Гадаадад сонгон шалгаруулах журмын дагуу Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухааны яам тус улсын элчин сайдын яамдуудтай хамтран жил бүрийн 10-12, 2-6 дугаар сарын хооронд зохион байгуулагддаг. Шалгалтын тухай мэдээллийг оюутан та бүхэн БСШУЯ-ны 263449 дугаарын утас болон , Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.goү.mn/)-ын "мэдээлэл" гэсэн хэсгийн "гадаадад суралцахыг хүсэгчдэд" зориулсан булангаас уншиж болно.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 25 бакалаврын оюутан, 30 мэргэжил дээшлүүлэгчийг тус тус сонгон шалгаруулж суралцуулдаг байна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон Хятадын талтай зөвшилцсөний дагуу БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 40 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, 2000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Мэргэжил дээшлүүлэх хүмүүсийг шалгалтад бакалавраас доошгүй боловсролтой (сургалтын голч дүн нь 3.25-аас дээш байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
БНХАУ-ын Боловсролын яамны мэдэгдлийн дагуу Хятадын их, дээд сургуульд суралцах болон мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулах тул бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Элчин сайдын яаманд хүлээлгэж өгнө. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.
Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсийг математикийн шалгалтад оруулж, хамгийн өндөр оноо авсан 50 хүнээс ярилцлага авна.
Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан 60 хүнийг ярилцлагад оруулна.
Монгол улсын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцсан хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ, мэргэжил дээшлүүлэх хүмүүс нь иргэний үнэмлэх, дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, бүтээлийнхээ дээжийг эх хувиар нь болон хуулбарыг бүрдүүлнэ.
Инженер, технологи, байгалийн шинжлэлийн чиглэлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтад давуу эрх эдэлнэ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, тухайн хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлна. (Ирэлт: Монгол Улсын БСШУ-ы яамны вэб сайт)
|