэ ? Их үнэтэй байхаа ? гэж хүмүүс шагширч байлаа. Залуучууд өөрийн эрхгүй бахархал төрж, баяр жаргал сэтгэл дотроос нь хөвөрч байлаа.
Ахмад буурлууд Монгол ёс заншлаараа угтан авч, хөөрөг хадаг солин хүндийн ёсоор золголцож байлаа. "Монголчууд дээлээ өмсөхөөр ямар гоё юм бэ ? Ирэх жил бид нар ч өмсөнө гэж үзсэн харсан Монголчууд хэлж байлаа. Хөөрөг хадаг солих, мөргөж сөхрөн золгох, бэлэг дэвшүүлэн сархад барих, тэнгэрт мөргөх, мөр гаргах .... зэрэг олон сайхан уламжлалт ёс заншлаа бид ахмад буурлуудаараа заалгаж сурсан бөгөөд Урад нутагт яаж шинэлдэг, Ордосчууд яаж цагаалдаг, Алшаа нутгийн сар шинийн ёс заншил ямар байгааг хуучлаад мартагдаж орхигдсон Монгол ёст заншлаа мэдэж сонссон билээ.
Хөдөө шинэлэх гэгч нэг ёсны жаргал
Хотод ажиллаж амьдарч байгаа Монголчуудад авч хэлбэл хөдөө нутагтаа харьж шинэлэх нь нэг ёсны жаргал юм даа. "Цэвэр цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалахад хот газар тагширч битүүрсэн бие сэтгэл ариусан тайвшрах болох бөгөөд хотондоо намуухан хивж хэвтэх хонь ямаа, уяан дээр эргэлдэх морь тэмээ, хулангаас суунаглан тунарах цэнхэр утаа .... энэ бүхэн Монгол нутгийн маань энх тогтуун байдлыг бэлгэдэн зураг шиг гоё харагдана шүү" гэж ар гэртээ шинэлээд ирсэн найзууд ярина. Аав ээж төрөл садандаа шинэлж золгохоор хөдөөдөө харьсан хотын Монголчууд маань хөдөө нутгийн намжуу тайван, хөгжил хувиралтыг хараад баярлан догдлох бөгөөд жил цагаан сараар өвгөд хөгшдөө хүндлэн дээдлэх, үр хүүхдээ хайрлан харгалзах, өнгөрсөн жилийн алдсан оносноо эргэн санаж, шинэ жилийн төсөв төлөвлөгөөгөө зохиох зэрэг сайн сайхан хэв суртал дэлгэрч, архи ууж зодоон нүдээн хийх, мөрийтэй наадам наадах, гансруулах бодис хэрэглэн танхайрах зэрэг бүдүүлэг муухай суртал арчигдан арилж байна гэж хуучлав.
Аялал жуулчлалаар шинэлэх шинэ арга хэлбэр
"Хөх-өндрийн нүүдлийн малчин Отгонсоо Бээжинд ажиллаж байгаа охинтойгоо нисэх онгоцоор Шанхай, Ханжөү, Сүжөү орч тойрон шинэлж байна гэнэ" гэсэн сайхан яриа малчдын дунд яригдаж байлаа. Ордост байгаа найз маань ч ам бүл тавуулаа Японд явж шинэлжээ. Сар шинийн баяраар малчид маань ийм аялал жуулчлал хийж шинэлэх шинэ хэлбэрийг сонгож, харь газар явж, нүд тайлдаг болжээ. Цаг төрийн сайнд хаад ноёдоос илүү жаргалыг харч ард эдлэх болсон нь юутай баяр, юутай завшаан билээ ?
|